sonin.mn

Монгол Улс Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам хэмээн орчин үеийн монголчууд олон үгтэй цол гуншин дуудах юм. Яасан уншиж барагдахгүй цол гуншин бэ. Ямар шагнаж дуусдаггүй шар одонгууд вэ. Тийм л их олон зуун жил тусгаар улс байсан бол хөгжих нь яасан юм бэ. Одоо үнэн түүхээ ярих цаг болсон. Энэ олон худал цол гуншингаа больж хоёрхон ойг л тэмдэглэх нь зүйтэй дээ. Алийн болгон хуурамч ойг тэмдэглэх юм бэ. Ардын хувьсгал гэж огт болоогүй байхад юун ардын хувьсгалын ой вэ. Ардын хувьсгал бус, улаантны төрийн эргэлт болсон юм. Ардчилсан хувьсгал бус ардчилсан хөдөлгөөн болсон юм. Иймд зөвхөн Их Монгол улс байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой хоёроо л тэмдэглээд бусдыг нь дэвэргээд хэрэггүй л болов уу. Хорьдугаар зууны эхэнд Монголд чухам юү болсныг үнэнээр нь өгүүлье.


     Нэг. Туурга тусгаар улсаа сэргээсэн нь  


Цагаагчин тахиа жил буюу 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал гарч Манж Чин улсыг мөхөөсөн билээ. Шинээр байгуулагдсан Хятадын Бүгд Найрамдах Улсын Түр Ерөнхийлөгч  Сун Ят Сен болон түүний  гоминдан намынхан, мөн засгийн эрхийг гартаа авсан Юан Ши Кай нар Манж Чин улсаас үлдсэн бусад үндэстний талаар явуулах бодлогыг тогтоогүй, тэд монгол, түвд, түрэг, уйгур шинжаантай хэрхэн харилцахаа ч сайтар мэдэхгүй байсан цаг байлаа. Энэ чухал завшааныг Богд гэгээн тэргүүтэй монголын ноёд, тайж, лам нар ухаалаг ашиглаж Богд гэгээн нийслэл Хүрээнд 1000 гаруй монгол цэрэг бөөгнөрүүлж нийслэл Хүрээнд байсан тавь хүрэхгүй албат,цэрэгтэй Манжийн Сандо амбанд “Хэрэв та Монголд үлдвэл таны амь насыг монголын тал хариуцахгүй” гэдгийг мэдэгдэж, нутаг буцахыг нь хатуу сануулав. Монгол цэргээс ихэд айсан Сандоо амбан Хүрээн дэх Орос улсын консулын газар хоргодож байгаад 1911 оны 12 дугаар сарын 4-ний өдөр атаман Семеновын орос казак морьт цэргийн хамгаалалтан дор Хиагтаар дамжиж нутаг руугаа буцжээ. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын Эзэн хаанд өргөмжлөв Ийнхүү "Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож төр, шашнаа мандуулах" , “Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх”-ийн төлөө тэмцлээ эхлүүлэв.


Богд хаант Монгол улс таван яамыг байгуулав.Үүнд: Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг томилж, 1.Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам, Сайд нь Чин ван Ханддорж 2.Цэргийн яам, Сайд нь Эрдэнэ далай ван Гомбосүрэн, 3.Сангийн яам, Сайд нь Түшээт хан Чагдаржав, 4.Шүүх яам,  Сайд нь Эрдэнэ ван Намсрай, 5. Дотоод Явдлын яам, Да Лам Цэрэнчимэд нарыг тус тус томилов.



Манж Чин гүрний захиргаанд байсан олон монгол овогтнууд ялангуяа өвөр монгол, цахар,баргын олон хошуу Богд хаант Монгол улсын захиргаанд орж эх орондоо нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, Монголыг өөрийн нэг муж хэмээн үзэж байв. Богд хааны шинэ Засгийн газар Франц, Англи, Герман, Америк зэрэг улсын Засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш хаант Орос улсад их найдвар тавьж байлаа. Гэвч удалгүй монголын төр хямрав. Б.Цэрэндорж тэргүүтэй зарим монгол ноёд Богд хаант төрөөсөө урваж 1919 онд Хятадын Засгийн газарт хүсэлт гаргаж 10 000 гамин цэргийг нийслэл Хүрээнд дуудан ирүүлж Богд хаант монгол төрөө мөхөөжээ.Богд хаант Монгол улсын 6000 цэрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй хятадын гамин цэрэгт бүх зэр зэвсгээ хураалган бууж өгсөн нь хамгийн том гутамшиг байлаа.  Ийм хүнд нөхцөлд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх, яаж хятадаас чөлөөлөгдөх вэ гэсэн арга замаа эрэлхийлж байлаа. Богд хаан тэр үед АНУ, Их Британи, Япон улсаас тусламж хүсч тамгатай бичиг илгээж байлаа.Харин Богд хаан ардын намынхны улаан Орос улсаас зэвсгийн тусламж гуйх бичигт тамгаа дарсан нь өөрийгөө цаазаар авах бичигт гарын үсэг зурсантай адил үлэмж том алдаа болсон юм.Ийм хүнд үед нийслэл Хүрээнээс хятадын олон мянган цэргийг хөөн зайлуулж Богд хаант Монгол улсыг 1921 оны хоёрдугаар сард дахин байгуулж Богд хааныг ширээнд нь дахин залсан гавьяатан бол хаант Оросын генерал Барон Унгерн фон Штернберг байлаа.Барон Унгерн Богд хаанаас туслахыг хүссэн захидал авч, Монголд 1920 оны сүүлчээр нэвтэрч, 1921 оны хоёрдугаар сарын 24- ны өдөр ганц мянга гаруйхан цэрэгтэйгээр гурав дахь удаагаа нийслэл Хүрээг довтолж  сайн зэвсэглэсэн гамингийн 10 000 цэргээс чөлөөлсөн нь Монголд дахин тусгаар тогтнох  нэг том боломж олгов. Гэвч энэхүү дахин сэргэсэн Богд хаант төр удаан орших боломж байсангүй, дөнгөж тавхан сарын настай байлаа. Улаан Оросын түрэмгийллийг Монголд авчрах хар үйлсэд ардын намынхан болон нөгөөх гаминг Монголд дууддаг Б.Цэрэндорж тэргүүтэй монголчууд гол үүрэг гүйцэтгэжээ. Богд хаан нэг том алдаа гаргасан юм. Тэр нь юү вэ гэвэл Богд хаан лам хувраг хүн тул Богд хаант Монгол улсаас урвасан монголын ноёдыг цаазаар авдаггүй, амийг нь хэлтрүүлдэг байсан учраас хааныхаа толгой дээр гарсан урвагч монгол ноёдоос болж монгол төр ийнхүү мөхсөн юм.  Тэрхүү ороо бусгаа цагт арав хүрэхгүй хэдхэн монгол өөрсдийгөө ардын намынхан хэмээн нэрлээд  улаан Оростой хавсарч монголын Богд хаант төрийг унагана, урьд өмнө үзэгдэж байгаагүй улаантны харгислал Монгол улсад өрнөнө гэдгийг хэн ч таамаглаж мэдэхгүй байлаа. Гэвч монголчууд Барон жанжны олгосон Өвөр Монгол, Ар Монголыг нэгтгэсэн Богд хаант Монгол улс байгуулах хамгийн том боломжоо улаан Оросыг дагаснаас болж алдсан юм. Ардын намынхан тэр үед улаан Орос улс Хятад улстай нууц гэрээ байгуулж Монголыг хувааж авах болсныг мэдээгүй юм, их гүрнүүд хуйвалдаж жижиг улсыг залгидаг гэдгийг мэдээгүй юм.


    Хоёр. Улаантны төрийн эргэлт болсон нь


1921 онд хамаг зэвсгээ гамин цэрэгт хураалгасан монголчууд гэнэт л орчин үеийн зэр зэвсэгтэй армитай болоод хятад цэргийг ялж Монголоос хөөж гаргаагүй юм. Монголчууд хятадын цэргийн дарангуйлал дор 1919-1921 он хүртэл хүнд нөхцөлд оршиж байв. Гэвч ийм эгзэгтэй хүнд үед монголчуудыг азын тэнгэр ивээв. 1920 оны сүүлчээр Барон жанжин Унгерн Штернберг Богд хааны захидал хүсэлтийн дагуу монголын тусгаар тогтнолын төлөө хятад цэрэгтэй тулалдахаар Монголд хүрэлцэн ирлээ. Барон жанжин яаралтай цэргийн бэлтгэлээ базааж нийслэл Хүрээ рүү 1920 оны сүүлээр хоёр удаа дайралт хийсэн боловч орчин үеийн их буу, пулемёт, холбоо, зэр зэвсгээр бүрэн хангагдсан гамин цэргийн сөрөг цохилтод автан ухраад Тэрэлжид байрлажээ. Энэ үед нийслэл Хүрээнд амьдарч байсан Кучеренко мэтийн оросын еврей большевикууд Барон жанжны цэргийн эсрэг элдэв мэдээлэл матаас гамин цэргүүдэд өгч хятадын талд идэвхтэй ажиллаж байв.  Харин монголын хөдөө нутагт амьдарч байсан монголчууд Барон жанжныг  идэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, майхан сав, хүнсний зүйлээр хангаж байв.Үүний дараа Барон жанжин их довтолгооны өмнөхөн Богд хааныг тусгай цэрэг гарган хятад цэргийн хорионоос чөлөөлж, өөрийн удирдсан ганц мянган цэргээр 1921 оны 2 дугаар сарын 24 ний өдөр нийслэл Хүрээ рүү шийдэмгий довтолгоо хийж Хүрээн дэх 10 000 гамин цэргийг бут цохин үлдсэн хэсгийг нь Хиагт руу зугтаалгасан юм. Барон жанжин Богд хааныг дахин монголын хаан ширээнд нь суулган Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Энэ үед Барон Унгерний удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр Монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэг газар тулалдан гамин цэргийг бүрмөсөн бут цохиж, Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сар гэхэд бүрмөсөн чөлөөлөв.  Барон жанжны энэ гавьяа бол үнэлж баршгүй гавьяа юм. 1921 оны 2-р сарын 24- ны өдөр дахин тогтносон энэ төр бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ монгол төр байлаа.



Гэвч Богд хааны тамгатай бичиг авч явсан ардын намынхан улаан Оросоос буу зэвсэг гуйх зорилгоор явсан боловч энэ үүргээ хөсөрдүүлж Богд хаант төрийн зөвшөөрөлгүйгээр Монгол улсын нэрийн өмнөөс элдэв олон гэрээ хэлэлцээрийг дур мэдэн улаан Орос улстай хийж улаан орос цэргийг Монголд оруулах асуудлыг хүртэл тохиролцож байв. Богд хаан ардын намынхныг улаан Оросын талд урвана гэдгийг яахин таамаглах билээ. 


 Монголд улаан орос цэргийг оруулах ажлыг Коминтерн аль 1920 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Оросын Эрхүү хотод 1920 оны 10-р сард Коминтерн “Монголд түр Засгийн газар байгуулж улаан орос цэргийг Монголд оруулах” тухай асуудлыг хэлэлцжээ.Энэ хуралдаанд Оросын большевик Буртман, Гапон, Гершевич, Абрамсон, Борисов, Николаев, Дашепылов, Цыренжапов, Борисов нар оролцож дор дурдсан шийдвэр гаргажээ.


1.Монгол Ардын Түр Засгийн газар байгуулахыг хүлээн зөвшөөрөхөөр санал нэгтэй шийдвэрлэв. 2 Монголын ард түмэнд хандан уриалга гаргах; 3. Монгол Ардын Нам / МАХН/-ын төлөөлөгчдийн өмнөөс уриалга гаргах; 4.Сибирийн хувьсгалт хорооноос уриалга гаргах; 5.Төлөөлөгчдийг яаралтай хил рүү Монгол руу явуулах; 6.Ховд, Улиастай руу илгээх хүмүүсийн санал оруулж ирэх; 7. Усть-Каменогорск, Бийск, Минусинск дахь зөвлөлтийн байгууллагуудыг хил орчмын монголчуудтай нэн даруй харилцаа холбоо тогтоох. 8. Нарийн бичгийн дарга Николаеваас бусад монголын хэлтсийн ажилтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Троицкосавск /Хиагт/ руу илгээх; 9.Оросын коммунист намын Сибирийн товчооны нэг тэргүүлэгч гишүүнийг Хиагт руу илгээх;10. Троицкосавскад орчуулгын ажлыг зохион байгуулах арга хэмжээ авах;11. Монголчуудыг зэвсэглэх зорилгоор Тройцкосавск руу 1000 винтов, 200 мянган сум илгээх; 12. Эрхүү муж болон Сэлэнгээс буриад цэргийн сургагч нарыг олж хайх асуудлыг шийдэх. Эдгээр батлагдсан бүх арга хэмжээг зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэхийг Тэргүүлэгчид болон Монгол-Түвдийн хэлтэст даалгажээ. Эдгээр ажлыг зохион байгуулахад Оросын Коммунист намын Сибирийн товчооны дарга Н.Буртман, Монгол-Түвдийн хэлтсийн дарга С.Борисов нар голлон оролцжээ.  


 Дараа жил нь Ардын намынхан Оросын нутагт буюу Троицкосавск хотод 1921 оны 3-р сарын 1- ний өдөр Ардын намын хурал хийж тэр хуралд 16 хүн оролцож тэдний дотор улаан Оросын Коминтерний төлөөлөгчид сууж ардын намыханд зааварлаж байлаа.Гамингаас эх орноо чөлөөлж монгол төр, шашнаа мандуулна гэсэн ардын намынхан ийнхүү улаан Оросын Коминтерний дуулгавартай зарц болж дүрээ хувиргав. Тэр үеэс эхлэн улаан оросууд Монголын дотоод хэрэгт шууд оролцох болжээ.


 Ер нь анх 1917 оны Оросын улаан хувьсналын дараа Сибирь дэх цагаан гвардийн цэргүүдэд хөөгдсөн улаантан большевеикууд Монголд нууцаар дүрвэн орж ирсэн ажээ. Харин тэр үед Монголд сууж байсан Хаант Оросын консул А.Орлов зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрдөггүй хүн байсан бөгөөд 1920 он хүртэл Монголд амьдарч байжээ. А.Орлов консул “Улаан оросуудыг Монгол руу битгий оруул” гэж Богдын Засгийн газарт албан бичиг өгч байжээ. Хиагтад байсан цагаан оросуудыг улаан цэргүүд тонон дээрэмдэж барьж хориход монгол цэргүүд очиж суллаж чөлөөлдөг байв. Оросын улаантнууд анх Монголд орж ирэхдээ “Хэрэглэгчдийн холбоо” гэсэн хуурамч нэртэй байгууллагын шугамаар мах худалдаж авах нэрийн дор орж ирдэг байжээ. Харин Богд хааны Засгийн газар “Малчид малаа зарах эрхтэй” гэж үзээд улаан оросуудыг оруулсан нь маш том алдаа болжээ. Гэтэл тэдний оруулж ирсэн байгууллага 330 төлөөний газартай, мянга гаруй хүнтэй, улаан Оросын маш том сүлжээний газар байв. Энэ байгууллага коммунист үзэл суртлыг дэлгэрүүлж монголчуудын тархийг угаах ажлыг Монголд анх хийж байв. Тэд 1918-1920 онуудад Монголоос 60 000 бод мал, 100 000 гаруй бог мал худалдаж аваад Улаан Оросын Ар Байгальд байрлаж байсан улаан орос цэргийн хүнс болгон өгч байв. 1920 оны гуравдугаар сард Зөвлөлт Орос улс төлөөлөгчөө Монголд илгээсэн ч хилээр монголчууд тэднийг оруулаагүй ажээ.


 Оросын Коммунист большевикуудын намын Төв хороо Москвад, Сибирийн товчоо Омскт, Сибирийн товчооны салбар Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секц Эрхүү хотод байрлаж байлаа. Энэ секц дотор ардын намын молнголчуудыг аваачсаны даваа Монгол, Түвдийн хэлтэс байгуулжээ. Энэхүү улаан оросын хэлтсийн зорилго бол Монгол, Хятад, Түвд, Солонгост коммунист нам байгуулж төрийн эргэлт хийх зорилготой байв.


Энэ зорилгоо биелүүлэхий тулд тухайн орноос большевик намыш талархан дэмждэг хүмүүсийг авчирч Зөвлөлт Орост сурган, буцаан нутагт нь аваачаад Коммунист нам байгуулж төрийн эргэлт хийх зорилготой байв. 1920 оны наймдугаар сард Эрхүүд байгуулсан “Монгол, Түвдийн хэлтсийн үйл ажиллагааны зарчим” хэмээх баримт бичигт Монгол ардын хувсгалт нам, МАХН-ын баг хуралыг байгуулна гэсэн үг байдаг. “Монголын үнэн” сонин ч энэ хэлтсийн сонин байв. Борисовоос эхлээд олон большевик орос хүн удаа дараалан Монголд нууцаар ирж, Орос руу хүмүүсийг нууцаар аваачих ажлыг хийдэг байжээ. Байжээ. Энэ бүх хууль бус ажиллагааны дүнд монголын хилийн цаана МАХН гэх нууц байгууллага байгуулагджээ. МАХН-ыг С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар байгуулсан гэдэг нь огт худал юм. Зөвлөлт Орос улс эхлээд “Монгол товчоон” хэмээх байгууллага байгуулав. Энэ бол маш том эрх мэдэлтэй. тамгатай, бичигтэй байгууллага байлаа.Энэ байгууллага тэр үед хүмүүсийг хил давуулах ажлын зохион байгуулж, тэдгээр хүмүүсийг шалгаж болохгүй, хэнтэй ч юм яриулахгүй байдаг байв. Ардын намын анхны долоо тусламж гуйхаар хил давсан гэх ажлыг яг үнэндээ дээр дурдсанчлан Борисовоос эхлээд бусад улаан оросууд зохион байгуулжээ. Хамгийн түрүүнд С.Данзан, Х.Чойбалсан хоёр Зөвлөлт Орост очсон ажээ. Энэ хоёрыг очмогц нь битүү газарт хийж шалгаж байв. Монголоос очсон хүмүүсийг очингуут нь нэг хэсгийг нь хөнөөж, нөгөө хэсгийг нь Эрхүүд үлдээгээд, үлдсэнийг нь Оросын большевик намд элсүүлжээ. Тухайлбал, Х.Чойбалсанг Оросын большевик намд элсүүлж авчээ. Ингээд МАХН-ыг байгуулахаар болсон байна. Хилийн цаана байсан Ардын намынхан тунхаг бичиг гэгчийг гаргасны хариуд Богд хааны Засгийн газраас хариу бичиг гаргасан ажээ. Энэ албан бичигт “Элдэв анги нам байгуулж, Богд эзэн хааны заавар, зөвшөөрөлгүйгээр тунхаг зарлал гаргах нь олныг нэгтгэн, Монгол улс байгуулах их хэрэгт маш хортой. Даруй цаазалбал зохино. Ардын намаас Монголд тунхагласан зарлал болбоос Монголыг хуурахыг хичээж буй улаан намын заавраар бичсэн утга учиргүй хортой хэрэг болно” хэмээн бичсэн байв. Богд хаант монгол төр оросын улаантнууд гэж хэн байсныг маш тодорхой сайн мэдэж байжээ. “Улаан нам болбоос олон ардад жаргалан үзүүлнэ гэж олныг хуурч, эрх мэдлийг гартаа аваад эцэст нь тариачин, худалдаачин, тайж язгууртнуудыг дээрэмдэж, сүм хийд, шашин орныг сүйтгээд олон түмэн хүнийг алжээ. Хаад ба түүний албат нарын олон зуун жилийн турш эх орондоо байгуулсан бүхнийг дээрэмдэн сөнөөж, энэ хэрээр тэд өөрсдөө баяжин, орос ардыг хоосруулан, өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн байна” хэмээн дүгнээд “Ертөнцөд бурхангүй байж болохгүй. Гэр өрхөд эзэнгүй байж болохгүй. Ард түмэн хаангүй байж болохгүй. Хятад, Орос улс хаад нь байхгүй болсноос хойш ямар аюул болсоныг мэдэхгүй юу та нар” хэмээ Оросын коммунист үзэл суртлыг ямар аюултай болохыг “Энэхүү бошгыг халах суртал болвоос дэлхий дахины бүх улсын дайсан болох улааны суртал мөн болой” хэмээн бичсэн байв. Харин улаан Оросыг дагасан гүн Билэгсайхан, Д.Сүхбаатар нарын тэрхүү Богд хаант монгол төрийн эсрэг тунхаг бичиг гаргахад оролцсон төөрч будилсан хүмүүсийг нэн яаралтай Хүрээнд ирж Богдод бараалхахыг даалгасан байв.


 Богд хаан монгол төрөөсөө уравсан эдгээр урвагчдыг цаазлахгүй өнгөрөөсөн нь маш том алдаа байсан бөгөөд эргээд түүний толгойг залгина гэдгийг тэр яахин мэдэх. 1921 онд Оросын улаан цэрэг хууль бусаар Монголд орж ирээд нийслэл Хүрээг эзлэнгүүт 1921 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлээд Богд хаант Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь  баривчилжээ. Улаан оросуудад Богд хаант монголын төрийн зүтгэлтнүүдийг барих ажилд  Д.Сүхбаатар жанжин их идэвхтэй оролцож байжээ. Богд хаант монгол төрийн Засгийн газрын гишүүн Цэвээн, Тогтох тайжаас эхлээд олон монгол хүмүүсийг барьжээ. Улаан Орос цэрэг хятадын гамин цэрэгтэй байлдах бус, Богд хаант монгол төрийг устгах зорилготой байсныг ард түмэн огт мэдээгүй байв. Оросын улаан арми Монголд орж ирээд нийслэл Хүрээнд ард түмнийг дээрэмдэж тонож хүчирхийлэл үйлдэж байв. Аргаа барсан Ерөнхий сайд Д.Бодоо 1921 оны сүүлчээр Ерөнхий сайдаасаа огцрох өргөдөл өгөв. Удалгүй улаантнууд Бодоо, Чагдаржав нарыг цаазлав. Ардын Намын анхны дарга С.Данзан бас цаазлуулав. Оросын НКВД-ийн ил болсон баримтаас үзэхэд 1922 оны гуравдугаар сард Д.Сүхбаатар жанжин албан ёсоор Хүрээнд байгаа улаан орос цэргүүдийг гаргах шаардлагыг улаан Оросын комиссаруудад тавьжээ. Энэ шаардлагын хариу 1923 оны хоёрдугаар сард ирж, Сүхбаатар жанжин 30 насандаа таалал төгсөв. Дараа нь Богд хатан Дондогдулам хорлогдож таалал төгсөв.Удалгүй Богд хаан улаан оросын хортой үрэл залгиж таалал төгсөв. Улаан оросууд хааныг нь хөнөөж хатныг нь хордуулж ардын намын анхны зүтгэлтнүүдийг нь хөнөөж байхад ардын намныхан ажигч үгүй зүгээр сууж байв. Адаг сүүлд нь Чойбалсангаас бусад нь бүгд л алуулав.


Архивт 1921 оны “ардын хувьсгал” гэгчийг гардан хийсэн орос, монгол 18 хүний фото зураг хадгалагдан үлджээ. Гэвч эдгээр 18 хүн бүгд л улаантнуудад алуулсан байдаг юм. “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгч л болсон доо.


Улаан Оросын НКВД-ийн ажилтан Чойбалсан ямар ч гэм зэмгүй 20 000 монгол хүнийг өөрийн гарын үсэг зурж ямар ч шүүх, өмгөөлөлгүйгээр цаазлан хөнөөв. Монгол улсын 4 Ерөнхий сайдыг Москвад дуудан оросын коммунистууд хөнөөв. Чойбалсан Зөвлөлт Оросын НКВД-ийн дарга Ёжовт “Таны даааалгаврыг амжилттай биелүүлж 22 000 лам хувраг, тайж нарыг устгав. Таны зарц Чойбалсан” гэсэн цахилгаан утас явуулж байв. 1937 онд 40 000 монгол хүнийг хар шар феодал, хувьсгалын эсэргүү, японы тагнуул хэмээн гүтгэж амь насыг нь хөнөөв. Тусгаар Монгол улс оршиж байсан бол ингэж монгол хүнээ хайр найргүй алж хөнөөх байсан гэж үү. Ардын хувьсгал болж ардын засаг ялсан юм бол монгол соёл бичиг, монгол төрөө устгаж тайж язгууртан болон эрдэмт лам хуврагаа олон арван мянгаар нь хөнөөж хэдэн мянган жилийн уламжлалт мал сүргийг нь малчин ардаас хураан авч ард түмнээ ядууралд оруулах байсан гэж үү? Улаантнуудын үйлдсэн уул шиг том нүглийг тоочвол барагдашгүй.  


 “Ардын хувьсгал” гэгч бол оросын октябрийн хувьсгалыг Монголд экспортлосон Коминтерний нууц ажиллагаа юм. “Ардын хувьсгалын ой” гэгч бол монголчууд бидний тэмдэглэх ёсгүй хар өдөр юм. Орчин үед оросууд өөрсдөө ч октябрынхаа хувьсгалыг тэмдэглэж жагсахаа больсон ажээ. Оросууд 1995 он хүртэл октябрийн хувьсгалыг тэмдэглэж байгаад дахин тэмдэглэхгүй гэдгээ хуулиараа шинээр тогтоожээ Гэтэл орчин үеийн монголчууд бид улаантны төрийн эргэлтийг ардын хувьсгал хэмээн одоо болтол сүржигнэн тэмдэглээд байгаа нь тэнэг хэрэг биш гэж үү. 1924 оны Үндсэн хууль бол улаан Оросоос орчуулсан дууриамал худал хууль байлаа.Цаасан дээр ард түмэн хэмээн улигласан боловч хэрэг дээрээ ард түмэнд ямар ч эрх чөлөө байхгүй байлаа. Улаантны далан жилийн дарангуйллын дараа 1990 онд л монголчууд бид монгол төртэй, ард түмэн эрх чөлөөтэй болсон. Гэвч монголчууд бид үүлэн чөлөөний нар шиг эрх чөлөөгөө ашиглаж үтэр түргэн хөгжиж чадсангүй. Бидэнд хийх ажил хэрэгжүүлэх төсөл олон байсан боловч хийж чадсангүй. Ажилгүйдэл, авилгал, ядуурлыг ялж, аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй баян чинээлэг улс болж чадсангүй.   


1921 онд Монголд чухам юу болсон бэ? Улаан хувьсгал болсон юм уу, улаантны төрийн эргэлт болсон юм уу? Богд хаант монгол төрийг хэн устгасан юм бэ? гэдгийг Барон жанжны армид алба хааж, Богд хаант монгол төрийн төлөө тулалдаж явсан хаант Оросын өндөр боловсролтой, эрэлхэг дайчин офицерууд үнэн зөв дүгнэж бичсэн байдаг юм.



Ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев нарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээтэй, үнэн бодит баримттай өгүүлсэн байдаг юм. Монголд төрийн шагналт, монголын хамгийн том нийтлэлч Баабар, төрийн шагналт, түүхийн ухааны доктор О.Батсайхан нарын бүтээлд “ардын хувьсгал” гээчийн үнэн дүр төрхийг тодорхой баримтаар нотолж бичсэн байдаг юм. Энэ бүгдийг монголын түүхийн сурах бичигт үнэнээр нь бичих цаг болсон доо. Хэдий болтол монголчууд “ардын хувьсгал” хэмээх алуурчин улаантны төрийн эргэлтийг улиг болтол нь тэмдэглэх юм бэ. Монголчуудын хамгийн чухал түүхэн үйл явдал бол 1206 он, 1911 онд болсон юм шүү.Түүхийг улаантнууд шиг гуйвуулж худал хуурмаг зүйл болгох хэрэггүй. Үнэн хэзээд ялна.


       Доржийн СҮХБААТАР