sonin.mn
Дэлхийн хотуудад автобусны буудлын стандарт гэж байдаг. Манайд ч бас бий. Гэхдээ бид автобусны буудлын стандартаа мөрдөж чаддаггүйд асуудал байна. Хотын захын зарим газарт стандарт битгий хэл автобусны буудал гэсэн тэмдэг тэмдэглэгээ ч байдаггүй. Тухайлбал, Амгалан-Налайх, Ханын материал-Зүүн салаа гэсэн чиглэлд явбал буудал мөн эсэх нь мэдэгдэхгүй газар олон байна.  НЗДТГ-аас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт”-ын жил болгон зарлаад байгаа.
 
Энэ  дагуу автобусны буудал, нийтийн тээврийн автобусанд стандарт мөрдүүлэхээр ажлаа эхэлжээ.   Хэдэн жилийн өмнө 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий автобусны ухаалаг буудлуудыг барьсан. Тодруулбал, Хотын онцлогт тохируулж хэмжээний хувьд таван метр, найман метр, 12 метр гэсэн гурван төрөл.  Мөн байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “Side de-ray led” гэрэлтүүлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй, иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан хэмээн тухай үедээ рекламдаж байв. Мөн автобусны чиглэл, ойр орчмын гудамж талбайн мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай байна гэжээ.   Тэр үед хотын төвийн буудлуудыг шинэчлэсэн нь  үнэн. Гэхдээ яг дээр бичсэн шиг ухаалаг болсон нь юу л бол. Одоогоор манайх Барилга хот, байгуулалтын сайдын 2017 онд баталсан стандартыг энэ чиглэлд мөрддөг. Энд  автобусны буудал нь  зорчигчийн ая тухтай байдал, явган хүний зам, ус зайлуулах хоолойтой байх.  Мөн 50 метрт түргэн үйлчилгээний цэггүй, нийтийн тээврийн чиглэл маршрутыг байрлуулсан байх ёстой хэмээн заажээ.  Нийтийн тээврийн  хөдөлгөөний цагийн хуваарь маршрутын мэдээллийг хүний харааны түвшинд байрлуулна гэжээ.  Мөн харааны бэрхшээлтэй иргэнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж зогсоол бүрт нэр хаяг, чиглэлийг бичмэл болон зурган хэлбэрээр байрлуулна гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр автобусны буудлын чиглэл заасан самбар нь хүний нүдэнд тусахааргүй байгаа юм.
 
Тэгвэл энэ талаар нийтийн тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийслэлд 930 автобусны зогсоолыг байдаг. Үүний 57 нь эцсийн зогсоол. Гэхдээ бид үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон стандартыг бий болгохын тулд хэд хэдэн ажлыг хийж байна. Тухайлбал, жил бүр 13-15 автобусны зогсоол шинээр барьж, тохижилт үйлчилгээний ажил хийж байна. Мөн ухаалаг нийтийн тээврийн зогсоолыг төв номын сан, Хүннү молл, Өргөө кино театрын автобусны буудлууд дээр туршигдаж байна. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх тал дээр хамгийн ихээр анхаарч байгаа. Ялангуяа харааны бэрхшээлтэй иргэнд зориулж баррель үсгээр чиглэл заах, буудлуудыг дуут дохиотой болгох тал дээр анхаарч байгаа” гэсэн юм.
МУИС-ийн II байрны өмнө байрлах автобусны буудал дээр зогсож байгаа хүмүүс бие биенээсээ явах чиглэлийнхээ автобусыг асуух хүмүүс цөөнгүй. Харин шон дээр зоосон чиглэл заасан бичгийг анзаарах хүн тун цөөхөн. Харин саравчны доорх янз бүрийн рекламууд хүмүүсийн анхаарлыг ихэд татна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд  ч хаяг чиглэлийг харахад  харааны түвшингээс өндөр, харин хараагүй иргэнд мэдэх боломж муу зэрэг хүндрэл  байсаар байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин