Монгол түмэн төрт ёсны их баяраа тэмдэглэх гэж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар салбар салбарын шилдгүүдийг шагнаж урамшуулж байна. Тэрбээр Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Монголын эстрадын урлагийн хоёр том төлөөлөл болох Мэргэжлийн эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа нарт “Ардын жүжигчин” хэмээх эрхэм алдрыг нэгэн зэрэг хүртээсэн билээ.
Урлагийн тайзан дээр олон арван жилийн турш өөр өөрийн өнгө төрх, ур чадвар, дуу хоолойгоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэд Монголын орчин үеийн эстрадын хөгжмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид. Хоёулаа өөр өөрийн гэсэн хэв маяг, сонсогчдын хүрээ, бүтээлийн замналаараа нэгэн үеийн хөгжмийн өнгийг тодорхойлж, хэдэн үеийн үзэгчдийн дурсамжийг бүтээсэн дуучид.
Тэднийг уран бүтээлийн ид оргил үедээ өрсөлдөгчид хэмээн олон нийт харж, хэвлэл мэдээлэл ч энэ өнцгийг онцолдог байсан үе бий. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний бүтээлүүд Монголын хөгжмийн сан хөмрөгийг хамтдаа баяжуулж, нэгэн үеийн соёлын үнэт өв болон үлдсэн нь өнөөдөр илүү тод харагддаг болсон.
Тиймээс Ардын жүжигчин цолыг хоёуланд нь нэгэн зэрэг хүртээсэн төрийн шийдвэр нь гавьяа хөдөлмөрийг үнэлэхээс гадна өрсөлдөөнөөс илүү эв нэгдэл, хүндлэл, хамтын үнэ цэнийг эрхэмлэсэн бэлгэдэл боллоо.
Учир нь жинхэнэ урлаг өрсөлдөгч бус, хамтдаа нэгэн үеийг бүтээсэн эрхмүүдээрээ үнэ цэнтэй байдаг. Монголын эстрадын тайзыг олон жил эзэгнэсэн хоёр алдартныг зэрэгцүүлэн алдаршуулсан нь “төр хэн нэгнийг нөгөөгөөс нь дээгүүр бус, Монголын соёл урлагт оруулсан хувь нэмрээр нь үнэлдэг” гэсэн мессежийг олон нийтэд өгсөн үйл явдал байв.
Шагнал эзнээ олохоороо үнэ цэн нь улам өсдөг гэдэг. Энэ удаагийн Ардын жүжигчин болсон уран бүтээлчид ч тийм байлаа. Ардын жүжигчин гэх эрхэм алдрыг Т.Ариунаа, Б.Сарантуяа нарт нэгэн зэрэг хүртээсэн нь зөвхөн хоёр уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлсэн төдийгүй, урлагийн ертөнцөд эв эе, харилцан хүндлэл, нэгдмэл үнэ цэнийг эрхэмлэхийн чухлыг сануулсан бэлгэдэл болсон үйл явдал болон түүхэнд үлдэх нь гарцаагүй юм.
Н.Отгончимэг
Мягмар - 07 сарын 07,
2026

Сэтгэгдэл2
Шагнал, одон медаль, наадам яахав ээ. Бид тун удахгүй шатахууны дутагдалд орох шинжтэй болчихлоо. Оросын хамгийн том Омскийн нефтийн үйлдвэр украины цохилтонд өртсөн байна. Украин дрон баруун сибирь рүү ирдэг болжээ
Ингэж нэг өдөр нэг цагт өгөөгүй бол том аюул гарах байсан юм сэргийллээ ! Өсөхөө жижиг Сүхбат хоёроос илүү хэрүүл болох байсан юм сэргийллээ !!!!!