sonin.mn
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсан. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгаа юм. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэхээр болсон.
 
Тэгвэл Сайншандаас Алтанширээ дэх Нефтийн үйлдвэр хүрэх 27 км төмөр замаар  анхны зорчигчдоо тээвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговийн Алтанширээ суманд барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд энэхүү  төмөр зам баригдсан юм. Үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг энэ төмөр замаар зөөж эхлэх юм. “Жилийн өмнө эзгүй талд шан татаж байсан бол наймхан сарын дотор олон улсын  жишгээс гурав дахин хямд өртгөөр монголчууд өөрсдөө төмөр замаа бариад, анхны зорчигчдоо тээвэрлэж байна. Энэхүү бүтээн байгуулалт бол шинэ үеийн Монголын сэргэн мандалын эхлэл, өнөөдөр бол түүхэн өдөр гэж  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин