sonin.mn
Байгаль дэлхийдээ ээлтэй амьдрахын тулд та өнөөдрөөс “Тэг хаягдал”-тай амьдрахыг хичээгээрэй. Энэ бол эх дэлхийдээ хайртай орчин үеийн иргэдийн ухаалаг давлагаа болж байна. “Зууны мэдээ” сонин “Тэг хаягдал” сэдвээр цуврал сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ.
 
 
 
Хүн төрөлхтөн жилд 2.3 тэрбум тонн хог хаядаг. Үүний гуравны нэгийг зөвхөн сав баглаа боодол эзэлж байна. Сав, баглаа боодол нь тухайн барааны нийт өртгийн ойролцоогоор 10 хувийг эзэлж, гэр ахуйн хаягдлын 65 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл бид иддэггүй, хэрэглэдэггүй зүйлд л хамаг  мөнгө, хүчээ зарцуулдаг гэсэн үг.
 
 
Энэ удаагийн нийтлэлээр бидний нэрлэдэгээр картон буюу бор хатуу цаасан хайрцагны хаягдлын талаар хөндөж байна.
Энэ төрлийн хаягдал нэг дор хамгийн их гардаг сар бол жил бүрийн хоёрдугаар сар. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсч тэр хэрээр хүнсний сав баглаа боодолд ашигладаг цаасан хайрцаг, түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн хэвийн боовны хайрцагны хаягдал огцом нэмэгддэг. Зөвхөн хэвийн боовоор жишээ авахад манай улсын 900 мянга орчим өрхийн 60 гаруй хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баяраар дор хаяж 500 мянган хайрцаг хэрэглээнд гарч байна. Айлуудын зарим нь гэр ахуйдаа агуулах сав болгож ашиглах нь бий ч ашиглалтын хугацаанаас эс хамааран эцсийн дүндээ хаягдал л болдог. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас үйлдвэрлэсэн картон хайрцгуудын 95 орчим хувь нь нэг удаагийн хэрэглээний дараа шууд хаягддаг гэсэн судалгааг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр жил бүр 90 орчим тэрбум ширхэг картон хайрцаг хаягддаг аж.
 
Харин манай улсад картон цаасны хаягдлын талаар хийсэн тодорхой судалгаа одоогоор алга. Бидний зүгээс картон цаасны хаягдлыг багасгах эко санаачлагыг манай үндэсний үйлдвэрлэгчид идэвхтэй хийгээсэй гэж хүсч байна. Тэр дундаа хэвийн боов үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Өгөөж”, “Талх чихэр”, “Бамбууш” гэх мэт томоохон компаниудад нэгэн уриалгыг гаргахаар энэхүү нийтлэлийг бэлтгэж байна. Юу гэвэл хэвийн боовны хайрцгийг худалдан авагчдаасаа эргүүлэн авдаг, дахин боловсруулахад ач холбогдол өгч бусад улс орнуудын тодорхой туршлагуудаас хэрэгжүүлмээр байгаа юм. Угаасаа дэлхий нийтээр бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эко хандлагатай болж эхэллээ. Хамгийн сүүлд шуугиан тарьсан томоохон жишээ бол электрон бараа үйлдвэрлэгч“Samsung Electronics” компанийн эко хайрцаг.
 
 
 
“Samsung Electronics” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хог хаягдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй эко багцыг хэрэглэгчдэдээ санал болгож эхлээд байна. Юу гэвэл та худалдан авсан электрон барааныхаа хайрцгийг ашиглан өөрийн гараар төрөл бүрийн тавилга, тухайлбал, номын тавиур, орны дэргэдэх жижиг ширээ, шүүгээ, эсвэл бүр хайртай нохой, муурандаа жижигхэн байшин хийгээд өгчихөж болно. Энэхүү шинэлэг дизайны хайрцагнууд нь дахин ашиглагдах, хэрэгцээт хялбархан, минимал стилийн тавилга болчихож байгаад хэрэглэгчид нь тун талархалтай байгаа аж.
 
Тэд шинэ аргаа эхний ээлжинд “The Serif” загварын телевизоруудын баглаа боодолд ашиглаж байна. Хэрэглэгч телевизороо худалдаж аваад хайрцгаар нь  30-40 минутын хугацаанд хоёр дахь тавилгаа угсарчих боломжтой. Тухайн хайрцагны гадна талд байгаа QR кодыг ашиглан тавилга угсрах заавраа авна. Зааврын хувьд маш энгийн. Хайрцагны картон дээр хэвлэсэн цэгүүдийг харандаагаар холбож, хайчлаад, зориулсан хэсгүүдийг хооронд нь угсраад л шинэхэн тавилгатай болчих нь тэр.
 
Эко сав баглаа боодлын энэхүү өвөрмөц дизайныг байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахыг дэмжсэн “CES Innovation Awards”-аас хүлээн авсан байна. Ер нь тус компани өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслийг зөөдөг төхөөрөмж, том оврын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт бүх хайрцаг, цүнх болон бусад материалыг биопластик, дахин боловсруулсан цаас гэх мэт материалаар хийдэг болсон билээ. Жишээлбэл, ухаалаг утасны дэлгэц хамгаалагчийг гэхэд хуванцар хаягдал, цардуул, чихрийн сав гэх мэт сэргээгдэх материалаар хийдэг болсон байна.
 
 
 
Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 ширхэг мод, 26500 литр ус зарцуулж,  4100 Квт цахилгаан хэрэглэж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Тиймээс байгалийн нөөцөөс шууд авч үйлдвэрлэж байгаа бор цаасны үйлдвэрлэлийг багасгахад оновчтой шийдэл болсон энэ мэт аргуудыг манай үндэсний үйлдвэрлэгчид ашиглах өргөн боломж байна. Дэлхийн хандлага хаягдлаа ашиглахад чиглэж байхад манай үндэсний үйлдвэрлэгчид ч санаачлага гаргах хэрэгтэй.
 
 
 
Хаягдал цаасыг дахин боловсруулж, дотоодын картон хайрцаг, цаасны хэрэгцээг хангах боломжтой гэгддэг манай томоохон ганц үйлдвэр болох “Сайн цаас” компанийнхан гаднаас түүхий эд худалдаж авахаа багасгахыг хичээдэг тухайгаа илэрхийлж байсан. Гагцхүү хаягдал бор цаасны түүхий эд хангалтгүй байдаг гэсэн юм. Хэрэв  түүхий эд нь хангалттай байвал бид цаасан хайрцаг гаднаас авах шаардлагагүй гэв. Тиймээс бид хаягдал картон цаасыг энэ мэтчилэн хэрэгцээтэй үйлдвэрүүдэд нь хүргэх механизмыг сайжруулж, дээр дурдсанчлан “Samsung”-ийн туршлагатай адилаар дахин ашиглах гэх мэт сайн аргуудыг олмоор байгаа юм.
Иргэд цаасны хаягдлыг ихэвчлэн шатаадаг. Гэвч картон цаасыг шатаахад цавуу болон нэмэлт бодистой учир шаталт муутайгаас гадна хурц үнэртэй, утаа тортог их гаргадаг. Газарт булахад ялзрах явцдаа өвчин үүсгэгч нян ялгаруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн нэг тонн картон цаасыг газарт булахад гурван м/кв талбайг эзэлдэг байна. Тиймээс хаягдал картон цаасыг устгалд оруулахаас илүүтэй дахин боловсруулах нь хамгийн зөв арга юм.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин