sonin.mn

САНА, 2026 оны долоодугаар сарын 21 /Kazinform/. Йемений хуситууд Саудын Арабын эсрэг шинэ арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ. Хоёр тал дахин харилцан цохилт өгч эхлээд байгаа юм. Йемений хуситуудын "Ансар Аллах" хөдөлгөөн Саудын Арабын боомтуудад тэнгисийн бүслэлт тогтоох ажиллагаа эхлүүлж байгааг тус хөдөлгөөний зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Яхья Сари мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, уг шийдвэр нь нэн даруй хэрэгжиж эхлэх бөгөөд Саудын Арабын тал Йеменд далай, агаар болон эдийн засгийн хориг тавьсаар байгаагийн хариуд авч буй хариу арга хэмжээ аж.


"Йемений Зэвсэгт хүчин "шүдийг шүдээр, нүдийг нүдээр" гэх зарчимд үндэслэн Саудын Арабын эсрэг тэнгисийн бүслэлт тогтоож байгаагаа зарлаж байна. Энэхүү шийдвэр нь тус мэдэгдэл нийтлэгдсэн үеэс эхлэн нэн даруй хэрэгжиж эхэлнэ" гэж  Яхья Сари дурджээ. Түүнчлэн "бүслэлтийн хариуд бүслэлтээр, хурцадмал байдлын хариуд хурцадмал байдлаар" арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа онцолсон байна. Хуситууд "нөхцөл байдал хаашаа ч эргэхэд бэлэн" байгаагаа мэдэгдээд, дэмжигчдэдээ хандан бүх нийтийн дайчилгаагаа үргэлжлүүлж, бэлэн байхыг уриалжээ.


Үүний дараа тус хөдөлгөөний төлөөлөгч Абдул Салам Салах мэдэгдэл хийхдээ, энэхүү бүслэлтийн зорилго нь Саудын Арабыг Йемений нисэх онгоцны буудал, далайн боомтуудад тавьсан хязгаарлалтаа бүрэн цуцлах, Йеменд өөрийн бүрэн эрхт нөөц баялгийг ашиглах боломжийг олгох, мөн баривчлагдсан дэмжигчдийг нь суллахад хүргэх явдал гэж тайлбарласан байна.


Хуситуудын уг мэдэгдэлд Саудын Арабын тал одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Баб-эль-Мандебын хоолой хаагдвал Азийн орнууд руу нийлүүлдэг Саудын Арабын газрын тосны экспорт зогсож, дэлхийн газрын тосны нийлүүлэлт 7 орчим хувиар буурч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хуситууд Саудын Арабыг Сана хотын нисэх онгоцны буудалд цохилт өгсөн гэж буруутгаж, Абхагийн олон улсын нисэх онгоцны буудал руу цохилт өгснөөр талууд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа харилцан цохилт өгчээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг