"Nomadic Comic" буюу "Нүүдлийн зурган өгүүлэмж" компанийн ажилтан, "Хандгай продакшн"-ы ахлах С.ЖАМБАЛЦЭРЭНТЭЙ ярилцлаа. Бид түүнийг “Хандгай” хэмээх зурган өгүүлэмжийн цуврал бүтээлээр нь илүүтэй мэдэх билээ.
 
"Nomadic Comic" гэх айлын нэг гишүүн болно гэсэн төсөөлөл эртнээс байсан уу?
 
-Би есдүгээр ангиа төгсдөг жил улаан шугамын доор жагссан. Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас 104 дүгээр сургууль руу шилжиж, тэндээ 12 дугаар ангиа ёстой л дөнгөн данган төгссөн. Тааруухан сурлагатай байсан гэсэн үг л дээ. Ахлах ангид байхдаа компанийнхаа захирал Н.Эрдэнэбаяр багштайгаа анх уулзаж, сургууль дээрээ урьж ярилцлага хийж байв. Тэр үед өөрийнхөө бүтээсэн ханын самбарыг багшдаа бэлэглэж байсан минь саяхан мэт санагдаж байна. Ингэж уулзсан мөчөөс хойш хийж байгаа зүйлдээ хорхойсох болсон. Өөрийнхөө контент чиглэлийг хөгжүүлэхээр шийдэж, яг тохирно гэж бодоод “Зохиомж” дээд сургуульд найруулагч мэргэжлээр суралцаж эхэлсэн юм. Нэг жилийн дотор их зүйл өөрчлөгдөж байгааг бага багаар анзаарч эхлэв. Голч дүнгээрээ нэгдүгээр курсийн оюутнуудынхаа хэмжээнд дээгүүрт бичигддэг болсон. Өөрийнхөө сонирхлыг мэргэжлээ болгоё гэсэн сэтгэл зүй сайтар хангагдсан учраас хэнээр ч шаардуулахгүйгээр тархи, гар хоёр маань зэрэг ажиллаж эхэлсэн. Хоёр жил "Нүүдлийн зурган өгүүлэмж" компанид дадлага хийсний эцэст гурав дахь жилээсээ үндсэн ажилтнаар ажиллах болсон. Менежментийн хуралд суух, номоо хэвлэлтээс зөөх гээд төрөл бүрийн ажилд оролцож явсаар энэ жилээс продакшныхаа ахлахаар ажиллаж байна. Н.Эрдэнэбаяр багшийн тухайд гэвэл, комикоор дагнаж 10 жил ажилласан туршлагатай.
 
Манайхан цоо шинэ зүйлийг хийнэ гээд их хошуурдаг ...
 
-Өмнө нь хэний ч олж, сэдээгүй зүйлийг эрж хайдаг. Гэтэл энэ дэлхий дээр давтагдаагүй зүйл гэж бараг үгүй. Миний бодлоор, хуучин зүйлсээс суралцаад явбал илүү үр дүнтэй. Үндсэндээ суралцах байдлаар хуулбарла, санаа ав. Жишээлбэл, "Хандгай" цуврал 100 хувь миний контент биш. Би анх "I hate fairyland" гэдэг комикыг уншаад, яг ийм зүйл хийх юм сан гэж хүссэний үндсэн дээр "Хандгай" цуврал бүтээгдсэн. Ингэхдээ шууд хуулчхаагүй. Би гол утга санааг нь ойлгосон, дараа нь өнгө, текст тавилт, хошигнол, загвар, харагдах байдал, хийцийг нь ч бас нарийн судалсан. Тэгээд тэр бүхнийг өөрийн арга барилд хөрвүүлсэн гэх үү дээ.
 
Мэргэжил сонголтод хамгийн ихээр нөлөөлдөг зүйлийн тухайд ...
 
-Мэргэжлийг сонирхлоос эхлэлтэй гэж боддог. Харин хүний сонирхол их хувьсамтгай зүйл шиг санагддаг. Нэг зүйл дээр үргэлж тогтоод байдаггүй. Тиймээс сонирхлоо хөгжүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Өөрийнхөө сонирхлыг тодорхойлохын тулд хувь хүн өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Өөрийгөө мэдэх нь гэгээрэхийн түвшний өндөр зүйл биш шүү. Юунд дуртай, юуг хийж чаддаг, аливаа зүйлийг хийхэд миний ямар зан чанар хамгийн ихээр нөлөөлдөг вэ гэдгээ л сайтар ухаж ойлго. Гэхдээ сонирхлоо мэргэжил болголоо гээд бүх зүйл тэгширлээ гэж ойлгож болохгүй. Тэрхүү мэргэжил тань нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байгаа, ирээдүйд ямар төлөвт шилжих вэ гэдгийг судлах үүрэг танд ногдоно. Олон талаас нь судлах хэрэгтэй. Бидний мэддэгээр гэр бүлийн гишүүдээс ирж буй зөвлөмж, шахалт, үүрэг гэмээр зүйлүүд, найзуудын санал бодол ч мэргэжил сонголтод нөлөөлдөг. Гэхдээ тэдгээр хүмүүс чиний өмнөөс суралцахгүй, ажиллахгүй. Нөгөө талаар хүлээцтэй сонсдог байх нь бас л сайн чанар. Хаана ч энэ чанарыг үнэлнэ. Тиймээс хүмүүсийн санал бодлыг сонсоод эцэст нь шийдвэрээ өөрөө гаргаж, хариуцлагаа үүрч чаддаг, хийсэн сонголтдоо эзэн болдог чанарт залуус бид суралцах хэрэгтэй.
 
Өөрийн тань мэргэжил сонголтод ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
 
-Багаасаа л бусад хүүхдийн адил зурагтын өмнө суугаад хүүхэлдэйн киног шимтэн үздэг байлаа. Дараа нь зураглал сайтай компьютерын тоглоомыг их сонирхох болсон. Ингэж явсаар есдүгээр ангидаа “Avengers”-тай анх танилцсан юм. Лавшруулаад судалтал, тус бүтээл “Marvel” хэмээх цуврал зохиолоос сэдэвлэж бүтээгдсэн гэдгийг мэдэж билээ. Цувралын талаар анхны төсөөлөлтэй болсон учраас би ч бас дотроо их зүйлийг боддог боллоо. Өөрийнхөө хэмжээнд анхны цуврал зохиолоо гаргах тодорхой амбицтай болж эхэлсэн гэсэн үг л дээ. Үүний хажуугаар бас бүжиг, илбэ, график дизайн гээд олон сонирхлыг давхцуулдаг байсан. Мэргэжил сонголт хийх хариуцлагатай үед би энэ бүхнээс аль нэгийг нь авч үлдэх, эсвэл бүгдийг нь хаях шаардлагатай болсон. Бүжгээр, илбээр ч биш харин зохиол бичээд, ханан дээр зураг зураад, түүнийгээ цуврал бүтээл болгосноор өөрийгөө бусдад илүүтэй ойлгуулж, өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх нь зөв гэж бодсон учраас би хоёр дахь сонголтыг эргэлзээгүй хийсэн.
 
"Хандгай" цувралын гол дүр хэрхэн бүтсэн бэ?
 
-Гол дүр буюу Хандгайг гаргаж ирэхдээ өөрийнхөө дотоод мөн чанарыг, хувь хүнийхээ онцлог шинж чанарыг харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, С.Жамбалцэрэн гэдэг хүнийг Хандгайгаар төлөөлүүлсэн гэж болно. Харин дүрийн гадаад төрхийг нь “The Shaun the sheep” болон "I hate fairyland" зэрэг хүүхэлдэйн киноны гол дүрүүдээс санаа авч бүтээсэн. "Хандгай" цувралын гол дүрийн сул дорой, доожоогүй мэт байдал өөрт нь тун нийцтэй зохиж болохыг судалгааны явцдаа олж мэдэж байв. Энэ үед би 17 настай байсан учраас өсвөр насны хүүхдийн мэдрэмжээр "Хандгай" дүрийг гаргаж ирсэн гэх үү дээ. Дүрийн бүхий л сэтгэл хөдлөл, зан авир, харилцаа, хандлага, зорилго, мөрөөдлөөс С.Жамбалцэрэн гэдэг хувь хүнийг, бяцхан ертөнцийг нь хараасай гэж хүсдэг.
 
Цувралууд хэдий хэр хугацаанд бүтдэг вэ?
 
-Хэрвээ надад цувралын ганцхан анги хийх шаардлага гарвал хамгийн ихдээ хоёроос гурван өдрийг л зарцуулна. Эхний өдөр зохиолоо бодно, дараагийн өдөр нь зурж дуусгадаг. "Хандгай"-н дөрөвдүгээр цуврал дээр долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Хамгийн түрүүнд зохиолоо гаргана. Дараа нь зохиолын дагуу багц багцаар нь бүлэглээд “storyboard”-оо хийнэ. Тэгээд зурах, будах үйл явц эхэлдэг. Ер нь хугацааг нарийн тодорхойлох боломжгүй. Гэхдээ цаг хугацаанд баригдлаа гээд чанарын шалгуураа алдахгүй байхыг хичээдэг.
 
Шинэ цувралын хүргэх санаа нь юу байх вэ гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Өмнөх цувралуудын хувьд, би толгойд орсон санаагаа баяжуулан цувралаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр анхаарч ирсэн байна. Харин одоо илүү зорилтот хэсэг рүү хандъя гэсэн бодолтой байгаа. Нэг үзэгдлийг хөндөөд түүн дээрээ ажиллаад явчихъя гэж их бодсоны үндсэн дээр дээрэлхэлт гэдэг сэдвийг барьж авсан. Энэ талаар холбогдох судалгааг “Нээлттэй нийгэм” ТББ-аас надад гаргаж өгсөн “Хандгай”-н дөрөвдүгээр цувралыг уншигчдад илүү наалдацтай болгох, тэдэнд нэг зүйлийг бодогдуулах байх гэж найдаж байна. Үе тэнгийн дээрэлхэлт, хүч тэнвэргүй байдал, цахим гадуурхал гээд өргөн хүрээнд судалсан. Сонсогдох бас харагдах байдлаасаа дээрэлхэлтийг нийгэмд мэдээж сөргөөр хүлээж авдаг. Хэрээс хэтэрсэн дээрэлхэлт гэмт хэргийн сэдэл болдгийг үгүйсгэхгүй. Харин нөгөөтэйгүүр асуудал, бэрхшээл тулгарахад яах ёстой, ямар шийдвэр гаргах нь зөв бэ гэдэгт алхам алхмаар сургадаг юм шиг санагдсан. Алсдаа таныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход туршлагатай, асуудлыг тодорхой хэмжээнд яриа, хэлцлийн түвшинд шийдвэрлэх чадвартай болгоход дөхөм болох ч юм бил үү. Би ч бас дээрэлхэлтээс ангид байгаагүй учраас өөрийн туршлагаас хуваалцаж байгаа нь энэ. Дээрэлхэлт гэхээр дан ганц сайн, муугийн тухай ойлголт биш гэдгийг л шинэ цувралаараа хүргэхийг зорьж ажиллаж байна.
 
Контентоо цаашид өөр хэлбэрээр хүргэх бодол бий юу? Жишээлбэл, анимейшнээр, дуу дүрсний хослол нь үзэгчдэд илүү их сонирхолтой байх болов уу?
 
-Хүргэе гэсэн маш олон санаа байгаа. Өнөөдрийг хүртэл комик хэлбэрийг түлхүү ашиглаж ирсэн. Кино, анимейшн чиглэлээр бодсон зүйл олон бий. Гол нь санаагаа л баяжуулж, зохиолынхоо чанарт анхаармаар байна. Цувралын хамгийн чухал хэсэг нь зурган өгүүлэмжүүд.
 
Зурах арга зүйн талаас нь зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх вэ?
 
-Хүн юунд хамгийн их цагаа зарцуулна, түүн дээрээ тулгуурлаж хөгжинө. Тиймээс бүтэлгүй оролдлого бүр таныг хөгжүүлж байна гэсэн үг. Яг үүн шиг зураад л байвал арга барилаа олж эхэлнэ. Бид анхандаа зургийг нүд салгалгүй харж байгаад яг дуурайлгаж зурдаг.
 
 
 
Харин миний хувьд техник талаас нь зөвлөхөд, зургаа доош нь харуулж байгаад харж зурвал бас муугүй. Яагаад гэхээр зөв харуулж тавьсан зурагтай ажиллахад хүний зүүн тархи автоматаар ажиллаж эхэлдэг. Энэ үед та нүдэн баримжаагаар барагцаалж тухайн амьтны гадаад дүр төрхийг цаасан дээр буулгана.
 
 
 
Харин доошоо харуулсан зургийг хуулбарлахад зүүн тархи түгжигдэж, баруун тархи идэвхтэй ажиллан объектоо толгойдоо төсөөлж зурдаг онцлогтой. Төсөөлөн бодох чадвар нь зураг зурахад хамгийн гол нөлөө үзүүлнэ.
 
2019 оны Хуур мюзик фестивалийн ерөнхий зургийг гаргасан. Их олон талаар хөгжсөн байх ...
 
-Төсөөлснөөс их өөр байсан. Тус наадмын багийнхантай хамтарч ажиллаж үзэх юм сан гэдэг бодол үргэлж төрдөг байлаа. Продюсертоо энэ талаар хэлтэл намайг холбож өгсөн. Хуур мюзик фестивалийг үндэслэгчдийн нэг "BRВ" компанийн захирал Ж.Энхжаргалантай уулзаад өөрийнхөө санааг илэрхийлсэн. Тэр нь наадамд оролцох уран бүтээлчдийн дүрийг "Хандгай" цувралд оруулах явдал байлаа. Түүнийгээ хийсэн. Харин цувралаа хийх явцдаа "Хандгай" цувралыг Хуур мюзик фестивалийн нүүр царай болгоё гэдэг дээр санал нэгдэж билээ. Ажиллах явцдаа маш олон зүйлийг сурсан. Явц дунд гэнэтийн гэмээр тооцоолоогүй зүйлс ч ажил болоод ороод ирдэг байв. Жишээлбэл, анх зөвхөн фестивальд зориулсан цуврал бүтээх байсан бол ерөнхий зураг, нүүр царай, цаашлаад брэндбүүкийг нь хийх хэрэгтэй боллоо. Бас анимейшн. Ингээд л анх удаагаа брэндбүүк, анимейшн бүтээх том ажлын ард ажлынхаа залуутай хамтдаа гарч чадсан. Маш олон зүйл дээр алдсан. Гэхдээ алдаа бүр алсдаа намайг олон боломжийн уулзвар дээр аваачна гэж найддаг.
 
Продакшнаа ахалж байгаа гэсэн. Тиймээс манлайллын талаар ярилцах нь зөв байх ...
 
-Энэ талаар нэг их олон зүйлийг ярьж чадахгүй. Учир нь би өөрөө манлайлагч ямар байх вэ гэдэг тал дээр суралцаж байгаа. Одоогоор миний ойлгосон нэг зүйл гэвэл, багийнхныгаа сайн ойлгох явдал. Багийн ахлах гэдгээр биш найзын үүднээс харилцах хэрэгтэй. Хувь хүний онцлогийг нь авч үзэх ёстой юм шиг санагдсан.
 
Хэтийн зорилгоосоо хуваалцахгүй юу?
 
-Энгийнээр хэлбэл, контентоо улам хөгжүүлэх, мөн энэ салбарт бүтээлч соёлыг бий болгох хүсэлтэй. Энэ бүхнийг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох ёстой. Би дөнгөж л эхлүүлээд байна.
 
Чөлөөт цагаа юунд зарцуулдаг вэ?
 
-Ажлын өдрүүдэд хамгийн эртдээ 20.00-21.00 цагийн үед гэртээ харьдаг. Бүр оройтох үе ч бий. Бямба гарагт барагтаа гэрээс цухуйдаггүй. Кино үздэг. Оюуны ачааллаа хөнгөлж байгаа нь тэр л дээ. Ингэхдээ киноноос авч болох санаа юу байна гээд л ажил руугаа бас орчих гээд байдаг тал бий. Хүн дуртай зүйлээ хийгээд эхлэхээр чөлөөт цагаа ч бас түүндээ их бага хэмжээгээр зориулдаг юм байна лээ. Ням гарагт заавал ажил дээрээ ирээд сурчихсан. Шинэ долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргаж, хийх ажлуудын бэлтгэлийг хангадаг юм.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин