sonin.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо гэж улс орноо самарсан, Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн бүтэц гарч ирлээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг баасан гарагт хэлэлцэж эхэлсэн ч ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Сандаг-Очир хуралдаан даргалж хуулийг уландаа гишгэв. Энэ хүн өөрөө Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, тэрийгээ баатарлагаар мэдээлсэн хэрнээ хуралдаан даргалаад, өөртэй нь ашиг сонирхол нэгтэй гишүүдээр дэг зөрчиж баахан уянгын халил болгож, уйлуулж хайлуулж жүжиг тавьсан.


Даваа гарагт 11:00 цагт товлосон хуралдаан бас л хойшиллоо. Хамгийн инээдтэй нь Ерөнхий сайдыг огцруулмаар байна гэж гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө хуралдаанд ирсэнгүй. Мэл гайхав. Огцруулмаар байгаа юм уу, үгүй юм уу.


Хуралдаанд ирэхгүй байгааг харахаар огцруулмааргүй байгаа ч юм шиг. Захиалагчаасаа чиглэл хүлээгээд замдаа гацав уу. Өөрийн гэсэн толгойгүй ийм амьгүй албатуудаар УИХ-ыг, Төрийн байгуулалтын байнгын хороог дүүргэсэн нь эмгэнэл. Ц.Сандаг-Очир гишүүн хуралдааныг бойкотолж байна гэдгийг өөрийн амаар хэлчихлээ. Ийм эргүү байж болох уу.


Ерөнхий сайдыг огцруулмааргүй байгаа бол ажлыг нь хийлгэ. Гишүүд дарамт шахалт ирээд байгаа тухай цөөнгүй ярьсан. Тэрхүү дарамт шахалт “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зур” гэдэг байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас ирсэн нь өнөөдөр нотлогдчихлоо.


Парламентын спикер нь улс төрийн намаас түдгэлздэг нийтлэг жишиг дэлхийд мөрдөгдөж байхад Монголд УИХ-ын дарга нь МАН-ын дарга болох гэж чичрэхдээ УИХ, Засгийн газар, төр засаг, цаашлаад бүр Монголыг самарч байдаг шүү. Ерөнхий сайдыг огцруулна гэчихээд өөрсдөө оргон зайлна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ?