sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцсон Камбож улсын Зэвсэгт хүчний хошууч Тоуч Нариныг урьж ярилцлаа.
 
Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Намайг хошууч Тоуч Нарин гэдэг. Эх орныхоо өмнө үнэнч байх тангараг өргөөд 10 жил болсон. Миний хувьд цэргийн амьдралыг сонгосноор өөртөө олон боломжийг нээж өгсөн гэж боддог.
 
Тухайлбал ...
 
-Хамгийн энгийн жишээ нь “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцох боломж юм. Камбож улсын Пномпень хотод амьдардаг энгийн нэг хүний хувьд энэ сургуульд оролцож, олон орны цэргийн алба хаагчидтай хамтран ажиллаж, бие биеэсээ суралцаад зогсохгүй найз нөхөд болж байгаа нь миний амьдралын хувьд хэзээ ч мартагдашгүй үйл явдал.
 
Яагаад цэргийн албыг сонгох болсон бэ?
 
-Миний аав Камбож улсын Зэвсэгт хүчинд 35 жил алба хаасан офицер. Тиймээс хүүхэд насны минь дурсамжууд цэргийн албатай салшгүй холбоотой байсан. Аав маань төрийн сүлдтэй малгайгаа өмсөөд гарахад найзууд минь сүрдсэн, бахархсан харцаар хардаг нь миний сэтгэлд одоо ч тод үлджээ. Энэ нь намайг цэргийн хүн болох шийдвэр гаргахад хамгийн том урам зоригийг өгсөн. Мөн би айлын ууган хүүхэд, нэг эмэгтэй дүүтэй. Тиймээс эцэг, эх хоёртоо аль болох дарамт болохгүйгээр өөрийнхөө амьдралыг авч явахад хамгийн тохиромжтой нь цэргийн алба байсан. Тэрчлэн хувь хүн өөрийгөө бие бялдар, оюун санааны хувьд хөгжүүлж, өв тэгш бие хүн болон төлөвшихөд цэргийн алба хамгийн үр дүнтэй гэж би боддог.
 
Зэвсэгт хүчинд алба хаахын хамгийн сайхан нь ...
 
-Нэгдүгээрт, энэ бол бахархалтай алба. Эх орныхоо өмнө тангараг өргөөд, төрийнхөө бэлгэдэл болсон цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдэг тэр бүр олдоод байхгүй нэр хүнд, бахархлыг шууд өгдөг онцлогтой. Хоёрдугаарт, цэргийн алба хаагч болсноор эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн улс орнуудаар явж, бусад орны цэргийн алба хаагчидтай хамтран мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгээд зогсохгүй даян дэлхийн энхийн үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг ховорхон олдох боломж юм.
 
Хэдэн улсад үүрэг гүйцэтгэж байсан бэ?
 
-Эх орон, Зэвсэгт хүчнийхээ өгсөн үүрэг даалгаврын дагуу дэлхийн 10 орчим оронд сургалт, дамжаанд оролцож байсан. Харин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012, 2014, 2015, 2018 онд буюу дөрвөн удаа үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд 2017-2018 онд БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” ажиллагаанд “Цэргийн цагдаагийн бүлэг”-ийн даргаар ажилласан.
 
Монгол цэргүүдтэй хамтран ажиллаж байсан уу?
 
-Мэдээж ажилласан. Учир нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монголчуудын үүрэг, оролцоо маш их байдаг. Сүүлийн үүрэг гүйцэтгэсэн газарт манай “Цэргийн цагдаагийн бүлэг”-ийн амралтын байр нь БНӨСУ-ын Бентью хот дах Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны “Хубилай” баазад байрлаж байсан. Тиймээс өдөр тутам Монголын цэргийн алба хаагчидтай хамтран ажиллаж, ойр дотно нөхөрлөөд зогсохгүй ажиллагааны газар оронд тэднээс олон зүйлийг сурсан.
 
Өмнөд Суданд хамтран үүрэг гүйцэтгэсэн найзуудтайгаа энд ирээд уулзсан уу?
 
-Дэлхий хэдийгээр өргөн уудам, хүн ам маш олон ч уулзах учиртай хүмүүс заавал уулздаг гэдэг шиг “Хубилай” баазад бүтэн нэг жилийн турш хамтран ажилласан найз нартайгаа уулзсан. Энэ бол миний амьдралд тохиосон ховор үйл явдлуудын нэг байлаа. Би тэдэнтэйгээ энд уулзана гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Энэ бол цэргийн хүн болсны бас нэгэн жаргал юм даа. Монгол найзууд маань “Хааны эрэлд-2019” сургуульд янз бүрийн түвшинд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгааг харах сайхан байна.
 
Та Монголын цэргийн алба хаагчдын онцлогийг юу гэж бодож байна?
 
-Монгол цэргүүдтэй өмнө нь нэг талбарт хамтран ажиллаж байсан учир тэднийг би өөрийнхөө хэмжээнд сайн мэддэг гэж бодож байна. Юуны өмнө монгол хүний нөхөрсөг, найрсаг зан чанарыг дурдах нь зүйтэй болов уу. Анх намайг “Хубилай” баазад юугаа ч мэдэхгүй хөл тавихад монголчууд элэгсэг дотноор угтан авч, байрлаж, төвхнөхөөс эхлээд ажиллагааны газар оронтой дасах хүртэлх сар гаруй хугацаанд маш их тус болж байсныг юугаар ч үнэлэхийн аргагүй. Харь орны өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй цэрэгтэй элэг нэгтэн шиг харилцаж, хүндэлж байсан нь надад одоо ч тодхон санагдаж байна. Дараагийн хэлэх зүйл нь мэдээж тэдний мэргэжлийн түвшинд үүрэг гүйцэтгэх чадвар юм. Монгол Улс бол халуун уур амьсгалтай газар биш. Харин ч өвөлдөө -40 хэм хүрдэг дэлхийн хүйтэн цаг уурын бүслүүрт багтдаг улс. Гэтэл Африкийн тэр их халуунд ямар ч африк цэргээс илүү их тэвчээр гаргаж, хантааз, буу, дуулгатайгаа өдөржин үүрэг гүйцэтгэж чаддаг цэргүүд монголчуудаас өөр байхгүй бодож байна. Тэд үнэхээр тэвчээртэй бөгөөд өөрсдийн албандаа үнэнчээр зүтгэж чаддаг нь гайхалтай. Монголчууд Өмнөд Судан улсад ямар их нэр хүндтэйг магадгүй тэнд очсон хүн л мэдэж чадах байх. Орон нутгийн иргэдийн хувьд ч гэсэн үргэлж монголчуудын талаар магтан ярилцаж байдаг. Ийм магтаалыг сүүлдээ сонссоор байгаад залхсан шүү.
 
Бэсрэг наадам үзлээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
 
-Би өмнө нь бөхийн барилдаан, нум сум харвахыг харж байсан. Өөрөөр хэлбэл “Хубилай” баазад байрлаж байсан монголчуудтай хамт наадаж байлаа. Миний хувьд үнэхээр сонин санагдсан зүйл нь монголчуудын үндэсний бөх байсан. Хачин жигтэй гэмээр хувцас өмсөхөөс гадна өрсөлдөгчдийн хооронд ямар ч жингийн ялгаа байдаггүй нь намайг үнэхээр гайхшируулсан. Тэгсэн ч өөрөөсөө бараг хоёр дахин их жинтэй өрсөлдөгчөө хэдхэн хормын дотор ялж байгаа нь үнэхээр сонирхолтой. Яг л түүн шиг явдал саяны “Хааны эрэлд” сургуулийн үеэр зохиогдсон бэсрэг наадмын үеэр боллоо. Том биетэй, жин ихтэй байлаа гээд өрсөлдөгчөө дийлдэггүй, уран ухаан, авхаалж самбаагаар өрсөлдөгчөө ялж болдгийг танай үндэсний спорт надад харууллаа. Бас хурдан морьдын уралдааныг үзээд гайхширсан. Тийм жаахан хүүхдүүд морь унаж давхихыг хараад үнэхээр л морьтон монголчууд юм даа гэж бодогдсон. Уулзах ёстой хүмүүс заавал уулздаг гэж би өмнө нь хэлсэнчлэн Монголчуудтайгаа дахин уулзана гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн сайхан наадаарай.
 
 
Ахлах дэслэгч Э.ОЧХҮҮ
Эх сурвалж: "Соёмбо" сонин