sonin.mn

30 жилийн хугацаанд анх удаа Хонконгийн цагдаа нар 1989 оны Бээжингийн Тянь-Аньмэний талбайд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 4-нд зохион байгуулдаг олон нийтийн жагсаал хийхийг хориглолоо.

 

 

Шинэ коронавирусийн халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн наймаас олон хүн цуглахыг хориглож, нийгмийн зайны дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай байгааг холбогдох албаныхан мэдэгджээ.

 

Тянь-Аньмэний талбайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр олон арван мянган ардчилсан идэвхтэн Виктория цэцэрлэгт хүрээлэнд лаа асаадаг уламжлалтай. Хятад дахь Эх оронч ардчилсан хөдөлгөөнийг дэмжих Хонконгийн холбооноос зохион байгуулагчид тэднийг өөр газарт лаа асаахыг уриалжээ. Үүний зэрэгцээ, зарим жагсагч хоригийг үл харгалзан Виктория цэцэрлэгт хүрээлэнд цуглах гэж байна. Энэ үеэр Бээжингийн батлуулахаар төлөвлөж буй үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг эсэргүүцэн жагсаж магадгүйг ажиглагчид үгүйсгэсэнгүй. 1989 оны зун Бээжингийн төв талбайд өрнөсөн оюутны жагсаалыг Засгийн газар хүчээр дарж "Хувьсгалын эсрэг бослого" гэж тодорхойлсон байдаг. Жагсагчдын олонхыг шоронд хорьжээ. Тухайн үед дэг журмыг сэргээх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь улс орны нөхцөл байдлыг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийн явцыг үргэлжлүүлэх зорилготой байжээ. Эх газрын Хятадад энэ эмзэг сэдвийг төдийлөн сөхдөггүй. Бие даасан эрхээр хангагдсан Хонконг нь Тянь-Аньмэний үйл явдлыг жил бүр дурсдаг  Хятадын цорын ганц хот юм. Мөн энэ сэдэвт зориулсан дэлхийн анхны дурсгалын музей ч байдаг.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин