sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол буюу 183 мянга орчим тохиолдол бүртгэгдсэнээс 50 мянга гаруй нь Бразилд бүртгэгджээ. Үүнээс гадна БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид мэдэгдэж, Новак Жоковичийн зохион байгуулсан теннисийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагчид коронавирусээр халдварласан байна.
Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, “Covid-19”-өөр халдварласан хүний тоо дэлхий дахинд 9 сая давж, 474 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан нийт 4.9 сая орчим хүн өвчнөө даван гарч, эмнэлгээс гарчээ. Латин Америк халдварын голомт болоод байгаагаас гадна Энэтхэг, Пакистанд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байна.
 
Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна
 
Бразилд “Covid-19”-н улмаас 50 мянга гаруй нас барсан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Бразилд хэдхэн долоо хоногийн дараа цар тахал оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрх баригчид гадны иргэдийн улс оронд нэвтрэх эрхэд тавьсан хоригоо дахин 15 хоногоор сунгажээ. Улс орны эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь өөрийгөө тусгаарлах хатуу арга хэмжээ авахаас илүү чухал болоод байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өмнө нь мэдэгджээ. Ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын шинжээчид төдийгүй Бразилын оршин суугчид нэг бус удаа шүүмжилжээ.
 
 
 
Цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн сайд нь хоёр ч удаа солигджээ. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна. 
 
 
 
Хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа хэдий ч Бразилд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Болсонаруг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид оролцсон хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил АНУ-ын ард бичигдэж байгаа юм. Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт нэг өдрийн дотор халдварын 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 410 мянга давжээ. Халдварын улмаас тус улсад 14 мянган хүн нас баржээ. Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт буюу АНУ, Бразил, ОХУ-ын ард жагсаж байна.
Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулахад халдвар авсан хүний тоо хурдацтай өсөж эхэлжээ. Тус улсад 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Бусад орны хувьд коронавирусний халдвар эрэгтэйчүүдэд илүү хүнд хэлбэрээр илэрч, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байхад Энэтхэгт энэ өвчний улмаас эмэгтэйчүүд илүү хохирч байгааг статистик мэдээлэл харуулжээ.
 
БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгджээ
 
Сөүл орчимд коронавирусний халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давалгаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. 
Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна.  Түүнчлэн “Шинчожи” Христийн шашны бүлгийн 22 сүмийг хаажээ. Хоёрдугаар сард “Шинчожи” сүм халдварын голомт болсон билээ.
Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ. Ням гарагт БНСУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. БНСУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг