sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Африкт шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол халдварын улмаас 190 мянган хүн нас барж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төлөөлөгч анхаарууллаа.
"Хэдийгээр Африкт халдвар дэлхийн бусад тивийнхтэй ижил тархаагүй байгаа боловч халдварын голомтууд үүсэж болзошгүй байна" гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти мэдэгджээ.
 
 
 
“Африкийн орнуудын Засгийн газрууд идэвх санаачилга гаргахгүй бол “COVID-19” ирэх жилүүдэд бидний амьдралын нэгэн хэсэг болж болзошгүй байна. Бид оношилж, ойрын хавьтлыг илрүүлж, тусгаарлаж, эмчлэх шаардлагатай байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
 
 
ДЭМБ-ын тооцоолсноор, халдвар дэгдсэн эхний жил Африкт 29-44 сая хүн халдвар авч болзошгүй ажээ. Түүнчлэн тэдний 5.5 сая нь эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл тус тивийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байх магадлалтай байгаа юм. 
Африкийн 47 оронд нэг сая хүнд эрчимт эмчилгээний есөн ор ноогдож байгааг өнгөрсөн гуравдугаар сард явуулсан судалгааны дүн харуулсан бөгөөд ДЭМБ уг үзүүлэлтийг тун хангалтгүй хэмээн гэж үзэж байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг