sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.

 

Сайн байна уу? Ярилцлагынхаа эхэнд ардчилсан тогтолцоо яагаад нэг гарт төвлөрдөг юм бол гэдэг асуултыг тавья.

 

Ардчилсан тогтолцоо зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхий нийтээр нэг гарт төвлөрөх нь байдаг. Олон янзын байдлаар ухарч, нэг гарт төвлөрч байна. Хаана, юунаас болоод нэг гарт төвлөрч байна вэ гэдгийг шалгах ёстой. Шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байж чадаж байна уу? Хэвлэлийн эрх чөлөө хангагдсан уу? 100 хувь хараат бус байж чадаж байна уу?


Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ айдасгүйгээр, чөлөөтэй эдэлж чадаж байна уу? Төрийн бодлого, шийдвэрт хэр оролцож чадаж байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Засаглал хэр ил тод, нээлттэй байгаа вэ гэх мэт олон зүйлийг асуугаад, шалгахаар бүхэлдээ алдагдсан байна.

 

Тийм ч учраас олон улсын байгууллагаас 2024 онд Монгол Улсыг сонгуулийн авторитар дэглэмтэй улсын ангилалд оруулсан байдаг. Дээр дурдсан зүйлс асуудалтай, маргаантай, төгс биш байна гэж үзсэн учраас авторитар дэглэмтэй улсын ангилалд оруулсан. Гэхдээ сонгууль болж байна гэж үзсэн. Монгол Улсыг олон улсад ингэж үнэлж байна. Үүнийг дүгнэвэл чөтгөрийн тойрогт орсон байна. Нэг нам олонх болж байна. Олонх болоод төрийн бүх байгууллагад өөрийн намынхаа бэлтгэгдсэн хүчин буюу сонгуулийн менежерүүдийг томилж байна. Төрийн өмчит компаниуд, төрийн өндөр албан тушаалд намын гишүүдээ томилоод ирэх цагт хяналт байхгүй болж, зөв ажиллахаа больж байна. Хяналт алдагдахаар төсвийн хөрөнгө, төрийн бодлого дараагийн сонгуульд бэлтгэх чиглэл рүү урсдаг. Мөн нэг нам олонх болсон үед хууль тогтоомжууд ч дараагийн сонгуульд яаж орох вэ гэдэг чиглэлээр гардаг.


Сонгуулийн санал хураах өдрийг баасан гарагт товлоно гэдэг ч юм уу. Энэ мэтээр дээрх хүчин зүйлүүд дараагийн сонгуульд ялах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Ингээд дараагийн сонгуульдаа мөн ялна. Төрөөс завшсан, авлигаар олсон энэ бүхэн нь сонгуульд дахин ялах боломжийг өгчихдөг.


Ахиад томилгоо явна, төрийн хүч, нөөцийг ашиглана. Хяналт байхгүй болно. Дараагийн сонгуульд ахиад ялна. Ийм байгаа нь өөрөө олон улсын байгууллагын дүгнэлтээр манай улс чөтгөрийн тойрогт орсон гэдгийг харуулж байна. Энэ нь эрх мэдэл нэг зүйлд төвлөрсөн байна гэдгийг илтгэж байгаа юм. Нэг зүйл гэдэг нь юу вэ гэхээр эрх баригч намд төвлөрсөн байна. Ардчилал төгс утгаараа батжаагүй, нэг намын дарангуйллаар цаашаа явж байна. Тэр дотроо нэг намын авлигачдын тодорхой бүлгийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанаас болж ардчилал доголдоод явж байна.

 

Үүнийг засахын тулд бид яах ёстой вэ? Тогтолцооны өөрчлөлтийн талаар сүүлийн үед их ярих боллоо. Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх үеэрээ ч тогтолцооны өөрчлөлтөө эргэж харах ёстой гэж хэлж байсан. Монголд Ерөнхийлөгчийн засаглал тохирох юм уу? Одоо байгаа парламентын засаглалаараа явах ёстой юм уу? Эсвэл хоёр танхимтай парламенттай болох уу?

 

Миний хувьд Ерөнхийлөгчийн тэр байр суурьтай санал огт нийлдэггүй. Олон нийтийн санал асуулгаар шийдээрэй гэх шиг болсон. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Ардчилал маш олон давуу талтай. Гэхдээ ардчилалд сул тал ч бий. Тэр нь үл мэдэгчдэд засаглах боломж олгодог. Магадгүй нэг үл мэдэгч, хэн нэгэн дарангуйлагч Ерөнхийлөгч болж гарч ирээд, тэр нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм бол Монгол Улсад дарангуйлал жинхэнэ утгаараа тогтоно. Гэхдээ зөвхөн Ерөнхийлөгч нар л дарангуйлал тогтоодоггүй. Дэлхийн нэн шинэ үеийн түүхэнд Ерөнхий сайдын дарангуйлал гэж байдаг.


Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 16 жил орчим засгийн эрхэнд байсан. Энэ нь нэг намын, Ерөнхий сайдын дарангуйлалд байсан гэсэн үг. Ийм жишээ Монгол Улсад ч байсан. Цаашдаа ч байх боломжтой. Дарангуйлал гэдэг зөвхөн Ерөнхийлөгчөөс хамаардаггүй. Ерөнхий сайд нь ч дарангуйлах магадлалтай.


Тийм учраас Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог нь зөв. Парламент өөрөө нэг намын дарангуйлал тогтоогоод эхэлбэл үүнийг зогсоох хүч нь Ерөнхийлөгч байх ёстой. Тэр Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдсон байх ёстой. Тийм ч учраас Ерөнхийлөгчид хуульд хориг тавих эрх байдаг. Магадгүй парламентад нэг нам хэт олонх байгаад, бүтэхгүй хууль оруулж ирээд батлах юм бол Ерөнхийлөгч хориг тавьж зогсоодог. Монгол Улсад туршигдсан зүйл. Төсвийн хуульд хориг тавьж байсан. 14 мега төсөл нэрээр 14 мега хулгай явах гэж байхад зогсоосон. Нөгөө талаас Ерөнхийлөгч нь нэг намын олонх буюу парламентын хийхгүй байгаа хуулиудыг санаачилж оруулж ирэх эрхтэй.


Хөрөнгө хураах хууль, сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хууль ч гэдэг юм уу, эдгээр хуулийг олонх буюу парламент хийхгүй. Тэгвэл Ерөнхийлөгч тэр хуулиудыг санаачлаад оруулж ирэх эрхтэй.


Гэх мэтчилэн байгаа боломжуудаа тултал нь ашиглаад, Монгол Улсыг зөв голдиролд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулах ёстой учраас олон нийтээс сонгогдоод байгаа юм. Нэг сайн зүйл нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг нэг удаа л сонгоно гэж оруулсан. Ахиад сонгогдохгүй. Тийм учраас зүй нь бол ахиад сонгогдохын тулд элдэв башир аргаар популизм хийх шаардлагагүй. Улс орны эрх ашгийн эсрэг алхах шаардлагагүй юм.

 

АН-ын ЕНБД С.Баярцогт саяхан УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ээлжит бус сонгууль явуулж болох юм гэсэн байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

 

Энэ асуудалд болгоомжтой хандах ёстой гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл одоогоор бид албан ёсны Ерөнхийлөгчгүй болчихлоо шүү дээ. Төрийн тэргүүнгүй болчихсон. Үүрэг гүйцэтгэгч төрийн тэргүүний ажлыг түр эрхэлж байна. Яг энэ үед УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулбал төр жинхэнэ утгаараа хямрах магадлалтай. Тийм учраас яг өнөөдрийн нөхцөл байдлаар УИХ-ыг тараах бодит нөхцөл үүссэн гэж бодохгүй байна.


Шаардлагатай гэж үзвэл хамтад нь биш, УИХ үнэхээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ асуудлыг сөхөж болно. Гэхдээ нэг сонгуулийг дахиад өөр сонгуулиар солихоосоо илүү суурийг нь харах хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулийн холимог тогтолцоо зөв байсан уу, буруу байсан уу? Жагсаалтаар 40 хувь нь, тойргоос 60 хувь нь сонгогдож байгаа нь зөв үү? Үүн дээр нэлээд ул суурьтай хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.

 

Нухацтай авч үзээд, миний бодлоор жагсаалтаар 60 хувь, тойргоос 40 хувь нь сонгогддог ч юм уу. Учир нь тойрогт суурилсан тогтолцоо маань төсвийн мөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахад ихээхэн нөлөөлж байна. Тойрогтоо дахин сонгогдох гэж УИХ-ын гишүүд эсэн бусын юм төсөвт тавьдаг. Бараг машин явдаггүй хоёр сумыг хатуу хучилттай замаар холбох ч гэдэг юм уу, мөнгийг үр ашиггүй зарцуулах боломж тойргоос сонгогдсон гишүүд их байх тусам төдий чинээ их гардаг. Сайн ярих юм бол сонгогчид 126 гишүүн хэт их гэж үзэж байгаа бол тоон дээр нь ярилцахад буруу зүйл байхгүй гэж боддог.

 

Сүүлийн үед улс төрчид болон иргэний нийгмийн байгууллагууд ард нийтийн санал асуулга явуулах талаар ярих болсон. Үүнээс өөр тогтолцоог өөрчлөх гарц алга гэж ярих болсон. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд ард нийтийн санал асуулга явуулах боломж бий юу?

 

Ард нийтийн санал асуулга явуулах боломж хуулиараа зөндөө бий. Ямар ч асуудал байхгүй. Гэхдээ ямар асуудлаар явуулах вэ гэдэг нь чухал. Би хувьдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг асуудлаар бол явуулж болохгүй гэж үздэг. Монгол Улсад ямар ч утгаараа парламентын засаглал чухал. Бид дэлхийн хоёр том их гүрний дунд оршдог. Ардчиллын баян бүрд гэж яригддаг. Хоёр хөрш маань авторитар дэглэмтэй улсууд. Тэгэхээр Монголд ардчиллын гол баталгаа болох засаглал бол парламентын засаглал. Муу ч, сайн ч олуулаа хэлэлцвэл буруугүй. Олуулаа асуудлаа ярилцаж байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тустай. Нэг Ерөнхийлөгчтэй болоод, тэр хүн нь бүх эрх мэдлийг ганцаараа өөр дээрээ төвлөрүүлэх юм бол Монгол Улсад эрсдэл маш ихтэй. Яг энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь буруу гэж үзэж байгаа.

 

Нэг гарт төвлөрсөн гэж яриад байгаа тогтолцоог өөрчлөхийн тулд АН-аас хэн Ерөнхийлөгчөөр сонгогдвол хийх боломжтой вэ?

 

Тэр хүн, энэ хүн гэж хувь хүнийг нэрлэх ямар ч боломжгүй. Шалгуур, шаардлага нь маш тодорхой байх хэрэгтэй. Ямар шалгуурыг хангасан хүн Ерөнхийлөгч байвал зүйтэй вэ гэдэг талаас нь ярина. Түүнээс энэ тарган, туранхай гэж ярих нь утгагүй.

 

Миний хувийн бодлоор, нэгдүгээрт, Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Хоёрдугаарт, намаасаа татгалзаж байгаа учраас асуудлыг үндэсний хэмжээнд харж, Монгол Улсыг нэг цул гэж үзэх хэрэгтэй. Хамгийн чухал чанар нь энэ юм. Энэ өнцгөөсөө олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой.

 

Парламентад нэг нам ноёрхоод байгаа нөхцөлд намын эрх ашгийн төлөө ажиллах эрсдэл байгаа. Гэтэл Ерөнхийлөгч намаасаа татгалзсан учраас Монгол Улсыг нэг цул гэж үзээд, Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийн төлөө хууль санаачлах бүрэн эрх нь байгаа. Нийт иргэдийн эрх ашгийн эсрэг хууль тогтоомж гарах юм бол түүнээс сэргийлж, хориг тавих ёстой. Энэ боломжоо ашиглах хэрэгтэй гэж боддог. Засгийн газрын хуралдаанд ч суух эрхтэй. Тэнд яригдаж байгаа болохгүй, бүтэхгүй зүйлийг засах хэрэгтэй. Хийхгүй байгаа зүйлийг нь хийх эрхтэй гээд Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг хэрэв би байсан бол тултал нь ашиглана. Түүнийг хийж чадах зоригтой, Монгол Улсаа нэг цул гэж харах, эрх ашгийнх нь төлөө чин үнэнчээр ажиллаж чадах шаардлага, шалгуурыг хангасан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшээсэй гэж хүсэж байна.


Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн марафон намуудад хурдаа авч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч яаравчлан хийх талаар УИХ-ын дарга УИХ-д суудалтай намуудын дарга нартай ярилцсан байна. Таны хувьд АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс хэн нэгнийг нь дэмжиж байна уу? Эсвэл огт өөр хүнийг дэмжих бодолтой байгаа юу?

 

Би одоо түүнийг хэлэх боломжгүй. Гэхдээ нэг чухал зүйл бол нам өөрийн бүтцээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шалгаруулж таарна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгогчид дээр очно. Сонгогчид сонгох учраас тэд хэнийг нь илүү зөв гэж үзэж байна гэдэг нь судалгаагаар гарна. Тийм учраас хөндлөнгийн байгууллагын судалгаанд үндэслэх нь чухал гэж үзэж байгаа. Нам хэнийг чухал гэж үзэх нь 50 хувь. Нөгөө 50 хувь нь сонгогчид аль нэр дэвшигчийг илүүд үзэж байна вэ гэдгийг заавал судалж гаргах ёстой. Үүнд үндэслэж, хоёр зүйлийн тэнцвэрийг хангаж байж шийдвэр гаргах ёстой.

 

Ардчилсан намын дүрмээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэрхэн сонгох ёстой вэ?

 

Намын дүрэмд яг нарийн заалт байхгүй. Журмаар зохицуулна. Тэр журмаа хэлэлцэж байна. Өнөөдөр журмаа эцэслэчих байх гэж бодож байна.

 


Танд баярлалаа.

 Ярилцсан М.Чойжал