БНХАУ-ын дарга Си Жиньпин өөрийн замнал, улс төрд сонирхож орсон цаг хугацаа, цаашид баримтлах бодлогынхоо талаар “Хятадыг удирдах нь” ном бичиж хэвлүүлэв. 2014 он шиг санагдаж байна. Энэ үед нийгмийн сүлжээнд “Си Жиньпиний энэ номыг олж уншмаар байна. Англи хэлээр хэвлэгдсэн хувилбарыг нь АНУ-аас авчрах найз байна уу? Мөнгийг нь илгээе” гэсэн зар байв. Мэдээж тэр зар ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Л.Баясгалангийнх. Дэлхийн алдартай зохиолчид, улс төрийн зүтгэлтнүүдийн бичсэн ном зохиолыг хэвлэгдсэн даруйд нь эрж хайдаг нь түүнийг номын садан нөхөр гэдгийг нь гэрчилнэ. Энэ удаагийн “Хобби” буландаа түүний номын ертөнцөөр аяллаа.
 
Дэд хурандаа Л.Баясгалан дунд сургуулийн сурагч байхаасаа л номтой нөхөрлөсөн байна. Сурагч байхдаа уран зохиолын ном, сонсогч болоод цэргийн түүх, бага хаадын түүх, дэлхийн түүхийг шимтэн уншдаг байсан бол офицер болсноосоо хойш энэ хүрээ англи хэл дээрх бүтээлүүдээр улам тэлсэн байна. 2004 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа цуврал алуурчны тухай англи хэл дээрх номыг анх удаа уншжээ. Мэддэггүй үг олон байсан учраас гурван ч удаа уншихад агуулга нь сая нэг юм гарч ирсэн гэнэ. Ингэж л англи хэл дээрх ном унших урам зоригтой болж. Тэрээр хэлний түвшингээс хамаараад уран зохиолын номоос цэргийн түүх, дэлхийн түүх, дэлхийн лидерүүдийн бичсэн бүтээл, тагнуул, геополитик гэсэн сэдвүүдээр өргөжүүлэн унших болсон байна. Түүний санаанаас гардаггүй ном гэвэл “Тунгалаг тамир”, “Зүрхний хилэн”, гадаадын зохиолоос 1919-1921 оны Монголын түүхийг өгүүлсэн Польшийн нэрт зохиолч Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуний “Өгүүлэгдээгүй түүх” зэрэг бүтээл гэсэн. Эдгээр номыг хэдэн ч удаа уншсан уйддаггүй бөгөөд хамгийн гол нь Монголын яндашгүй баялаг эх хэл, яруу үгсийн чуулганыг олж хардагтаа олзуурхан байн байн эргүүлж хардаг байна. Мэдээж түүний сонголт цаасан хэвлэл дээрх ном гэнэ. Өөрөөр хэлбэл, цахим хэлбэрээр ямар ч сайн зохиол байсан уншсан болдоггүй аж. Үүнийгээ тэрээр хуучны арга барилтай хүн гэж тодотгоод номыг үнэрлэж, эмтэрч, барьж унших нь нэг талын амралт болдог юм гэлээ. Дэд хурандаа маань сүүлийн үед залуус цахим сүлжээнд хамаг цаг заваа зарцуулж, хогон болон ховон мэдээллээр тархиа “цэнэглэж” байгаад харамсаж явдаг аж. Нийгмийн сүлжээг зөвхөн өөрт ашигтайгаар хэрэглэхээс бус донтох нь тархины сэтгэх хэмжээг бууруулах үр дагавартай гээд өөрийгөө цаасан хэвлэлээс хэзээ ч урвахгүй гэв.
 
Ном уншихын ач холбогдлын талаар тэрээр хэлэхдээ “Төвлөрч сургадаг, дуугарахаасаа өмнө боддог болж, ой тогтоолт сайжирна. Хамгийн наад зах нь үг, үсгийн алдаа гаргадаггүй, англи хэлээр уншдаг бол дүрэм автоматаар цээжлэгддэг” гээд сайн тал дэндүү олон. Гэхдээ ном л уншъя гээд тааралдсан бүхнээ шүүрч аваад унших хэрэггүй. Хэрэгтэй номоо уншиж, хэрэг болох зүйлээ авч чаддаг байх нь л хамгийн чухал. Ийм чадварыг номтой нөхөрлөсөн хүн бүр аяндаа эзэмшдэг юм гэж онцлов. Түүний номын садан нөхөд, үлгэр жишээ авдаг нөхөд нь ЗХЖШ-ын АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, ҮБХИС-ийн тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамба нар. Ч.Цогтжаргал хурандаатай БХЯ-нд хамт ажиллаж байхдаа уншсан номынх нь тухай яриа дэлгэж, сонирхолтой санагдвал гуйж авч уншдаг байж. Энэ тухайгаа тэрээр “Цогоо хурандаад маршал Г.К.Жуковын “Дуртгал, бодол” номоос эхлээд гадуур зарагддаггүй ховор нандин ном их бий. Өөрөө ч номоо нэлээд сайн “цензур”-тэй сонгож авдаг хүн. Даргын номыг давхар уншсан байхад болоод явчихна” гэж хариулав. Харин хурандаа Д.Баасандамбатай ЗХЖШ-ын Сургалтын хэлтэст хамт ажилладаг байхдаа номын тухай ярилцдаг байж. Хурандаа гурван ном зэрэг эхлүүлээд уншчихдаг онцгой чадвартай гэнэ.
 
Нийтлэлийн баатар маань сүүлийн үеийн бестселлер болсон номуудын талаар хэлэхдээ нэг л удаа унших ном гэж тодотгосон. “Ногоон нүдэн лам”, “Чонон сүлд” болон зохиолч Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг нарын зохиолыг нэг л удаа уншихад хангалттай. Зохиолч Л.Өлзийтөгсийн бичлэгийн хэлбэр их онцгой. Гэхдээ туурвисан бүтээл нь уйтгар гунигт автуулах гээд байдаг талтай гэнэ. Хэзээ ч уйдахгүй зохиолч гэвэл Сэнгийн Эрдэнэ. Түүний олон олон шилмэл өгүүллэгүүдээс “Наран тогоруу”, “Хулан бид хоёр”-т их дуртай гэсэн. Өдгөө түүний уншиж байгаа ширээний ном нь 750 хуудастай БНХАУ-ын удирдагч асан Дэн Сяопины түүх бөгөөд өглөө ажилдаа ирэхээсээ өмнө 10 минут гүйлгэж уншихад 61 дэх хуудас дээрээ явж байсан гэсэн. Өдөрт ямар ч их ажилтай байсан нэг цагийг заавал ном уншихад зориулдаг гэнэ. “Номын санд тань хэдэн ном байгаа бол гэсэн асуултад “Тоолж үзээгүй. Хоёр номын тавиур дүүрсэн. Гурав дахь номын тавиураа хийх гэхээр гэрт багтахгүй юм гэв. 2017-2018 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллежид суралцахдаа англи хэлээр 90 гаруй номыг уншиж дуусгасан байна. Сургуулиа төгсөөд ирэхдээ 100 гаруй номтой ирсэн гэнэ. Суралцаж байхдаа өөрийнх нь шимтэн уншиж, бүр орчуулан түгээсэн номын зохиогчоор хичээл заалгаж, урмын үг авсан нь түүний номтой холбоотой сайхан дурсамжуудын нэг. “Багш аа, таны бичсэн “Зөвлөлт-Афганы дайны үед мужихадуудын арга, тактикийн ажиллагаа” номыг 2013 онд орчуулаад сургалтын чиглэлээр Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд тараачихсан. Зүгээр үү?” гэхэд нь “Миний бичсэн номуудыг НАТО-ийн гишүүн орнууд орчуулсан гэж сонсож байсан. Харин монголчуудыг орчуулна гэж бодож явсангүй. Баярлалаа, Монголын офицер” гээд дахиад хоёр номоо бэлэглэж, “Орчуулах эрхийг танд өгье” гэж хэлсэн гэнэ. Тэрээр ажлынхаа заваараа багшийнхаа номыг орчуулж, бие бүрэлдэхүүндээ түгээнэ гэсэн төлөвлөгөөтэй яваа бөгөөд сүүлийн үед сонирхон уншиж байгаа сэдэв нь тагнуулын түүх, геополитик, угсаатан зүй болон Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Оросын цэргийн жанжид, Европын генералуудын тухай гэнэ. Тэрбээр төгсгөлд нь “Номонд мөнгө битгий хайрла. Оюуны үнэтэй хөрөнгө оруулалт болно” гэж онцоллоо.
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин