Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын дунд бахархам үйлс, бахдам амжилт, гайхамшигт бүтээлээрээ бусдыг “байлдан дагуулж” буй эрхэм олон байдгийн нэг нь чухамдаа Их эзэн Чингис хааныг судлаач, шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Хайнзангийн Шагдар юм.
 
Өдгөө “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдгийн амьд үлгэр жишээг үзүүлж яваа энэ эрхэм өөрөө олон арван алдартныг магтан дуулж, өнгө, донжийг нь шигтгэсэн олон шилдэг нийтлэлээрээ тэднийг алдаршуулж яваа бөгөөд харин түүний тухай бичсэн нийтлэл, сурвалжилгыг би бээр олж уншаагүй билээ.
1951 онд Ховд аймгийн Дарви сумын нутагт төрж өссөн тэр бээр аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн жилээ тухайн үеийн Цэргийн Ерөнхий дээд сургуульд элсэн суралцаж, 1973 онд артиллерийн командын мэргэжлээр төгсжээ.
 
Тэрээр сургууль төгссөн жилээ Ардын Армийн 120 дугаар ангид их бууны командлагчийн удирдах тусгай батарейны салааны захирагчийн хариуцлагатай албанд томилогдож гурван жил амжилт гарган ажиллаад батарейны захирагчаар дэвшин ажиллажээ. Тэр цагаас хойш Ардын Армийн 107 дугаар ангийн ХЗЭ-ийн хорооны дарга, “Улаан-Од” сонины сурвалжлагчаар ажиллаж байгаад тухайн үеийн ЗХУ-ын цэрэг, улс төрийн академийг нийгэм, түүхийн ухааны багш, улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн байдаг. Энэхүү академийг 1986 онд дүүргэсэн тэрээр Ардын Армийн 019 дүгээр ангид захирагчийн орлогчоор нэг жил ажиллаж байхад нь “Улаан од” сонины хэлтсийн даргаар дэвшүүлэн томилсон ба тус сонины нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчийн нэр хүндтэй агаад хариуцлагатай албыг хашсан юм. Энэ хугацаанд Х.Шагдар 1994 онд түүхийн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан ба 1996 оноос өнөөг хүртэл БХЭШХ-ийн Түүх судлалын төвд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй ажиллаж байгаа нь түүний бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
 
 
Өдгөө Х.Шагдар доктор өөрийн бие даасан бүтээл 10 гаруй, хамтын бүтээл 30 гаруй, редакторласан бүтээл 30 орчим, нийтэд түгсэн дууны үг 10 гаруйг тэрлэсэн бөгөөд олон ном, товхимлын эзэн болсон эрдэмтэн юм.
 
 
Х.Шагдарыг анх эрдмийн ажилд хөтөлж, “уруу татсан” хүн нь академич Н.Ишжамц, Ч.Далай нар гэх ба өнөөдөр манай бүх эрдэмтэд түүнийг Чингис хааныг судлаач гэдгээр нь бүрэн хүлээн зөвшөөрчээ. Учир нь аль ч орон манай их хааныг шинжлэх ухааны талаас нь судлаагүй байдаг бөгөөд энэ чиглэлээр дагнаж, хоёр удаа эрдмийн зэрэг хамгаалсан хүн нь тэр юм. Тэрээр 2004 онд энэ чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэм шинжилгээний олон удаагийн хуралд илтгэлүүдээ хэлэлцүүлсэн юм. Тэрчлэн эрхэм доктор маань олон улсын 30 гаруй эрдэм шинжилгээний хуралд оролцож, өөрийн илтгэлээ хэлэлцүүлсний зэрэгцээ зарим бүтээл нь орос, хятад, англи, солонгос хэлээр хөрвүүлэгдсэн зэргийг сонсох бүрийд түүний ямархан энтэй судлаач болохыг улам бүр илтгэх аж.
 
 
Түүний 1993 онд нийтийн хүртээл болгосон “Чингис хааны цэргийн цадиг” ном нь уншигчдын хүсэлтээр 2010 онд дахин амилж, “Чингис хааны цэргийн урлаг” ном нь БНСУ-д бүрэн эхээрээ хэвлэгдсэн ба төр, цэргийн удирдах албан тушаалтнуудын ширээний ном болсонд бахархах хүн олон. Тэрчлэн 2006 онд “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх” хоёр боть бүтээлээ нэг боть болгон эмхэтгэсэн нь бас л бахархал ажээ.
 
 
Өнгөрсөн хугацаанд нийтлэлийн баатар маань ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дарга, дэд профессор И.Чинбат, Дотоод хэргийн их сургуулийн багш, хурандаа Ж.Өвгөнбүргэд нарын эрдмийн ажлыг нь удирдаж докторын зэрэг хамгаалуулсныг Цэргийн эрдэм судлалын 60 жилийн ойн баярын өмнө бахдан тэмдэглэх учиртай.
Ийнхүү өөрийн бүтээл, амжилтаараа олны танил болсон түүний хөдөлмөрийн амжилтыг ҮБХИС-ийн эрдмийн хамт олон өндрөөр үнэлж оны тэргүүний судлаачаар хоёр ч удаа өргөмжилсөн билээ. Үүнийг тэрлэгч миний хувьд Х.Шагдар докторын талаар олон арван бодит баримтыг дэлгэж чадах ч түүний байнга хэлж явдаг мэргэн үгийг уншигч танд хүргэж байна. Энэ нь “Өөрийн нэрийг эцэг, эхийн нэрийн хамтаар мөнхлөөд Монголын дэвжээнд гараад ирэх чадвартай байх ёстой” хэмээн тэр бээр ямагт хэлдэг юм.
 
Тийм ээ. Өөрийн хэлж заншсанаар Хайнзангийн Шагдар доктор хэмээх овог, нэрийг ямагт өндөрт өргөж яваа “номын хүн”, их эрдэмтэн танд орчин цагийн Зэвсэгт хүчний Артиллерийн цэргийн 98, Цэргийн эрдэм судлалын 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА, хурандаа Батжаргалын ОТГОНБАЯР