sonin.mn
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сонирхол танин мэдэхүй, техник технологи тал руугаа илүү хөгжих болсон. Үүнтэй холбоотойгоор бид Хүүхдийн урлан бүтээх төвийн Нисэх загварын багш М.Лхагваагийн зөвлөгөөг хүргэж байна. Энэ жилийн хувьд тус ангид 175 хүүхэд бүртгүүлжээ. Сурагчид энгийн цаасан онгоцноос эхлээд ямар ч төрлийн онгоц хийх боломжтой юм. Ерөнхийдөө 2-3 жил суралцсан хүүхдүүдийн хувьд дэлхийн нисэх загварын спорт, залуу зохион бүтээгчийн стандартад нийцсэн том загваруудыг хийж сурдаг байна. Нисэх загварын спорт гэж тусдаа зүйл бий. Энэ нь дотроо чөлөөт нислэг, дуураймал загвар гэсэн 5-6 ангилалтай. Тухайлбал, монгол хүн сансарт ниссэн “Союз-39” сансрын хөлгийг хийжээ. Энэ хөлгийг Монгол Улс, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаагийн 70 насны ойд зориулан  III сургуулийн XI ангийн сурагч Д.Түвшинбаяр бүтээсэн аж. Үүнийг хийхийн тулд тухайн хүүхэд шугам зургийн болон хоёр жижиг загвар гаргаж түүнээсээ алдаа оноогоо багасгаж бүх биеийг хэсэгчлэн болон нэг бүрчлэн буулгаж “Союз-39” хөлгийг  хийсэн байна.
 
Мөн тус дугуйлангийн хүүхдүүд жижиг радио удирдлагатай нисдэг тэрэг хийсэн байв. Тухайлбал, хөөсөнцөр далавч, сэнсийг хүүхдүүд өөрсдөө хийдэг. Нисэх онгоцыг аль болох хөнгөн материалаар хийх бол зорчигчийн суух хэсгийг бат бөх материалаар хийдэг аж. Том оврын бүтээлүүдийг X-XII ангийн хүүхдүүд бүтээдэг. М.Цогттэнгэр гэж Х ангийн хүүхэд жижиг оврын нисдэг тэрэг хийж өнгөрсөн жил техник технологийн олимпиадад тусгай байр эзэлсэн. Одоо өөрийн сонирхлын дагуу ШУТИС-ийн лицейд сурч байгаа хэмээн М.Лхагваа багш ярьж байлаа.
 
 
 
Мөн хүүхдүүдийн хийсэн хог авах, хөлбөмбөгийн талбайд байгаа бөмбөгийг эсрэг талын хаалганд хийх  үйлдлийг хийдэг роботууд байв. Япон улсад “Мона Зүгүри” гэж бүтээх ухааны тэмцээн явагддаг. Тухайн тэмцээнд хүүхдүүд шүдний чигчлүүрээр 20 кг ачаа даах гүүр хийжээ.
 
 
 
Нисэх онгоц зохион бүтээх ангид хичээллэх сонирхолтой хүүхдүүд математик, шугам зургийн хичээлдээ сонирхолтой байх хэрэгтэй. Дугуйланд суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд өөрсдөө идэвх чармайлттай байх шаардлагатай. Манай ангид идэвхтэй хүүхэд олон байдаг. Зохион бүтээгч нь өөрөө шинийг эрж хайн, туршиж уйгагүй хөдөлмөрлөж байж л аливаа зүйлийг шинээр зохионо хэмээн нисэх загварын багш зөвлөж байлаа.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин