sonin.mn
♦ Зодовын Мягмар
♦ Увс аймгийн Завхан сумын харьяат.
♦ Нисэх онгоцны ашиглалтын техникч мэргэжилтэй.
♦ 1975 оноос МИАТ-ийн байгууллагад АН-2, АН-24 онгоцны техникч, шалгагч инженер, АН-24-ын бортмеханик, Боинг-727 онгоцны нисгэгч инженер болон МИАТ ХК-ийн захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга, Аудитын хэлтэст ахлах байцаагч, Сэүл, Эрхүүгийн төлөөлөгчийн газарт төлөөлөгч, борлуулалтын менежер зэрэг албан тушаал хашиж байсан.
♦ 1990 онд Намын дээд сургуулийг төгсгөсөн. Дараа нь тус сургуулийнхаа докторантурт суралцаж “Иргэний нисэхэд хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох замаар нислэгийн аюулгүй байдлыг хангах нь” сэдвээр удирдахуйн ухааны доктоын зэрэг хамгаалсан.
♦ 1992 оноос АН-24 онгоцны нисэгч, механик нарын багшаар ажиллаж газар болон агаарт онгоцны найдвартай ажиллагааг шалгах үйл ажиллагаанд залуу үеийг дадлагажуулан сургаж ирсэн.
♦ 2010 оноос ШУТИС-ийн “Механик, тээврийн сургуульд гэрээт багш, диплом хамгаалуулах багийн ахлагчаар ажиллаж агаарын тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
 
ТҮҮНИЙ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ТЭРГҮҮН ҮГ
 
З.Мягмар гэдэг энэ хүн Монголын агаарын тээврийн олон үеийн цаг хугацааны мөчлөгт өөрийн гэсэн зам, мөрөө гаргаж энэ тухайгаа бичиж, бүтээж яваа юм билээ л.
Түүнтэй уулзаад баярласан шалтгаан хэд хэд бий. Агаарын хөлөгтнүүдийн бие төлөөлөл энэ нөхрийн ярианаас МИАТ гэх Монголын нүүр царай болсон нэг байгууллага, тэнд ажилладаг олон сайхан хүмүүсийн ажил амьдралтай танилцахдаа нисэгч нар гэдэг тэнгэрт суудалтай эгэлгүй завьяат үйлсийн эздийг магтан зарлах, заримыг нь нэхэн дурсах завшаан олдсон юм. Нөгөө талаар З.Мягмарын туйлын ажигч гярхай байдал, анд нөхдийнхөө сайн, муу талыг яг л үнэн, ая тал засахгүйгээр шударгаар ярьж байгаа нь таалагдсан. Бас өөрөө техникийн хүн атлаа ажил, амьдралаасаа олж авсан ухаан нь ямар их философлог юм бэ гэдгийг мэдэрсэн. Тэгээд эцэст нь инженер Мягмарыг мэргэжилдээ туйлаас үнэнч, нөхөддөө хандах хандлага нь ч тийм, аливаа асуудлыг амьдралын хөрсөнд буулгах авьяастан гэж хэлмээр санагдсан. Нэг үед МИАТ-ын намын хорооны дарга асан Ц.Мягмар “Хүмүүн судар”-ын маань зочины тухай хэлэхдээ.
 
-Цаадах чинь бусдыг дэмжихдээ үг сэтгэлээ харамладаггүй нэгэн. Гол сайхан чанар нь юмыг үргэлж гэгээлгээр дурсаж бүтээж явдаг хүн шүү гэж байлаа.
 
САЙХАН ДУРСАМЖИЙН ЭЗЭН АМЬД СУДАР
 
-Та аль нутгийн хүн бэ. Аав, ижийгээ дурсан ярина уу?
 
-Үндсэн захиргаа гэвэл Увс аймгийн Завхан сум. 1953 онд Хяргас нуурын хөвөөнд төрсөн. Жирийн ард Зодовын тав дахь хүү нь. Аав маань Халхын голын дайнд оролцож явсан ахмад дайчны нэг байлаа. Гарын дүйтэй мод, төмрөөр гэр ахуйн хэрэглээний зүйл бас эмээл, хазаарын тоноглол хийдэг нутаг усандаа дархан Зодов гэж нэрлэгддэг нэгэн байсан юм. Ижий минь Б.Бадам гэж ах дүү, наймуул өссөн өнөр өтгөн айлын хүүхэд байсан болоод ч тэр үү их нийтэч, алиа хошин зантай хүн байлаа.
 
-Өөрөө эхээс олуул уу?
 
-Би эхээс долуул, гурван ах, гурван эгчтэй. Янз бүрийн алба, амьдралтай улсууд даа. Малчин ч бий.
 
-Хүүхдүүдээс чинь мэргэжлийг чинь өвлөсөн хүн бий юү?
 
-Бага хүү маань Москвад нисэхийн инженерийн сургууль төгсгөсөн. Одоо МИАТ компанийн нислэг зохицуулах албанд ажилладаг. Бас нэг охин маань онгоцны үйлчлэгч.
 
-Сургууль, соёлд хэрхэн суралцав даа?
 
-Анх 1962 онд сумынхаа бага сургуульд элсэж байсан бол 1972 онд Улаангом хотод арван жилийн сургуулиа төгсгөсөн хүн дээ. Тэгээд таван хүүхэд ЗХУ-д нисэхийн сургуульд явсаны нэг нь би байсан юм. Эрхүүгийн их сургуулийг онгоцны ашиглалтын техникч мэргэжлээр төгсгөж ирсэн. Тэгээд 1975 оны наймдугаар сарын нэгэнд Монголын иргэний агаарын тээврийн байгууллагад дэслэгч цолтойгоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн дээ. Одоогоос 45 жилийн өмнөх энэ явдал саяхан  мэт санагдах юм.
 
– Ажилласан он жилүүдийнхээ тухай жаахан тодруулна уу?
 
 
Боинг-727 онгоцны нисэх багийнхан баруун гараас штурман О.Бат-Орших, нисэх инженер З.Мягмар, онгоцны дарга Р.Батнасан, нисэгч С.Баасандорж.
 
-Сайхан хамт олны дунд АН-2, АН-24 онгоцны техникчээс эхлээд Боинг-727 онгоцны нисэх инженер бас удирдах зарим албан тушаалд яг 40 жил ажиллаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэврийн хүн гээд зүгээр суусангүй ээ. Байгууллага, хамт олныхоо ажил үйлсийг түүхийн хуудаснаа мөнхжүүлж үлдээхийн төлөө хэрэндээ зүтгэж явна. Монголын иргэний агаарын тээврийн 70, 80, 90 жилийн ойгоор зурагт ном, баримтат кино бүтээлцлээ. Гол ажлыг санаачилж байлаа. Ер нь бол надад итгэл хүлээлгэж инженер техникийн болоод удирдах албаны цөөнгүй албан тушаалд дэвшүүлэн ажиллуулж байсан тухайн үеийн дарга, захирлууд, найрсаг хамт олныхоо дэмжлэгийн хариу барьж байгаа хэрэг юм. Бас “Агаарын тээвэрчдийн бахархал” гэдэг дууны үг бүтээж ая зохиолгон тайзнаа дуулуулсан даа.
 
-Нисэх инженер байсан гэхээр бас нисч байсан гэсэн үг биз?
 
-Тиймээ. Монголын улсын хөдөлмөрийн баатар, гавьяат нисэгч Р.Батнасан, гавьяат нисэгч Д.Пүрэвдорж, У.Арвинбуян, Г.Мөнх-Очир нарын нисэх багийн гишүүн байхдаа АН-24, Боинг-727 онгоцоор 10 мянга орчим цаг нислэгийн үүрэг гүйцэтгэсэн.
 
-Нэгэн зүйлийг тодруулж асуухад нисэхийн мэргэжлийг сонгох ямар шалтгаан байсан бэ. Хэн нэгэн хэлж сануулсан уу?
 
-Хэн ч намайг нисэхийн мэргэжил сонго гээгүй. Өөрийн л сонирхол тийм байсан. Харин нисэгч болохсон гэж бодогдуулсан хоёр удаагийн тохиолдол байдаг юм. Улаангомд анх цагаан онгоц буухад сонирхож очлоо. Нисэгч нь бүхээгтээ ямааны эвэр шиг юм барьж суугаа нь л сонин харагдав. Машины жолоо дугуй байхад онгоцных яагаад тийм байдаг юм бол гэж бодсон гайхсан. Хоёр дахь тохиолдол гэвэл ЗХУ-ын мэргэжилтэн баатар нисэгч Судец гуайг очоод онгоцноосоо бууж байгааг харсан чинь хувцас нь гэж үнэхээр зохьсон сайхан өндөр хүн байсан. Тэр зуур ийм хүн болохсон гэх бодол зурсхийж билээ. Тэгээд л аравдугаар анги төгсөөд нэг их бодоод ч байх юмгүй нисэхийн сургуульд саналаа өгөөд явсан даа.
 
-Өөрийн чинь эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв сонин санагдсан шүү?
 
-Онгоцны техник талын хүн атлаа удирдахуйн ухааны талын сэдэв барьж авдаг гэж үү. Тийм л дээ. Алив ажил үйлд алдаа оноо, осол зөрчил гэж заавал оршиж байдаг бичигдээгүй хууль бий. Тэр осол, зөрчлөөс хол байх явдал нисэхийн салбарт юу юунаас чухал. Иймээс миний доктор хамгаалах сэдэв осол гэдэг юм яагаад гарч байдаг юм гэдэгт судалгаа, дүгнэлт хийхэд чиглэгдсэн юм. АНУ-д гэхэд 1958 оноос 2000 оны хугацаанд их, бага хэмжээний 536 осол сүйрэл гарсныг судлаад мөн хугацаанд Монголд гарсан онгоцны осол, сүйрэлд дүн шинжилгээ хийсэн. Тэгээд осол зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг аргачлалыг зааж өгсөн юм. Энд нэг зүйлийг дурдахад эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлдээ дэвшүүлсэн санаагаа хэрэгжүүлэх зорилгоор “Safety and Quality”  нэртэй сэтгүүлийг 2009 онд анх санаачлан эхний дугаарыг гаргаж байлаа. Уг сэтгүүл маань нисэхийнхний гарын авлага болж одоо хүртэл улирал тутамд гарсаар байгаа.
 
-Онгоцны осол ер нь ямар шалтгаанаас болж гардаг юм бэ?
 
-Осол сүйрэлийн талаар судлахад эхэн үедээ онгоцны хийцээс болдог байсан үе бий юм билээ. Цаашлаад нисэгч нарын ур чадвараас, тээвэр зохион байгуулалт, цаг уурын нөлөөллөөс ихээхэн шалтгаалж байсан. Тэгвэл сүүлийн үед менежментээс их шалтгаалдаг болсон байна. Миний судалгааны ажлын гол дүгнэлт ийм байсан. Энэ тухайгаа би ном болгож хэвлүүлсэн дээ.
 
АЛИВАА САЛБАРЫН ТҮҮХИЙГ ХҮН Л БҮТЭЭДЭГ
 
 
Түүний тухай бас хэдэн мөр
 
Ер н хүний тухай тэр тусмаа олон жил ээнэгшиж дассан мэргэжил нэгт нөхөдгүйгээр өөрийгөө хэн ч биш гэж бодож явдаг. Хамт олныхоо тухай зурагт номс, баримтат кино хэд хэдийг бүтээснээ энэ юу ч биш юм даа гэж чамлаж суугаа нь энэ хүнд ухааны хийгээд ур чадварын асар нөөц бий болов уу гэж санагдах. Алив салбарын ахмад үеийнхний дурсамж гэдэг бол тэр чигээрээ нийгмийн ой санамж юм л даа. З.Мягмар он цагийг хамтдаа туулж өнөөг хүрсэн журмын нөхдийнхөө тухай түүх хэлхэхдээ цэнхэр тэнгэрээр андгай тавьж хэлэх гэснээ хэлдэг хүн аж. Түүнийг би нэг “сүрхий өвчинтэй” хүн шүү гэж хэлэхэд нь цочих шиг сэрдхийсэн. Янз бүрийн өвчин яригдсан үе болоод ч тэр үү хүнд муу юм л эхлээд санагддаг юм билээ. Гэтэл тэр үг нь “дугтуйтай” юм байж. Түүнийгээ задлахдаа “Би өөрийгөө гэхээс нөхдийнхөө тухай л ярихыг хичээдэг. Энэ маань өвчин юм даа гэж билээ. Тэгээд олон тайлбаргүй энэ хүний “дотоод шаталтын хөдөлгүүр”-т нь нэвтрэх гэсэн бодол давамгайлж байлаа шүү дээ.
 
-За одоо яриагаа Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд чиглүүлье. Түүхийн эхлэл юу байсан бэ?
 
-Одоогоос 95 жилийн өмнө буюу 1925 оны тавдугаар сарын 25-нд Ю-13 агаарын хөлгийг Улаанбаатар хотын консулын дэнжид хүлээн авсан тэр өдрийг Монголын нисэх хүчний төрсөн өдөр гэж түүхэнд тэмдэглэдэг юм. Өмнө нь 1924 оны аравдугаар сард “Ардын эрх” сонинд “Онгоц хэрэгтэй” гэсэн өгүүлэл нийтлэгдэж үүний дараа нисэх онгоц худалдаж авахад зориулсан хөрөнгө мөнгө хуримтлуулах эх оронч хөдөлгөөн өрнөж байж. Тэгээд аравхан жилийн дотор олон нийтийн байгууллага, 12 хүнээс 11 мянган долларын хөрөнгө босгосон байжээ. Бас Монголбанкинд зээл гаргах данс нээсэн байла.
 
-Анхны Ю-13 хөлгийг хүлээн авах үеийн дүр зураг ямар байсан бэ?
 
-Х.Чойбалсан тэргүүтэй Цэргийн яамны удирдах хүмүүс консулын дэнжид очсон. Мөн түүхэн энэ үйл явдлын талаар өмнө нь олон түмэнд өргөн таниулсан болохоор цөөнгүй ардууд цугларсан юм билээ. Нисэх онгоцыг хүлээлгэн өгөхөөр Зөвлөлтийн нисэгч А.А.Лапин даргатай нисэх баг ирсэн. Тэд зөвхөн онгоц хүлээлгэн өгөх төдий биш цаашид Монголын нисэх хүчний эх суурийг тавих үүрэг даалгавартай байж л дээ. Үүнээс хойш нэг сарын дараа Р-1 нисэх онгоцыг гурвыг авсан байдаг бол 1925 оны долдугаар сард янз бүрийн онгоц оролцсон олон улсын нисэх онгоцны цувааг монголд хүлээн авчээ. Зөвлөлийн нисэгчдийг Улаанбаатарт ирсэнтэй холбогдуулан дайллага дээр Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж
 
 
 
…Бид бол газрын хүмүүс. Эдүгээ хүртэл газраар хөлхөж явлаа. Гэтэл одоо нисдэг боллоо. Бүрэн эрхэт Монгол Улсыг Зөвлөлтийн засагт нийгэм журамт Бүгд найрамдах холбоот улстай ойртуулан холбох агаарын зам нээгдэж байна. Тун сайхан цаг удахгүй ирэх болтугай гэсэн санаатай үг хэлсэн байдаг.
 
 
 
-Монгол Улс нисэхийн боловсон хүчнээ хэдийнээс бэлтгэсэн байдаг вэ?
 
-Нэгэнт онгоцтой болсон болохоор нисэгчдээ бэлтгэх шаардлага тулгарсан. Тиймээс боловсон хүчнээ дотооддоо эхэлж бэлтгэсэн. Дараа нь Зөвлөлтөд явуулж сургасан. 1934 онд Д.Сүхбаатарын нэрийн дор байгуулсан нисэх бригадын сургууль отряд гэж бий болов. Тэнд Зөвлөлтийн нисэгч В.А.Судец, А.А.Ланин болон Ч.Шагдарсүрэн нар багшилж байж. Анхны төгсөгч 13 хүн байсан бөгөөд 1930-1937 оны хооронд нийтдээ 39 нисэгч, 34 штурман, 44 техникч бэлтгэжээ гэсэн түүхэн бичлэг бий.
 
-Монголын нисэх хүчний анхдагчид эх орныхоо тусгаар тогтнол, Халх голын байлдаанд их онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг дээ?
 
Тиймээ. Энэ тухай түүхэнд тодорхой бичигдсэн бий. Халх голын байлдааны өмнө баруун аймагт гарсан эсэргүү хөдөлгөөн, хасгийн дээрэмчдийг дарахад онцгой үүрэг биелүүлсэн. Тэхдээ зөвхөн эсэргүү хөдөлгөөн дарах төдий биш Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар агаарын хөлгийн шинэ зам нээсэн. Шинэ зам нээнэ гэдэг бол агаарын тээврийн үйлчилгээ улам өргөжсөн гэсэн үг. 1936 онд бас тээврийн зориулалттай Я-6, Р-6 нисэх онгоц шинээр авч Зайсанов болон М.Осор, У.Дарвагар, Бямбаа нар Өндөрхаан, Алтанбулаг, Тамсагбулагийн чиглэлд иргэний агаарын тээврийн нислэг хийж байв.
 
-Тэгтэл Халх голын дайн болсон биз?
 
-Энэ тухай түүхэнд 1935-1939 оны Халх голын дайны үед нисэх хүчний ангийг Баян түмэнд төвлөрүүлсэн байдаг. Цэргийн яамны сайд Г.Дэмидийн тушаалаар МАХЦ-ийн нисэх отрядыг зохион байгуулан даргаар нь Ч.Шагдарсүрэнг томилж комиссараар Б.Бадамхатан, штабын даргаар Ц.Машбат сургагчаар В.А.Судец нар ажилласан бий. Халх голын дайнд Монголын анхны нисэгч нар онцгой гавьяа байгуулсан гэдэг. Тэр дотор олон удаа тулаанд гарамгай оролцсон хүмүүсийг шагнасан байдаг. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын долооны өдрийн шийдвэрээр Д.Дэмбэрэлд “Агаарын зоригт баатар”, Ч.Шагдарсүрэнд “Эрхэм нисэгч” цол олгосон бол Ч.Шагдарсүрэнд хожим нь улсын баатар цолыг нэхэн олгосон юм билээ. Сүүлд нисэх хүчний 70 жиийн ойгоор 2009 онд анхны нисэгч нарын нэг гавьяат нисэгч Гунгаад мөн улсын баатар цол хүртээсэн. Д.Гунгаа гуай бол цэргийн болон иргэний агаарын тээврийн байгууллагын бүх шатанд алба хаасан хүн л дээ.
 
-Энд нэг тодруулж асуух зүйл байна. Улсын баатар Д.Дэмбэрэл нартай Халх голд агаарын тулаанд оролцож явсан Д.Жамбаа гэдэг хүний гавьяа тун бүдгэрсэн байдаг. Учир юү вэ?
 
-Д.Жамбаа гэдэг хүн Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нартай гурвуул Зөвлөлтөд суралцсан хүн. Сургуулиа төгсөөд тэндээ багшилж байсан ч гэдэг. Халх голын дайнд гавьяа байгуулсан нь ч үнэн. Мэдлэг чадвараар онцгой нэгэн байж. Гэтэл яагаад баатар болоогүй юм бэ гэвэл жанжин Г.Дэмидын буюу Засгийн газрын экипажийг ахалж тусгай үүрэг гүйцэтгэж байж тэр хүн. Тэгтэл Г.Дэмидийг буруутгаснаар нисэгч Д.Жамбааг эсэргүү болгож хэлмэгдүүлсэн юм билээ. Хэдийгээр сүүлд нь түүнийг цагаатгасан ч түүхэн гавьяаг нь зохих ёсоор үнэлээгүй л өнгөрсөн байдаг.
 
-Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд 1940-1950-аад он нэлээд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гэж түүхэнд тэмдэглэснийг уншсан санагддаг?
 
-1946 онд Монголын нисэх хүчин хамгийн олон онгоцтой болсон байв. ИЛ-15 гэхэд 40 болон ЯК, У-2, Р-5 онгоцууд нийлээд 180 онгоцтой байсан. Супер гэдэг японы онгоц 12-ыг авч эрүүл мэндийн салбарт ашиглаж байжээ. Цаашлаад 1945-1956 он бол Монгол ардын хувьсгалт цэргийн нисэх хүчнээс зорчигч шуудан тээврийн отряд байгуулагдсан үе байлаа. Мөн энэ он жилүүдэд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий гээд есөн аймагт шуудан тээврийн онгоц долоо хоногт нэг удаа нислэг хийж байсан. Тухайн үеийн онгоцны хүчин чадалтай холбоотойгоор Баянхонгорын “Заг”, Говь-Алтайн “Цагаан олом” зэрэг газруудад завсрын аэродром байгуулж Ховд, Баян-Өлгийд ПО-2 онгоцоор өртөөчилсөн нислэг хийж байсан юм билээ. За тэгээд 1948 онд агаарын тээврийн отряд, 1957 онд СНЗ-гийн тогтоолоор цэргийн ба нийгмийг Аюулаас хамгаалах яамны дэргэд Агаарын харилцааны газрыг байгуулж генерал Б.Цог дарга нь байсан үе бий. Энэ цагаас МИАТ-т гадаад, дотоодын агаарын харилцааг өргөжүүлжээ. Үүний дараа иргэний агаарын тээвэр улс ардын аж ахуйн бие даасан салбар болж хөгжсөн түүх эхэлдэг. Энэ түүхэн үе 1956-1990 он юм. 1961 оноос Буянт-Ухаагийн нисэх буудалд аэрдром ба холбооны өргөтгөл хийгдэж шөнийн гэрэл сууултын систем уулын болон суултын локатор суурилуулжээ. Ингэснээр том буюу хүнд жингийн онгоц хүлээн авах чадвартай болов.
 
-Энэ үеэс өндөр хүчин чадалтай онгоцуудтай болсон бизээ?
 
-Тэгсэн л дээ. 1964 онд АН-24-ийг хүлээн авсан. 1998 онд ТУ-154 онгоцоор олон улсын анхны нислэгийг үйлдсэн. Бас нэг онцгойгийн онцгой үйл явдал 1981 оны гуравдугаар сарын 22-нд В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт ниссэн. Ингэснээр Монголын нисэх хүчин эгнээнээсээ сансрын нисэгчийг төрүүлсэн юм. Бас 1972 оноос МИ-8 нисдэг тэргийг ашиглах болсон. Техникийн энэ шинэчлэлтэй зэрэгцээд гадаад, дотоод мэргэжилтэн бэлтгэх ажил шинэ шатанд гарсан.
 
 
 
1975 оноос ачаа тээврийн зориулалтаар АН-26, 1979 онд агаараас газрын зураг авах иж бүрэн лаборатори бүхий АН-30 онгоцоор паркаа шинэчилсэн байдаг юм. 1986 оны гуравдугаар сард Улаанбаатар Бээжингийн чиглэлд анхны нислэг хийж энэ нь гаадаадад тогтмол нислэгийн эхлэл тавигдсан гэсэн үг.
 
 
 
ИАТУЕГ-ын дэргэд байнгын курс, материал хангамжийн бааз, шатахууны алба, агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар бий болов. “Чингис хаан” олон улсын болон орон нутгийн нисэх онгоцны буудлыг 1986 онд ашиглалтад оруулав. Бас Архангай, Баян-Өлгийн, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай зэрэг олон аймагт онгоцны буудал бий болжээ.
 
-Монголын агаарын тээвэр зэх зээлийн харилцаанд шилжих үе 1990 оноос эхэлж таарна биз ээ?
 
-Яг тийм. Юуны түрүү зам, тээвэр, холбооны яамны сайдын 1993 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар МИАТ нэгтгэлийг задалж Иргэний агаарын тээврийг удирдах газар, МИАТ компани гэсэн аж ахуйн тооцоотой хоёр байгууллаг болгосон. Энэ шийдвэрийн дагуу 906 ажиллагсадтай МИАТ компанийн шинэхэн түүх эхэлсэн. Тухайн үед МИАТ компани АН-24 онгоц 12, АН-26 гурав, АН-30 нэг, Ю-12 тав, АН-2 онгоц 45, Боинг-727-200 онгоц нэг, ТУ-154 онгоц нэг, МИ-8 нисдэг тэрэг гуравтай байв. Тэгвэл 1998 онд ХБНГУ-аас А310-300 агаарын хөлгийг түрээсээр авч олон улс хоорондын нислэгт ашигласан. Цаашлаад 2002-2013 онуудыг Боинг онгоцны үе гэж болно.
 
-За та бид хоёр зөндөө л түүх дурсамж ярьлаа. Өнөөгийн МИАТ компани ямар бүтэц, хүчин чадалтай хэрхэн ажиллаж байгаа нь түмний нүдэнд ил байгаа. Тиймээс энэ тухай нуршаад баймгүй юм. Та МИАТ-ийн 90 жилийн ойгоор “Монголын үндэсний агаарын тээвэрлэгч нэртэй үүсэл, хөгжил, ирээдүй” гэсэн зурагт томоохон ном гаргасан юм билээ. Энэ номоо хийхэд юуг голлон анхаарсан бэ?
 
-Уг номыг үндсэн таван бүлэгтэйгээр хийсэн. Санаачлагч нь би болохоос биш 20-иод хүний хамтын бүтээл юм. Номын бүлгүүд нь МИАТ-ийн түүхэн үе шатуудад үндэслэсэн бөгөөд хамгийн гол нь хөгжлийн үеүүдэд бий болсон өөрчлөлт, дэвшлийг зургаар харуулахыг хичээсэн. Зураг бол цаг үеийн хамгийн хамгийн энгийн, үнэн бодит тусгал юм шүү дээ. Зураг бүхэн түүхтэй байдаг. Ихээхэн чармайлт гарган байж зургийг бүрдүүлсэн. Номд 10500 хүний нэрийг тодотгон 7000 гаруй зурагаас 1600 гаруй ховор зурагийг шилж сонгосон. Нэг залхуугүй уншигч энэ номд орсон хүний толгойг тоолж 16800-д хүргэсэн байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн 90 гаруй жилд энэ байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн дийлэнхийн зураг багтсан гэж хэлж болох байхаа.
 
-Алдартнуудынхаа тоог та хэлж чадах уу?
 
-Монгол Улсын баатар дөрөв бол Хөдөлмөрийн баатар хоёртой. Гавьяатнууд бол тоо алдсан. Ерэн жилийн ойн үеэр 30 нилээд гарсан байсан. Одоо яг тоо хэлэх боломж алга. Харин агаарын тээвэрчдээс найман эрдэмтэн төрсөн юм билээ. МИАТ ТӨХК-ийн үе үеийн захирал гэхэд 12 хүн байна л даа.
 
-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэвтэй холбоотой нэг зүйл асууя. Нисэх онгоцны осол, сүйрэл яагаад гараад байдаг юм бэ?
 
-Энэ тухай дээр товчхон хэлээд өнгөрсөн дөө. Яагаад осол, сүйрэл гардаг вэ гэвэл нисэгч байх чадвартай хүн нисч байна уу. Нөгөө талаар инженер байхаар хүн уг албан тушаалд ажиллаж байна уу үгүй юү гэдгээс л гол зүйл шалтгаална гэж хэлэх байна. Би эрдмийн ажлаа АНУ-д гарсан осол зөрчлийг монголдоо гарсантай харьцуулан судалж юунаас болж осол, сүйрэл гардаг вэ гэсэн асуултад бид хүнээ л хөгжүүлэх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнийгээ ч ном болгож гаргасан. Олон улсын Иргэний агаарын тээврийн байгууллагаас тавьдаг стандарт шаардлага гэж бас бий. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1000 орчим стандарт байдаг. Тэгвэл ИНЕГ-ын багц дүрмийн шаардлага гэж бас бий. МИАТ компанийн хувьд бол 30 орчим зааврыг мөрдөн ажиллаж ирлээ. Гэхдээ 100 хувь юм гэж байх биш дээ. Сүүлийн жилүүдэд улс төрөөс шалтгаалсан зохисгүй хандлага ажиглагдах болсон.
 
-Зохисгүй хандлага гэнээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
 
-МИАТ компани бий болсноос хойш удирдлагад нь янз бүрийн мэргэжлийн хүмүүс ажиллаж ирлээ. Нисэх бол онцгой салбар. Гэтэл намын шийдвэр улс төрийн бодлого гээд мэргэжлийн бус хүн захирлаар тавигдаж байлаа. 14-15 захирлын тал хувь мэргэжлийн биш хүн байв. Гэхдээ мэргэжлийн биш хүн болгон муу гэж ойлгож болохгүйг амьдрал харуулсан. Харин хамгийн гол нь тэр хүнийг томилчихоод зүгээр ажлыг хийлгэхгүй элдэв шахалт, дарамт үзүүлээд байдаг явдал бий болсон. Тухайлбал зөвхөн нэг сертификаттай нөхрийг нисэгчээр ав гэдэг нь тун зохисгүй юм л даа. Энэ нь томоохон осол, алдаанд хүргэж болзошгүй учир аюултай гэж хэлж болно. Тиймээс энэ байдлыг гаргамааргүй байгаа юм. Иргэний агаарын тээврийн салбарт боловсон хүчний сонголт огт өөр, хариуцлагатай байх учиртай.
 
-Онгоц төөрлөө гэх үзэгдэл яагаад гардаг юм бэ?
 
-Онгоц төөрч гэнэ, холбоо тасарлаа гэдэг. Энд олон шалтгаан байж болно. Дэлхий ертөнцийн харилцаа чинь нэгдмэл юм шиг атлаа бас өрсөлдөөний чанартай байдаг болохоор салангад тал гардаг. Магадгүй тийм харилцааны алдаанаас болж онгоц баталгаат замаасаа гаждаг байж болно. Нөгөө гэвэл хүнд зургаан төрлийн чадавхи байдаг. Мэргэжлийн, мэдлэг туршлагын боловсролын, бүтээгч чанар, хамтран ажиллах харилцааны бие сэтгэлийн гээд л. Энэ чадавхийн доголдлоос болж алдаа гардаг тал бий.
 
-Хүний ажил, амьдралд элдэв сонин дурсамжтай юм тохиолдол зөндөө л байдаг. Танд өнөөдөр дурсаад ярихаар ямар нэг тохиолдол байсан уу?
 
-Сонин ч гэж болох, сургамжтай нэг тохиолдол ярья л даа. Би онгоцны шалгагч инженер болоод удаагүй байв. Онгоцоо нислэгт бэлэн болгоод нисэгчид хүлээлгэх өгөх миний үүрэг байлаа. Нэг удаа Говь-Алтайд очсон АН-24 онгоц унтраад асахаа байж гэнэ. Гэтэл би уг онгоцны нисэгчийн гарын үсэгтэй нарядыг алга болгочихож. Гээчихэж гэж үнэнээ хэлэв. Агаарын техникийн баазын дарга Д.Хоролдорж гэдэг дарга онгоц хүлээлгэж өгсөн гарын үсэгтэй бичгээ аваад ир гэж байна. Би гээчихэж гэлээ. Дарга “бууж байна” гэж жигтэйхэн. За олон үг яриад яахав. Чи бушуухал явж дулаан хувцсаа бэлд. Тэгээд шорондоо ор гэлээ. Би гэрээдээ харайлгалаа. Бодож л явлаа. Үстэй дээл тэнд бий. Эсгий гутал ч бий гээд л. Айгаад зүрх амаар гарах янзтай. Автобусны буудал дөхөж явтал ардаас хүн дуудлаа. Дарга дуудаж байна гэв. Буцаад очлоо.
 
Чи хаачихнав гэж байна. Харьж дулаан хувцсаа бэлдэх гээд л гэлээ. Дарга цонх руу хараад инээгээд зогсоод байх юм. Уг нь тэр онгоц унтраад асаагүй нь миний буруу биш байж. Даанч бичгээ хаячихсан юм чинь дарга намайг нэг сайн айлгая гэж бодсон хэрэг. Үүнээс би том сургамж авсан даа. Хариуцлагатай байхыг хичээх болсон. Наад зах нь иргэний болон жолооны үнэмлэх, эрүүл мэндийн даатгал гээд чухал баримт бичгээ гурав гурав хувилуулаад өөр өөр газарт хадгалж хэвшсэн. Хүн алдаанаасаа сургамж авна гэдэг энэ дээ. Туршлагатай удирдах хүн ч бас залууст юм бодуулах гэж алдаан дээр нь тэгж ажилладаг юм билээ. Хүний яс маханд, оюун ухаанд шингэтэл юмыг ойлгуулна гэдэг ч тэр болов уу. Тэр үед би 23-хан настай байсан даа.
 
-Сонирхож асуухад гадаад орнуудад хувийн онгоц олон байдаг. Тухайлбал дэлхий дээрх 400 гаруй мянган жижиг онгоцны 220 мянга нь АНУ-д бий гэдэг юм билээ. Монголд хувийн онгоцтой иргэд бий юу?
 
-Бий бий. Хувийн нисэх онгоцны эрх зүйг зохицуулсан хуульгүй учир ил тод харагддаггүй байх. Хятад, ОХУ-д жижиг онгоцныхоо нислэгийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон байдаг юм билээ.
 
-Уг нь гэр бүлийн жижиг онгоц 20 мянган ам.долларын үнэтэй байдаг гэсэн. Энэ нь жижиг машинаас хямд юм биш үү. Хувийн онгоцны нисэх өндрийг хязгаарласан байдаг. Бас зарим арилжааны зохицуулалтыг нь төрөөс хийж өгдөг гэж уншсан санагдана?
 
-Өөрөө энэ талаар гайгүй мэдээлэлтэй юм байна л даа.
 
-Та одоо тэтгэврийн хүн. Гэтэл ер зүгээр суухыг боддоггүй бололтой юмаа?
 
-Хамт олныхоо өнгөрсөн түүхийг хойч үед үлдээх гэж өөрийгөө чамлалгүй мэддэг зүйл, оюунаа дайчилж л суух юм. Энэ жил Монголын Иргэний агаарын тээврийн байгууллагын 95 жилийн ой болно. Бодох санах юм их. Ганц нэг баримтат кино хийж эхэлсэн. Бас намын дээд сургуулийн төгсөгчийн хувьд тус сургуулийнхаа тухай нэг баримтат кино хийхийг зорьж байна. Ер нь миний өнөөдөр энэ зэрэгтэй яваа нь Монголын иргэний нисэх, МИАТ-ийн хамт олны өгөөж юм гэж баярлаж явдаг даа. Аав, ээжийн захиас ч гэж бий. Аав маань над хоёр зүйлийг аминчлан захьсан юм шүү.
 
-Ямар захиас билээ. Сонирхуулаач дээ?
 
-Илүү орлогод битгий шунаж бай гэж захьсан. Тийм бол хүнээс заавал юм авч байхыг хичээдэг болчихдог гэж. Хоёрт нь алдар хүндэд битгий дурлаарай гэж. Алдар хүндэд дуртай хүн бусдаас илүү гарахын тулд найзыгаа хүртэл муугаар боддог, хэлдэг. Иймээс миний хүү үүнийг санаж яв. Бусдаар хүү минь сэргэлэн амьтайгаа хүн болно гэж хэлж билээ. Энэ захиас миний луужин юм даа. Энэ далимд Монголын Иргэний агаарын тээврийн үе үеийн хамт олон, мэргэжил нэгтнүүддээ удахгүй болон 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье. Сар шинийн халуун мэнд хүргэе.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин