БУЭНОС-АЙРЕС, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /Reuters/. Аргентины хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадонагийн өсөж төрсөн даруухан сууц өдгөө ядууст халуун хоол түгээх газар болон хувирчээ. Буэнос-Айрес хотын захын ядуусын хороолол болох Вилла Фиоритод байрлах уг байшингийн гадаа долоо хоног бүр олон зуун хүн хоол авахаар дугаарлах болсон байна.
2020 онд зүрхний шигдээсээр нас барсан алдарт хөлбөмбөгчний гэр бүл уг байшинг орхин яваад удаж байгаа бөгөөд одоогийн өмчлөгч нь сүүлийн нэг сарын хугацаанд сайн дурынханд хашаагаа ашиглуулах болжээ. Сайн дурын ажилтнууд тэнд ил гал дээр хоол бэлтгэж, хөрш зэргэлдээх оршин суугчдад түгээдэг байна.
Тус байшинг 2021 онд Аргентины Үндэсний түүхийн дурсгалт газраар бүртгэсэн юм. Аргентинд ядуурлын түвшин буурч байгаа ба мягмар гарагт танилцуулсан албан ёсны статистик мэдээгээр 2024 оны эхний хагаст 52.9 хувьтай байсан ядуурал 2025 оны сүүлийн хагаст 28.2 хувь болж буурсан байна. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Хавьер Милейгийн хэрэгжүүлж буй төсвийн хатуу хэмнэлтийн бодлогоос үүдэн төрийн албан хаагчдын тоо эрс цөөрч, тээвэр, эрчим хүчний татаас зогссон нь иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт хүнд цохилт болжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл2
Их хүмүүн өнгөрсөн хойноо ч буянаа хайрлах юм.
Манай аварга бөхчүүд амьддаа хураасан муу жоохон эд баялагаа үхэхдээ авсандаа аваад ордог бхоо, энд тэнд, ийм тийм буян хийлээ л гэж дуулддаггүй л юм ш дээ.