sonin.mn
Дотоод хэргийн их сургуульд элсэгчид долдугаар сард хичээлдээ ордог  онцлогтой. Шинэ сонсогчдын хувьд сургуульдаа тэнцэхээс илүү том даваа, тэсвэр тэвчээрийн шалгуур нь анхны карентин байдаг. Товчхондоо, тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын боловсон хүчин ямар босгоор алхан орж, хэрхэн бэлтгэгддэгийн жишиг, суурь төлөвшлийг хээрийн бэлтгэл тавьж өгдөг юм. Тэр ч утгаараа 18 настнууд аав, ээжийн халамжаас шууд цэргийн бэлтгэл хийхдээ шантарч, урамшиж, зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хатуужлыг хамтдаа олж авснаараа армийн мөнхийн нөхөрлөл карентинаас эхэлдэг гэдэг.Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойд хээрийн бэлтгэлд гараад бууж буй сонсогчид ч үүнийг бие сэтгэлээрээ мэдэрснээ хэлж байв. Тэд хамт унтана, босно, хооллоно, бэлтгэл сургуулилт хийнэ. Шантарсан нэгнээ урамшуулж, жаргал зовлонгоо хуваалцана гээд 30 хоногт бараг “нэг” хүн болсон тухайгаа “Төрсөн гэрээсээ гараад анхны нөхөрлөлийг эндээс л олж авсан. Үүнээс хойш хаана ч явсан хамтдаа” хэмээн ихэд дотно байдгаа хуучилж байв.
Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ирээдүйн супер офицеруудыг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хээрийн сургуульд бид саатсан юм. Биднийг очиход 30 хоногийн хугацаанд шинэ “шинелээ” гандтал бэлтгэл сургуулилт хийсэн охид, хөвгүүд тангарагийн баяртаа бэлтгээд тун завгүй байв. Арга ч үгүй бүтэн сарын хугацаанд хийсэн бүтээсэн, сурсан мэдсэнээ гэр бүл, багш, хамт олондоо тайлагнах хариуцлагатай өдөр иржээ. Сонсогчдод олгож буй ур чадварын талаар ДХИС-ийн Цэргийн алба, зохион байгуулалт, тусгай факультетын дарга, штабын дарга, дэд хурандаа М.Мэнд-Амар “Сургалтын хөтөлбөрт онол гэхээс илүү практик  давамгайлдаг. Ирээдүйд цагдаа, офицер, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болж энэ сургуулийг төгсөөд гарсан оюутнууд монголын нийгмийн  хүнд хэцүү болгонтой ажиллах учраас суурь сургалт хүндрүүлсэн нөхцөлд явагддаг. Мөн бие бялдарын сургалтууд түлхүү хичээллэж байна. Үндсэндээ цэргийн, галын, онол эрх зүй, сэтгэлзүй, гардан тулаан гэсэн хичээлийг 30 хоногийн хугацаанд зааж дуусгалаа. Сургалтын гол зарчим бол хүнлэг, багаар ажиллах чадвартай, бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл олгох юм. Манай оюутнууд зөвхөн нэгдүгээр курсдээ карентинд байрлаж сургалтад хамрагддаг байсан бол нэг, хоёрдугаар курсдээ байрлаж суралцдаг болж байна. Төрийн цэргийн байгууллага хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа алба хаагч нар  хуулийн мэдлэгтэй байх ёстой. Тиймээс сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж цагдаагийн алба эрх зүй, хилийн цэрэг эрх зүй гэсэн бүрэлдэхүүн сургуулийн төгсөгчид  хос мэргэжилтэй төгсч байгаа. Мөн өнгөрсөн жилээс гадаад хэлний  сургуультай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн” гэлээ.
 
 
 
Харин сонсогчдод бие бялдар, сэтгэлзүй, төлөвшлөөс эхлээд цэргийн эрдмийн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэхийн тулд хээрийн бэлтгэлийн үеэр 200 гаруй цагийн хичээл ордог талаар  ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, тусгай факультетийн цэргийн албын зохион байгуулалт  хариуцсан ахлах офицер ахмад Э.Хосбаяр бидэнд танилцууллаа. Тэрээр “Энэ жил ерөнхий цэргийн болон гардан тулаан,  бие хамгаалах урлагийн хичээлүүд нэмэгдэж хөтөлбөр сургалт гээд 200 гаруй цагийн хичээл орж байна. Түүнээс гадна ЕБС төгсөөд шууд орж ирдэг учраас  цэргийн захирах, захирагдах ёсыг бага багаар зааж эхэлдэг.
 
Бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл болгож гурав, тав, долоо, 10 км-ийн марш, тусгай цогцолбор бэлтгэлийн тэмцээн зохион байгуулагдаж дууссан. Мөн дээр нь 25 км-ийн явган маршид гүйсэн. Энэ жил анх удаагаа “Ээждээ бичих захидлын уралдаан” зарласан. Сонсогчид идэвхтэй оролцож наймдугаар сарын 11-ний өдөр болсон “Нээлттэй хаалганы өдөр”-т ирсэн ээжүүдэд захидлыг ямар ч засваргүйгээр гардуулан өгсөн. Эцэг эхчүүд өндөр сэтгэгдэлтэй буцсан” гэлээ.
 
Энэ жилийн хувьд 20 хувь нь эмэгтэй сонсогч байгаа бол хээрийн бэлтгэлийг хөвгүүдээс ялгарахгүйгээр хамтдаа хийдэг гэнэ. Сонсогчид өглөө 06:00 цагт босч  гүйлт, гимнастик, жагсаалын үзлэгтээ орж өдөрт дөрвөн цагийн хичээл, хоёр цагийн дадлага хийгээд оройн 22:00 цагт амардаг юм байна. Харин амралтын хоёр өдөр соёл, олон нийтийн ажил, спорт урлагийн тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулдаг. Хээрийн бэлтгэлийн үеэр сонсогчдод шантрах тохиолдол гарах уу гэхэд ахмад Э.Хосбаяр “Зарим жил сургалтын явцад шантарч болих тохиолдол суралцагчдийн дунд гардаг. Мэргэжлээ буруу сонгосон, өөрийн хүсэл сонирхол биш байснаас шалтгаалах тохиолдол бий. Энэ жил дөрвөн хүүхэд өөрсдийн хүсэлтээр буцсан. Цаг агаар сэрүүн, орчны хувьд налуу байрлалтайгаас хамаарч сонсогчдын хөл бэртэх, эвгүй гишгэх асуудал хааяа гардаг учраас эрүүл мэндийн төвөөс гурван эмч, гурван сувилагч ээлжээр ажиллаж байна гэлээ.
Гүнжийн хоолойд 2014 оноос хээрийн бэлтгэл хийж эхлэхдээ майхан, задгай талбайд сургалт явуулдаг байсан бол одоо орчин нөхцөл огт өөр болж нэг дор 40 гаруй сонсогч байрлах контейнер байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хоолны асар, бэлтгэлийн талбай гээд багагүй тохижуулжээ. Мөн мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж буйгаараа онцлогтой.
 
 
Сонсогчдыг өдрийн хоолондоо орох үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.
 
Увс аймгаас ирсэн сонсогч А.Содбилэг “Цагдаа, эрхзүйч мэргэжлээр суралцахаар элсч орж ирсэн. Өөрийн хүсэл мөрөөдлөөр ирсэн учраас шантраад байхаар зүйл огт байсангүй. Энд өнгөрүүлсэн бүх мөчүүд сайхан дурсамж болж үлдэнэ. Өглөө бүр гүйх, хоолондоо орох, 25 км-ын марш зэрэг бүх зүйл маш их таалагдаж байгаа. Мөн хором бүр хамт байгаа учраас хээрийн бэлтгэлд гарч буй 300 гаруй хүүхдүүдтэй бүгдтэй нь найзууд боллоо. ЕБС-д сурч байхдаа “Дөл” цэргийн тэмцээнд гурван удаа оролцож амжилт гаргаж байсан юм. Тэр үеэс хойш цэргийн хүн ямар байх ёстой талаар мэдэж авсан. Ээждээ бичсэн захидалдаа “Хүү нь цэргийн албанд ороод эх орны хүү боллоо гэж бичээд уншиж өгөхөд сэтгэл нь их хөдөлсөн” гэв. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн  Д.Маралмаа “Олон зүйлийг сурч мэдэж авлаа. Багш нарынхаа заасыг дагаад хичээгээд хийхэд  шантрах зүйл огт гарсангүй. Хувь хүн өөрөөс нь бүх зүйл шалтгаалдаг. Миний хувьд багаасаа цэргийн хүн болохыг мөрөөдөж зорилгодоо хүрлээ. Үүнээс хойш юу болсон шантрахгүй. ДХИС-д Онцгой байдал, гамшгаас хамгаалах ангид суралцахаар орж ирсэн. Монгол Улсынхаа төлөө, иргэдийг гамшгаас хамгаалах, бусдын төлөө явна гэж бодохоор гоё санагддаг” гэсэн юм.
Сонсогчдын тангарагийн баяр өчигдөр болж тэд хээрийн бэлтгэлээ амжилттай дуусгалаа. Харин шинэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн жинхэнэ сайн офицер болохдоо шамдан суралцах болно.
 
 
О.Уранбилэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин