sonin.mn
ИБНАУ-д явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн цэргийн баг бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн шилдэг уламжлалыг дэлхийн бататган харуулсан дэд хурандаа Ц.Энхцогт захирагчтай цэргийн багийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип лүү нарын албаны хүмүүс угтан авч, баяр хүргэсэн юм.
 
Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Ц.Энхцогт Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан тухайгаа хамгийн эхэнд хошууч генерал Ж.Бадамбазарт илтгэв. Үүний дараа хошууч генерал Ж.Бадамбазар энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байгаа ч Монгол цэргийн ур чадвар, сонор сэрэмж, дайчин чанарыг харуулж үүргээ амжилттай биелүүлсэн та бүхнээрээ бахархаж байна. Цаашдаа ажиллагааны газар үүрэг гүйцэтгэхдээ хуримтлуулсан туршлагаа анги байгууллагадаа гаргаж ажиллаарай” хэмээн онцлоод эх орондоо байгаагүй цаг хугацаанд нь салбарт өрнөсөн томоохон үйл явдлын тухай товч мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр энхийг сахиулагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.
 
ӨМНӨХ ЦЭРГИЙН БАГУУДЫН АМЖИЛТЫГ БАТАТГАЖ ЧАДЛАА
 
Дэд хурандаа Ц.Энхцогт:
 
-Манай цэргийн баг АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран "Кабул" баазын аюулгүй байдлыг хангах үүргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс энэ сарын 14-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд гүйцэтгэж ажиллалаа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ажиллагааны газар оронд сонгуультай холбоотойгоор үе үе цагийн байдал хүндэрч байсан ч гэсэн бид хүлээсэн үүргээ ухамсарлан байнгын бэлэн байдлаа хангаж ажиллалаа. Манай цэргийн багийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлт, ур чадвар, сахилга батаараа тэргүүлэгч байсанд багийн нь захирагчийн хувьд баярлалаа гэдгээ залуустаа хэлье. Зургаан сар хэдий богино хугацаа юм шиг атлаа хүний газар хүний амь нас, эрүүл мэнд хариуцан ажиллаж байгаа учраас хүндтэй бөгөөд амаргүй үе байлаа. Өнөөдөр эх орон, Зэвсэгт хүчний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд ирсэн залуусаараа бахархаж байна. Манай цэргийн багийнхан өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсыг сурталчлах өдөрлөгийг ажиллагааны газар орондоо өргөн хэмжээнд зохион байгуулсан. Үндэсний өв соёл, зан заншил, монгол цэргийн үе үеийн бахархал түүхийн талаар таниулга хийсэн энэ арга хэмжээнд оролцсон дэлхийн орнуудын цэргийн алба хаагчид "Монгол Улс бол бидний заавал үзэх ёстой орон юм" гэж сэтгэгдлээ илэрхийлж байсан. Хамгийн чухал нь манай залуус атгасан гар шиг байж, өмнөх цэргийн багуудын амжилт, ололтыг бататган, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлсэн явдал юм. Манай цэргийн багийн 40 гаруй хүртэлх хувь нь анх удаа ажиллагааны газар оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэлээ.
 
Дэд ахлагч М.Одбаяр (Зэвсэгт хүчний 325 дугаар анги):
 
-Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байна. Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэхэд маань туслаж, дэмжсэн удирдлага, хамт олондоо баярлалаа. Онгоц газардах агшинд бүгдээрээ уухайлан алга таших үед их сэтгэл хөдөллөө. Хайртай эхнэр, дөрвөн хүүхэд маань хүлээж байгаа гэж бодохоор бүүр ч их догдолж байна. Намайг ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхад бага охин маань төрсөн. Шинэ хүнээ харна гэхээр мөн ч их сайхан байна даа.
 
Ахлах дэслэгч Г.Батзориг (Зэвсэгт хүчний 331 дүгээр анги):
 
-Манай цэргийн баг гар нийлэмжтэй байж, хүлээсэн үүрэг бүрээ амжилттай биелүүлсэндээ баяртай байна. Миний хувьд мөн л анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөхийн төлөө, Монгол Улс түүхэн үеэсээ дайчин эрстэй юм шүү гэдгийг батлахын төлөө манай цэргийн баг хичээж ажилласан. Хичээл зүтгэл маань ч амжилттай боллоо. Сэтгэгдэл өндөр байна. Хайртай гэр бүлээ маш их саналаа. Тэр дундаа ээжийгээ их саналаа.
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин