sonin.mn
Баян-Өлгий аймгийн төвөөс өглөө эртлэн Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг зорилоо. Ангийн залуустай хамт “Хүн тээвэр”-т сууж, бартаат замаар цаг гаруй сэгсчүүлэн явсаар ангийн байрлалд ирлээ. Сурвалжилга хийхээр хотоос ирсэн бидний хувьд өглөө бүр ингэж ажилдаа явна гэдэг үнэхээр хүнд санагдсаныг нуух юун. Замдаа ангийн зарим бүрэлдэхүүнээс яагаад танай ангид одоо болтол ажилчдын автобус байхгүй байгаа талаар асуувал “Ангийн удирдлага ЗХЖШ, ХЗЦК руу автобустай болох хүсэлтийг удаа дараа явуулсан. Гэвч одоог болтол шийдэгдээгүй л байна” гэв. Аймгийн төвөөс нэлээд зайтайн дээр замын бартаа саад, гуу, жалга ихтэй учир энэ ангид аюулгүй байдал, бэлэн байдал талаасаа хамгийн түрүүнд нэмж ажилчдын автобус хэрэгтэй юм байна гэсэн бодол эрхгүй төрөв.
Биднийг ангид ирэхэд жагсаалын талбайд залуус гардан тулааны үзүүлэх тоглолтын бэлтгэл хийж байлаа. Тэд “Монгол цэргийн өдөр”-өөр аймгийн төв талбайд 100 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулахаар ийн эртнээс өдөр бүр бэлдэж байгаа ажээ. “Өнгөрч буй 2019 оны хувьд бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэлийг жигдрүүлэх чиглэлээр онцгой анхаарч олон төрлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Мөн сургалт, дадлагыг чанаржуулахын тулд дотоод, гадаадын сургууль, дамжаанд бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажууллаа” гэж тус ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох онцолсон. Тэрбээр цааш нь “Манай ангийн бүрэлдэхүүний дийлэнх хувийг залуу офицер, ахлагч нар эзэлдэг. Мэдээж, аймгийн төвөөс алсад байрладаг учир бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байна. Яах вэ, энэ ангиар овоглодог зорилго нэгт хүмүүсээ санаа хоёрдолгүй албаа хаах орчин нөхцөлөөр хангахын тулд чадахаараа хичээж, төрөл бүрийн ажил санаачлаад хийж байна. Тухайлбал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын хүүхдүүдийг харах үйлчилгээг явуулж, одоогоор албан тушаалын 40 айлын орон сууцны нэгдүгээр давхарт 20 гаруй хүүхэдтэй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Эх орны баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа тэдний хувьд энэ бол том тус юм. Мөн энэ жил Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалын харьяа ангиудаас сахилгын зөрчилгүй анги, хамт олноор тодорч, бусдыгаа манлайлсныг дурдахгүй байхын аргагүй” гэж нэмж хэлэв. Сургалт бэлтгэлийн хувьд “2018-2019 оны сургуулийн жилд бид сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд ажил төлөвлөж, биелэлтийг нь ханган ажиллалаа. Зэвсэглэл, техник, холбооны бэлэн байдлыг дээшлүүлж, ангийн байрлалыг камеруудаар бүрэн хянаж, хөдөлгөөнт командын байрыг цогц байдлаар тохижуулсан зэрэг олон ажлыг энд дурдаж болно. Мөн штабын бэлтгэл, сургалтыг тасралтгүй зохион байгуулж, тасаг, салаа, ротын хээрийн дадлага, сургуулийг амжилттай явуулсан. Анги, салбарт өмнө нь ажиллаж байгаагүй буюу дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн залуу офицеруудыг албанд нь дасгах, тэдний цэргийн хэргийн мэдлэг, үүрэг гүйцэтгэх дадлага, жигдрэлтийг тус сургалтуудаар дээшлүүлсэн” гэж захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Олзбаяр хэлсэн.
 
 
Цэрэг хүний хөдөлмөр өндөр эрсдэл дагуулдаг онцлогтой гэдгийг бид мэдэх ч уулчин цэргүүдийн хувьд тэр эрсдэл хэд дахин нэмэгддэг юм байна гэдгийг тэдний албаас бид төвөггүйхэн анзаарсан юм. Хуурай замын цэргийн командлалын харьяа ангиудаас тус анги нь сургалт, үүрэг гүйцэтгэлт зэрэг хэд хэдэн зүйлээрээ онцлогтой. Ер нь тус ангид алба хаахад цэргийн алба хаагчдад нэмэлт хэд хэдэн шаардлага тавьдаг ажээ. Энэ тухай ангийн захирагч, хурандаа Ц.Буянтогтох “Уулын цэрэг гэдэг нь манай Зэвсэгт хүчинд шинэ ойлголт юм.
 
 
Ерөнхийдөө уулын цэрэг нь өндөр уулын бүсэд үүрэг гүйцэтгэх, газар орон, цаг уурын онцлогийг нарийн мэдрэх зэрэг үндсэн хэд хэдэн чадварыг эзэмшсэн байх ёстой. Сургалтын хувьд уулын өндрийн бүсийн, уулын хүйтний гэж хоёр үндсэн шаттай. Өндрийн бүсийн сургалт нь зуны цагт явагддаг бол хүйтний сургалт нь өвлийн улиралд явагддагаараа онцлог. Иймд тухайн цэргийн алба хаагчаас уулын хэрэгслүүдийг улиралд тааруулан ашиглах, тэсвэр, хатуужилтай байх зэргийг нэн тэргүүнд шаарддаг онцлогтой. Цаашдаа гадаадын улс орнуудын цэргийн алба хаагчидтай хамтран хийх сургалтуудыг ахисан түвшинд хийхээр төлөвлөсөн” гэв. Зэвсэгт хүчнийхээ хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг улсууд энэ төрлийн цэргийг маш сайн хөгжүүлсэн байдаг бөгөөд тэднээс туршлага судалж, нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаагийн нэгэн жишээ нь өнгөрсөн намар явагдсан ХБНГУ-ын цэргийн алба хаагчидтай хамтарсан сургалтыг нэрлэж болно. Энэ сургуулийн жилийн хувьд “Штабын сургалт, бэлтгэлийг улам сайжруулах, хамтарсан сургалт, дадлагуудад бие бүрэлдэхүүнийг идэвхтэй оролцуулах, сахилга, зохион байгуулалтаараа тэргүүний анги болохоор зорин ажиллаж байна” гэж захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Олзбаяр нэмж өгүүлсэн.
Уулын тусгай батальон нь Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбаруудын нэг болохоор тухайн орон нутагтаа цэргийн албыг таниулан сурталчлах талаар нэлээд зүйл хийгээд байгаа гэнэ. Ялангуяа сумын сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилгоор төрөл бүрийн яриа, лекц, таниулах хичээлийг явуулж, сургуулиудын спорт заалыг засаж, тохижуулахад дэмжлэг үзүүлсэн нь үр дүнгээ өгч, сум орон нутаг дахь иргэн-цэргийн харилцаа бэхэжсэн байна. Түүнчлэн энэ жил Сагсай сумын 60 жилийн ой тохиосон бөгөөд тус ойд зориулж сумын зочдыг угтах, үдэх самбарыг тус ангийнхан шинээр хийжээ. Тус самбарт уулын цэргийн онцлогийг илэрхийлснээс гадна орон нутагт амьдардаг ард иргэдийн онцлогийг давхар шингээсэн нь нутгийн иргэдэд тун ч таалагдсан гэдгийг ангийн ахлагч нар хэлсэн. Үүгээр ч зогсохгүй сумандаа сурын талбайг шинээр тохижуулан хүлээлгэн өгч, орон нутгийн спортын клубүүдтэй хамтран “Тод баруун Алтай” клубтэй хамтран ажиллаж, бие бүрэлдэхүүний чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлсэн байна.
 
 
МЭРГЭЖЛИЙНХЭЭ ДАГУУ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДСЭНД БАЯРЛАДАГ
 
Уулын бэлтгэлийн офицер, ахмад Э.Энхбаатар:
 
-2005 онд ҮБХИС-д элсэж, 2009 онд ХБНГУ-ын Уулын явган цэргийн сургуулийг төгссөн. 2011 оноос Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж байгаад 2018 онд энэхүү ангид томилогдсон. 2012 оноос хойш гурван удаа Афганистан улсад холбогч болон ажиллагааны офицероор үүрэг гүйцэтгэхдээ гаднын орнуудын цэргийн алба хаагчидтай туршлага солилцох боломж олдсоныг их завшаантай хэрэг гэж боддог. Цэргийн алба хаагчдыг удирдах, сургаж бэлтгэх, баримт бичиг боловсруулах, мэдээлэл солилцох зэрэг чиглэлийн сургалтууд жинхэнэ утгаараа явагддаг бөгөөд залуу хүн тэр бүгдээс нэрэлхэлгүй суралцах ёстой юм билээ. Би ч өөрийгөө түүнээс гажаагүй гэж боддог. Анх сургуулиа төгсөөд ирж байхад Зэвсэгт хүчинд уулын цэргийн анги гэж байгаагүй. Харин өнөөдөр Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид алба хааж, эзэмшсэн мэргэжлийнхээ хэргийг гаргах боломж бүрдсэнд баярлаж байна. Энэ ангид ирсэн залуус нэг гэр бүл, нэг хамт олон болсон. Эхэндээ бага зэрэг эвгүй байсан тухай бид үе үе бяцхан түүх сөхөж ярьдаг юм. Энэ хууч яриа ч гэсэн бидний бүтээж буй дурсамж. Миний мэргэжил уулархаг, өндөр бүсэд үүрэг гүйцэтгэхэд төлөвлөлт, зохион байгуулалт хийж, дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. Саяхан явагдсан ХБНГУ-ын уулын явган цэргийн роттой хамтарсан анхан шатны сургалтаар өмнөх мэдлэгээ баталгаажуулж, туршлага хуримтлууллаа. Мөн АНУ-тай хамтарсан “Энхийн улирал” сургалтыг ч бас орхигдуулж болохгүй. Манай улсаас эдгээр улстай хамтарсан сургалтуудад оролцсон бие бүрэлдэхүүн өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Энэ эрч хүчээ алдалгүйгээр дараагийн сургалтуудад бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Сургалт бэлтгэлийн хувьд уулын бэлтгэлийн офицер, уулын хөтөч багш гэсэн мэргэжлийн стандартыг шинээр нэмсэн. Мөн төлөвлөгөөндөө уулын бэлтгэлийн хичээл, сургуулийг хоёрдугаар үе шатанд нь нэмж оруулснаар тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт бий. Мөн манай ангийн бие бүрэлдэхүүн сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэхийн тулд олон ажил хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Энэ нь цэргийн албыг бэхжүүлэх, сахилгын зөрчлийг арилгах талаар сүүлийн жилүүдэд хийгдсэн гол ажлуудын илрэл юм.
 
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙГ ТЭРГҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
 
Холбоо, мэдээллийн тасгийн дарга, дэслэгч Б.Оксана:
 
-Би 2009-2013 онд ҮБХИС-ийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Тус ангид томилогдоод дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Уулын тусгай батальоны хувьд газар орны онцлог орчин нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг учир холбоо зохион байгуулалт маш чухал. Ялангуяа өндөр уулын бүсэд, цаг агаарын хүнд нөхцөлд холбоочдоос мэргэжлийн ур чадвар болоод тэсвэр хатуужил их шаарддаг. Энэ жилээс ангийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна. Анги маань байгуулагдаад удаагүй учир залуус бид аль чадахаараа ангийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж, нэлээд хэдэн ажил санаачлан хийж байна. Нөгөөтэйгүүр ангийн удирдлагаас цэргийн алба хаагчдын ар гэрийг дэмжиж, ажил албаа сэтгэл амар тайван гүйцэтгэх боломжоор хангаж байгаад бид маш их баярладаг. Миний нөхөр ахмад Б.Шижир нь мөн тус ангид Ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны офицероор ажилладаг.
 
АР ТАЛЫН ХАНГАЛТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЗҮРХ НЬ ЮМ
 
Ар талын даргын орлогч, техникийн ахлах офицер, дэд хурандаа Д.Цэен-Ойдов:
 
-Цэргийн албыг амьдралын алба гэж төсөөлдөг. Үнэхээр ч хүнийг амьдралд хөл алдахааргүй бат ноён нуруутай, сахилга, зохион байгуулалттай, төлөвшилтэй болгодог юм билээ. Би анх малын их эмчээр ажлын гараагаа эхэлж, шат шатны курс, сургуулиудад хамрагдаж цэргийн мэргэжлийн хүн болох сууриа тавьж байв. Ар тал, ахуй хангалтгүйгээр ангийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй гэдгийг эдгээр жилд тун сайн ойлголоо. Өөрөөр хэлбэл ар тал, ахуй хангалт гэдэг бол Зэвсэгт хүчний зүрх нь юм. Тиймдээ ч одоо хийж байгаа ажил, мэргэжлээрээ туйлын их бахархдаг бөгөөд их хариуцлагатай ханддаг. Манай хамт олон 2019 онд ажлынхаа гүйцэтгэлийг бүрэн хангалаа. Ирэх онд нэгдүгээрт, орон сууцныхаа хангалтыг сайжруулж, дараагийн дугаарт ангийн байрлалд шатахуун түгээх станцыг бариулах шаардлагатай. Одоогоор "Ник", "Тэс петролиум" зэрэг ХХК-аас бид гэрээний дагуу шатахуунаа авч үүрэг гүйцэтгэж байна. Мөн ногоон байгууламжаа өргөжүүлнэ. Өнгөрсөн оны тухайд есөн төрлийн 6000 модыг шинээр суулгаж, зарим хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлсэн.
 
ЦОЛ БҮХЭН САЙХАН
 
Хувцасны офицер, ахмад Ц.Золбаяр:
 
-2002-2003 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Тухайн үед ахлах түрүүч цолтой халагдсан залуусыг ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Б.Отгонбаяр сонгон шалгаруулалт хийж, ахлагчийн албанд дэвшүүлж байлаа. Миний хувьд ч тэрхүү боломжийг "тас зуурч" халагдсаныхаа дараа артиллерийн удирдах салаанд хол хэмжигч, 2006-2007 онд байр зүйн оператор, механик жолооч зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ҮБХИС-ийг ар талын мэргэжлээр төгссөн. Ингээд Зэвсэгт хүчний 123, 336 дугаар ангид ар тал, материал хэрэгсэл агуулахын болон хүнсний албаны дарга, шатахууны албаны даргаар ээлж дараалан ажиллаж, 2018 онд тус ангид томилогдсон. Яг энэ газар 2012 онд Зэвсэгт хүчний 123 болон 084 дүгээр ангийн хамтарсан “Өгөөмөр” хээрийн сургууль болж байсан түүхтэй. Харин одоо суурин дээр нь Зэвсэгт хүчний 331 дүгээр анги бий болсонд би хувьдаа их бэлгэшээдэг юм. Цол бүхэн сайхан шүү. Миний хувьд байлдагчаас ахмад хүртлээ Зэвсэгт хүчин гэсэн том өрх айлд алба хааж, шат шатны сургууль, дамжааг дүүргэсээр 18 жилийг ардаа үдсэн байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, ангийн маань суурь маш сайн тавигдаж байгаа гэдгийг итгэл төгс хэлж чадна. Тиймээс энд алба хаах хүсэлтэй залууст манай ангийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна. Төгсгөлд нь ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
 
ОТГОН АНГИЙН ШИНЭХЭН ДЭСЛЭГЧ
 
ОХУ-ын Москва хотноо Цэргийн их сургуулийг цэргийн прокурор мэргэжлээр төгссөн шинэхэн дэслэгч Ц.Баттогтох хамгаалалтын салааны захирагчаар томилогдоод удаагүй. Залуу хүний хувьд өөрийгөө шинээр нээх хүсэл зорилгодоо хөтлөгдөн алс хол газарт алба хаахаар Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумыг зорьжээ.
 
 
“Аав маань цэргийн хүн хэдий ч би огт өөр мэргэжил сонирхдог байлаа. Харин удмынхаа залгамж халааг таслалгүй өөрийн хүсэл, сонирхолтой нийцүүлэх боломж бүрдсэн нь цэргийн прокурор мэргэжил эзэмшсэн явдал гэж боддог. Одоо мэргэжлийнхээ утга учир, үнэ цэнийг илүүтэй мэдэрч байна.
 
 
Энэ сонголтыг хийхэд хамгийн их дэмжлэг үзүүлж, зөвлөсөн аавдаа баярлаж байна” гэж ярьсан. Тэрээр Зэвсэгт хүчний хамгийн отгон ангиас ажлын гараагаа эхлүүлж байгаагаа зүгээр ч нэг тохиол төдий зүйл гэж боддоггүй. Үүний цаана мэргэжлийн ур чадвараа ахиулах, ажлын байран дээрээ хөгжих зэрэг олон боломж бий гэдгийг олж харсан аж.
 
 
ЗАЛУУСТАЙ ЭН ЗЭРЭГЦЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХИЙН ТУЛД ХИЧЭЭЖ ЯВНА
 
Тасгийн захирагч, ахлах ахлагч Д.Чинзориг:
 
-Тус ангид томилогдоод ердөө хагас сарын нүүрийг үзэж байна. Сургалт бэлтгэлээрээ өвөрмөц эл ангид ирсэн даруйдаа юм бүхэн нь надад сонин санагдаж байлаа. Одоо ч тэр “шок”-оосоо гарч амжаагүй л явна. Би өмнө нь Зэвсэгт хүчний ... дугаар салбар болон 186 дугаар ангид тус тус алба хааж байсан бөгөөд хуягт танкийн механик жолооч мэргэжлээр 17 жил ажилласан. Ёстой л залуу хүний эрч хүч, авхаалж самбаа, “шандас”-ыг сорьсон анги юм. Тиймээс залуусынхаа амжилтыг хойшоо татчихгүй, эн зэрэгцэн үүргээ гүйцэтгэхийн тулд хичээж явна. Ангийн бие бүрэлдэхүүний уур амьсгал, хийж бүтээх эрмэлзлээр дүүрэн залуустай хамтран ажиллахад үнэхээр сайхан байна. Энэ жил манай ангид бага мэргэжилтнүүдийг бэлтгэх мэргэшүүлэх шатны сургалт явагдсан. Мэргэжлийн ахлагч нарыг давхар бага мэргэжлээр бэлтгээд тухайн албан тушаалд томилж байгаа явдал нь ангийн удирдлагаас хийж байгаа ахлагчийн алба руу чиглэсэн том ажил болсон гэж миний хувьд онцлохыг хүсэж байна.
 
 
БАРУУН ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БАЙГААГААРАА БАХАРХДАГ
 
Буудагч, ахлагч Ч.Пүрэвсүрэн:
 
-2013 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгссөн. 2016 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн уулын ротын бүрэлдэхүүнд багтаж Сагсай суманд ирж байлаа. Ингээд анги үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл алба хааж байна. Мэдээж эндээ алба хааж, өөрийгөө хөгжүүлье, шинэ Пүрэвсүрэнг "бүтээе" гэсэн зорилготой, саналаа хэлээд эндээ үлдсэн. Монгол Улсынхаа баруун хязгаарт байгаагаараа мөн хамгийн отгон ангийн түүхийг хамт бичилцэж яваагаараа бахархдаг. Анги маань төрсөн гэр шиг сэтгэгдэл төрүүлдэг гэхэд болно. Ангийн удирдлагын зүгээс ч офицер, ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг боломжит хувилбараар шийдсээр ирсэн. Сургуулиа төгсөөд ирж байгаа залуу ахлагч нарыг албанд нь дасгах, сургах талаар багагүй ажил хийгдэж байгаа ч мөн тэднээс сурах зүйл ч их юм байна. Нийгэм, цаг үеэ дагаад өнөөдөр хүмүүсийн сэтгэлгээ ч хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ дунд би ч бас боловсрох хэрэгтэй гэдгээ анхаарч англи хэлний мэдлэгийн түвшингээ дээшлүүлэхийг зорьж байгаа.
 
 
АЛБА ХААХАД СЭТГЭЛ ХОЁРДОХ ЗҮЙЛГҮЙ
 
Механик жолооч, ахлагч Б.Батзориг:
 
-Монгол орны дээвэр болсон баруун хязгаар нутагт алба хааж байгаагаараа бахархдаг. Ер нь зайдуухан газар алба хаая гэсэн бодол үе үе төрдөг байлаа. Бодол биеллээ олсон гэхэд болно. Газар орны онцлогийн хувьд уулархаг, өндөрлөг бүс нутаг юм. Эндээс их зүйлийг сурна гэсэн зорилготой ирсний зэрэгцээ орон байрны асуудал сэтгэл зовоож байлаа. Гэтэл ангийн удирдлагуудын зүгээс гэр бүлийн маань нийгмийн асуудалд онцгойлон анхаарсан. Орон байраар хангаж, гэр бүлийн маань хүнийг ажлын байртай болголоо. Одоо бидэнд алба хаахад сэтгэл хоёрдох зүйлгүй. Эх орныхоо төлөө зүтгээд байна даа.
 
“БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛЬЕ
 
Буудагч, дэд ахлагч Н.АВИД:
 
-Би ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг энэ жил төгсөөд тус ангид томилогдон ирсэн. Өмнө нь ийм анги байдаг гэдгийг сонсоо ч үгүй байсан миний хувьд үнэхээр гэнэтийн зүйл болсон. Өндөр уулс, сарьдгуудаар “гэр” хийсэн эрэлхэг хөвгүүд, охидтой хамтран ажиллаж, ажил амьдралынхаа гарааг Зэвсэгт хүчинд ганцхан байх уулын тусгай батальоноос эхлүүлж байгаадаа туйлаас баяртай байна. Мэдээж залуу хүн учраас зарим зүйлд алдаа дутагдал гаргаж байгаа ч түүнийг минь зөвөөр ойлгож, үргэлж надад тусалж, дэмжиж, зааж, сургаж байдаг ангийнхаа ах нарт “Баярлалаа” гэж хэлье.
 
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЧАНД САХИЖ АЖИЛЛАДАГЦАХИЛГААНЧИН Б.ЖАМБАЛГАРАВ:
 
-Гурван жилийн өмнө тус ангийг байгуулагдсан цагаас эхлэн ажиллаж байна. 2016 онд анги маань одоогийнх шиг ийм сайхан тохижиж амжаагүй байсан. Ангийн захирагч болон удирдлагаас хамт олныхоо төлөө ихээхэн анхаарч ажиллаж байгааг би хараад баярладаг.
Цахилгаанчин мэргэжил сайхан шүү дээ. Хүмүүст гэрэл гэгээ, амьдралыг бэлэглэдэг. Мөн нөгөө талаараа эрсдэл ихтэй, ганц л удаа буруу холболт хийхэд өрөөлийн болоод өөрийн амь насыг ч эрсдэлд оруулж мэднэ. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж, ажил, үүргээ гүйцэтгэх нь миний нэн тэргүүний баримталдаг зарчим. Би Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат хүн. Орон нутагт Зэвсэгт хүчний анги, байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлснээр энгийн ажилтан бидний хувьд ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж гарч байна.
 
АНГИЙН СУУРИЙГ ТАВИЛЦСАН "БЛЕК"
 
Та бүхэнд "Блек"-ийг танилцуулж байна. "Блек" нь Бельги үүлдрийн овчарк бөгөөд ангийн байрлалд харуул хамгаалалтын үүргийг тав дахь жилдээ амжилттай гүйцэтгэж байна. Тэр 10 настай. Ийм настай нохойг залуу гэж хэлэхгүй ч үүрэг гүйцэтгэлийн чадвар харьцангуй өндөр байгаа гэнэ. Анх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн уулын явган цэргийн ротынхон "Блек"-ийг сургалтад ашиглаж байгаад анги үүсэн байгуулагдах үеэр энд үлдээсэн байна. Энэ тухайд хошууч М.Баярсайхан хэлэхдээ “Төрсөн цагаас нь шахуу хамт байсны хувьд энэ нохой миний гэр бүлийн нэг гишүүн л гэсэн үг. Нохойны онцлогийн хувьд 12 командыг гүйцэтгэхийн зэрэгцээ гаднын хүнийг таньж дохио өгөх шаардлагатай үед саатуулах, хорих чадвартай. Эхэндээ үүрэг гүйцэтгэх чадавхгүй байсан хэдий ч сургалтад хамрагдсанаар дээрх асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн гэхэд болно. Хилийн цэргийнхэн Блекийг маань сэтгэн бодох өндөр чадвартай гэж дүгнээд явсан. Одоо нохойг уулын сургалтад ашиглаж байна” гэв. Хошууч М.Баярсайханы хувьд "Блек"-ийг уулын байрлалд үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг шалгахаар өгсүүр газар хэд хэдэн удаа ус, эм, тариа зэргийг зөөвөрлүүлж үзсэн нь үр дүнгээ өгсөн гэнэ. Түүнчлэн хүйтний улиралд тэсвэртэй, сэтгэн бодох чадвар бусад нохойноос өндрөөс гадна эзнийхээ сэтгэл зүйн байдлыг соргогоор мэдэрч, сэтгэл санаагаар ч дэмждэг гэсэн шүү. ХБНГУ нь уулын нохойн сургалтын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд хошууч М.Баярсайхан тус орны туршлагаас судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж байна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин