"Тус" төвийн тэргүүн С.Чулуунбаатартай хүүхэдтэй ажилладаг арга барилынх нь талаар товчхон хөөрөлдлөө

Таны хийж бүтээснийг харахад үнэхээр их юм. Ер нь буян гэж юуг хэлэх вэ?

-Баярлалаа. 90-ээд оны үед манай нийгэм хүндхэн байлаа шүү дээ. Тэр үед гудамжны гэгдэх хүүхдүүдэд санаа зовж тэдэнд амьдрах ухаан суулгах хэрэгтэй юм бодож энэхүү төрийн бус байгууллагаа анх байгуулж байсан. Ер нь нэг хүнээс авсан зүйлээ нөгөө хүнд өгөхдөө талыг нь аваад үлдэгдлийг нь өгөхийг хэлэхгүй.

 

Буян гэдэг нь өөрсдийн хийж бүтээсэн зүйлээсээ илүү гаргаж түүнийгээ хуваалцах чанарыг хэлэх болов уу. Бид “бусдын хөрөнгөөр буян хийхгүй” гэсэн зарчмыг баримталдаг. Хамт олныхоо хүчээр эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө бусад    төрийн     бус байгууллагуудаас арай өөр зарчмаар хийж, хөгжүүлж ирснийг дээрх үзүүлэлтээс та бүхэн харж болно.



-Хүүхдийн гэх тодотголтой юм үгүй болсон өнөө үед зуслан, сувилал ажиллуулахад эцэг эх, хүүхдүүд хэр сэтгэгдэлтэй байна?

-Манай монголчууд зургаанхан настай хүүхдийг сургуульд оруулж, гүнзгийрүүлсэн сургалтуудыг явуулж, мөн эцэг эх нь миний хүүхэд элит байх ёстой хэмээн янз бүрийн зүйлээр балчир хүүхдийн оюун санаа руу хүчтэй довтолж хүүхдийг мэдрэлийн сульдаа өвчтэй болгож байна. Бидний судалгаагаар 100 хүүхэд тутмын 35 нь сульдаатай, 40 хувь нь суурь өвчтэй гэж гарсан.

 

Энэ нь улс эх орноо авч явах ирээдүйн эздийн эрүүл мэндэд анхаарах цаг болсныг харуулж байна. Иймд бид хүүхэд эрүүл байх ёстой гэж үзээд нар ус агаараар чийрэгжүүлэх зорилгоор нэг ээлжиндээ 130 хүүхэд хүлээн авах зуслан байгуулсан. Англи хэл, математикийн хичээлийн давталтгай бусад зуны зуслангаас өөрөөр Монгол уламжлалт аргаар Хараа голын эрэг дээр байгалийн үзэсгэлэнтэй газар малын зүс нүдлүүлэх,

 

Монгол гэрийн эд хогшилтой танилцуулах, сүү цагаан идээ боловсруулах, Монгол наадгайгаар тоглуулах, ногоо тарих зэрэг Монгол ёс заншилаас хүүхдэд зааж сургахаас гадна нар, ус агаарт цагаан идээ, эх дэлхийн хөрсөнд ургасан ногоогоор хангаж амраадаг болсон нь хүүхдүүдийн маань сэтгэлд нийцэж байгаа.



Сүүлийн үед хүүхдийн төлөвшлийн талаар их ярих болсон. Таны бодол?

-Бусад МСҮТ-үүд мэргэжил олгох асуудлыг нэгдүгээрт тавьж хүүхдийн төлөвшлийн асуудлыг орхигдуулж байна. Тэгвэл бид хүүхдийнтөлөвшлийг нэгдүгээрт тавьдаг. Мэргэжилтэй ажилтан болж төгсөж байгаа хүүхдүүд ажил дээр гараад мэргэжлээрээ ажиллаж чадаж байгаа хэрнээ төлөвшиж чадаагүй байгаа нь амьдрал дээр харагдаж байна.

 

Жишээ нь, өглөө 9 цагт ирэх ёстой байтал 10 цагт очих, цалингаа буухаар ах нартай нийлээд архидах, нэг савтай будаг үлдэхэд манай хамт олон, манай байгууллагын юм гэсэн сэтгэлээр хандахгүй, хулгайлж авч гараад зарах зэрэг үйлдлүүдээрээ гадаадын хүмүүст ажлынхаа байрыг алдаж байна. Ийм учраас бид сургалтын хөтөлбөрт хичээлээс гадна бид “Хүн төлөвшлийн хичээл”-ийг оруулдаг.

 

Энэ хичээл дээр тухайлбал, МУГБ М.Цэрэнханд, Түвшинтөгс мөн Номин холдингийн зөвлөх МУ-ын Худалдааны гавьяат ажилтан Н.Шагдарсүрэн зэрэг Монголын алдартай хүмүүсээс урьж ирүүлэн ёс зүй, тэдний амьдралын түүх, хэрхэн алдарт хүрсэн, хичээл зүтгэл, амьдрахуйн утга учрыг танин мэдүүлж хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхааран ажиллаж байна.



-Хорин жил гэдэг багагүй хугацаа шүү?

-Тийм ээ. Бид энэ хугацаанд өөрсдийгөө санхүүжүүлж хөл дээрээ босох, нийгмийн доголдсон салбаруудад өөрсдийн дуу хоолой, үйл ажиллагааг хүргэсний үр дүнд 4, 5 салбартай болж үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болж чадсан. Энэ бүхэнд манай хамт олон, хүүхдүүдийн маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн юм. “Багш” сониноор дамжуулж хамт олондоо болон монголын мянга мянга багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачуудад төвийнхөө 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе

Эх сурвалж: "Багш"