ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 21 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас импортолж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд 50 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. "Канадын тал ялгаварлан гадуурхах, үндэслэлгүй болон тэгш бус хязгаарлалт тогтоох замаар зарим улстай хийж буй худалдаандаа АНУ-тай хийж байгаагаас илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна" гэж уг баримт бичиг дурдсан байна.
"Канадаас манай сүү, сүүн бүтээгдэхүүнд олон жилийн турш хүлээн зөвшөөрөх боломжгүй татвар ногдуулж ирсэн" гэж Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Наймдугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхлэх уг тарифын арга хэмжээ нь Хойд Америкийн хөрш хоёр улсын худалдааны зөрчлийг улам хурцатгах алхам болж байна.
Цагаан ордноос уг татварыг Америкийн бизнес эрхлэгчдийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж тайлбарлажээ. Шинэ татвар нь дарс, хоккейн цохиур гэх зэрэг өдөр тутмын хэрэглээний бараанаас эхлээд цемент зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүртэлх олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамарна. Харин эрчим хүчний эх үүсвэр, калийн бордоо, чухал ашигт малтмал, загас зэрэг экспортын гол нэрийн бараанд энэ татвар үйлчлэхгүй байна.
Америкийн тал Канадын ган, хөнгөн цагаан, зэсийн импортод 15-50 хувийн татвар ногдуулсан хэвээр байна. Түүнчлэн Канадын шилмүүст модон материалаас 35 хувийн татвар, мөн АНУ-д үйлдвэрлээгүй автомашины эд ангиас 25 хувийн татвар авч байгаа юм.
Харин Канадын тал хариу арга хэмжээ болгон АНУ-аас импортолдог ган, хөнгөн цагаан, автомашин зэрэг зарим бараанд 25 хувийн нөхөн тэнцүүлэх тариф ногдуулжээ. Үүнээ өмнө АНУ-ын эрх баригчид шударга бус худалдааны бодлого хэрэгжүүлж байна гэх үндэслэлээр эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 10 дугаарт ордог Бразил улсаас импортлох бараанд 25 хувийн тариф ногдуулахаар шийдвэрлэсэн тухай мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл0