sonin.mn
МОСКВА. /TASS/. “Forbes” сэтгүүл Оросын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад  тэрбумаар хэмжигдэх 20 гэр бүл багтсан бөгөөд хүүхэд болгонд нь дор хаяж 2.25 тэрбум ам. доллар ногддог байна.
 
 
 
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Вагит Алекперовын цорын ганц хүү Юсуф Алекперов Оросын хамгийн баян өв залгамжлагчаар дахин тодорчээ. Түүнд эцгийнх нь хөрөнгөөс 18 тэрбум ам.доллар ногдсон байна. Юсуф Алекперов 2018 онд "Лукойл" компаниас явсан бөгөөд өөрийн бизнесийг эрхэлж эхэлсэн байна. Жагсаалтын хоёрдугаарт, "Новатэк" болон “Сибур” компанийн гол эзэмшигч Леонид Михельсоны хүү, охин хоёр /тус тус 10.1 тэрбум ам.доллар ногдож байгаа/ орсон бол гуравдугаарт, Уралын уул уурхай, металлургийн компанийн эзэн Искандер Махмудовын хүү /9 тэрбум ам.доллар/ бичигджээ.
 
 
 
Жагсаалтад нийтдээ 51 өв залгамжлагч багтсан байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад жагсаалт өөрчлөгдөж, таван шинэ залгамжлагч нэмэгдсэн нь Дагестанаас сонгогдсон сенатч Сулейман Керимовын гурван хүүхэд, "Фосагро" компанийн гол эзэмшигч Андрей Гурьевын хоёр хүүхэд юм. Тэд жагсаалтын 9, 20 дугаарт бичигдсэн байна. Керимовын хүүхэд бүрд 5.3 тэрбум ам.доллар, харин Гурьевын хүүхдүүдэд 2.25 тэрбум ам.доллар ногдож байгаа аж.
“Forbes” сэтгүүлийн  шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг үнэлж, түүнийг хүлээн зөвшөөрсөн бүх хүүхдэд нь хуваажээ. Үүний зэрэгцээ гэрлэлтийн хувь хэмжээг харгалзан үзээгүй байна. Түүнчлэн хүүхдүүддээ их хэмжээний мөнгө үлдээхгүй, буяны үйлсэд зориулна гэж мэдэгдсэн Михаил Фридман, Владимир Потанин зэрэг жагсаалтад багтсан зарим хүний мэдэгдлийг харгалзаагүй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг