ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 31 /DW/. Холбооны нөөцийн сангийн /ХНС/ захирал Жером Пауэллын бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусмагц АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан Кевин Уоршыг уг албан тушаалд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Уорш бол үнэхээр төгс хүн, та бүхний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй” гэсэн байна.
К.Уорш 2006-2011 онд ХНС-гийн удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд тус зөвлөлийн түүхэн дэх хамгийн залуу гишүүн /35 настай/ байв. Өмнө нь тэрбээр Morgan Stanley банкинд ажиллаж, Трампын эдийн засгийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байжээ.
Д.Трамп бодлогын хүүг дорвитой буулгахгүй байгаагийнх нь төлөө ХНС-гийн одоогийн тэргүүн Ж.Пауллыг хэдэнтээ шүүмжилсэн юм. Тавдугаар сард Ж.Пауэллын бүрэн эрхийн хугацаа дуусах боловч тэрбээр захирлуудын зөвлөлийн гишүүнээр 2028 оны нэгдүгээр сар хүртэл ажиллана. Харин Уоршыг ХНС-гийн тэргүүний албан тушаалд Сенат батлах ёстой.
Ж.Пауэлл нэгдүгээр сарын 11-нд мэдэгдэхдээ, өөрийг нь прокурорууд шалгаж эхэлснийг дурдаад “энэ бол мөнгө-зээлийн бодлогын хүрээнд миний гаргасан шийдвэрүүдээс үүдэн Д.Трамп надад дарамт шахалт үзүүлж буй хэрэг” гэжээ.
Харин Трамп энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн байна.
Пауэллыг шалгаж эхэлснийг Сенат дахь хоёр намын гишүүд хатуу шүүмжилж байгаа юм. Шалгах ажиллагаа дуусах хүртэл хэнийг ч ХНС-гийн захирлаар томилохгүй гэдгээ Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Том Тиллис мэдэгдсэн байна.
Б.Адъяахүү
Бямба - 01 сарын 31,
2026

Сэтгэгдэл1
ХНС гэгч бузар байгууллага НҮБ-ынхаа араас дампуурч алга болоосой. Америкийн засгийн газар америкийн татвар төлөгчдийн мөнгийг бузар ХНС аас зээлж авсан өрийн хүүг төлөхөд зарцуулдаг, америкийн татвар төлөгчдийн мөнгийг НҮБ-ын ажилчдын цалинг төлөхөд зарцуулдаг. ХНС нь америкийг өрөнд оруулдаг, НҮБ нь америкаас санхүүжилт татдаг аль аль нь хэрэгцээгүй байгууллага.