sonin.mn

“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль уламжлал ёсоор Монгол Улсад 18 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэхүү сургуулийн анхан шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал (USARPAC), АНУ-ын Тэнгисийн явган цэрэг, АНУ-ын Аляска мужийн Армийн үндэсний гвардын (AKARNG) ажлын хэсэг, БНСУ-ын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн баг хамтран 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ЗХЖШ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар болон төлөвлөлтийн офицеруудаас бүрдсэн нийт 33, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USARPAC), АНУ-ын Тэнгисийн явган цэрэг, Аляскийн Үндэсний гвард (AKARNG), АНУ-ын Аюулгүй байдал, засаглал судлалын институт (ISG), Батлан хамгаалах хуулийн институтийн (DILLS) ажлын хэсгийн 24, БНСУ-ын болон Катар улсын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн багаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Хурлын хаалтын ёслолд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд энэ үеэр 2020 оны 6 дугаар сард зохион байгуулагдах тус сургуулийн команд штабын сургууль, ротын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулах талаарх дэлгэрэнгүй төлөвлөлтийг танилцууллаа.

Эх сурвалж: Соёмбо сонин