sonin.mn
Энэ удаа бид нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хэрээ” киноны найруулагч А.Алтанхундагатай ярилцсан юм.
 
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анхны бүтээлээ хэдэн онд гаргаж байсан бэ?
 
-Би Кино урлагийн дээд сургуулийг Отгонтэнгэр багшийн удирдлага дор 2007 онд төгсөж байсан. Анх оюутан байхдаа танин мэдэхүйн “АХА” нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байлаа. Тухайн үед “АХА” нэвтрүүлэг залуучуудын шилдэг нэвтрүүлгээр тодорч байсан юм. Уран бүтээлийнхээ гарааг “АХА” нэвтрүүлгээр эхэлж МҮОНРТ-д дадлагаа хийж олон зүйлийг сурсандаа их баяртай байдаг. Тухайн ондоо төгсөөд “Шидэт өвөл” гэж хүүхдийн киног хийсэн. Тус кино маань тухайн үедээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. 1985 онд “Зуслангийн найзууд” кино хийгээд түүнээс хойш хүүхдийн кино тасарсан байж байгаад 2007 онд “Шидэт өвөл” хүүхдийн киног хийгээд 2008 онд гаргаж байсан. Зураг авалтыг нь Дарханд хийж байсан. Тухайн үедээ нэлээн хүчтэй гарч ирж байсан кино. Тасраад байсан хүүхдийн киног хийсэн гээд олон хүнээс магтаал, шүүмжлэл авсан. Тэр цагаас хойш тасралтгүй хүүхдийн кино олныг хийсэн.
 
-Яагаад заавал хүүхдэд зориулсан кино хийх болсон бэ?    
 
-Манай багш хэлдэг байсан. Аливаа улс оронд хүүхдийн кино маш чухал зүйл. Хүүхдэд хөрөнгө оруулалт хийе гэвэл хүүхдийн кино хийх ёстой. Манайд энэ төрлийн кино хийдэггүй гэж. Хүмүүс хүүхдэд тэр болгон анхаарал тавьдаггүй. Орчуулгын хэдэн кино үзүүлдэг. Гадаадынхан хүүхдийн кинондоо их ач холбогдол өгдөг. Манайхан бүр хаячихсан. Хүүхдийн кино гаргалаа гэхэд үзэгч байхгүй байх жишээний. Тиймээс  “Шидэт өвөл” киногоо бяцхан үзэгчиддээ зориулж хийсэн юм. Тухайн үед хүмүүс их сайхан хүлээж авсан. Хүүхдүүдээ дагуулж ирж киног нь үзүүлэх гэх мэт. Ингэж л хүүхдийн киноны салбарт гарч ирж байлаа. Түүнээс хойш олон кино хийлээ.
 
-Хамгийн сүүлд хүүхэд багачууддаа зориулж ямар кино хийсэн бэ?
 
-Хамгийн сүүлд “Эрэгтэй охин” гэдэг кино хийсэн. Манай багийнхан 10 гаруй хүүхдийн кино хийсэн байдаг. Хүүхдийн кино хийгээд Монголын киночдын нэвтэрхий тольд хүүхдийн киногоороо нэрээ мөнхөлсөн байдаг. Одоо бол хүүхдийн кино харьцангуй олон хийдэг болсон. Яг хүүхдийн киног тасарч байхад нь залгамжилж хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэж боддог.
 
-Хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
 
-Саяхан нээлтээ хийсэн “Хэрээ”  киног найруулан үзэгчиддээ хүргэсэн байгаа. Энэ киноны хувьд аймшгийн адал явдалт төрлийнх. Мөн насанд хүрэгчдэд зориулсан. Кино театрт өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч харамсалтай нь коронавирус гараад нээлтээ хийж амжаагүй. Тэгээд энэ сарын 2-нд Ddish, Skymedia, Univision, Look TV-гээр нээлтээ хийсэн. “Хэрээ” киноны хувьд их амжилттай гарч байна. Кино театр хаасан болохоор ч тэр үү хүмүүс киногоор их цангасан байна.    
 
-Киногоо яагаад “Хэрээ” гэж нэрлэсэн юм бэ?
 
-“Хэрээ” киноны зохиолчоор Э.Содмагнай гэдэг залуу ажилласан байгаа. Бид хоёр хамтраад олон жил ажиллаж байна. Зураглаачаар Мөнгөнсибирь ажилласан. Монтажийн найруулгаар Ц.Ариунболд гэж нэлээн туршлагатай хүн ажилласан. Миний анхны “Шидэт өвөл” киноны зургийг авсан зураглаач, эвлүүлэгч, найруулагч хүн. Яагаад “Хэрээ” гэж нэрлэсэн бэ гэхээр энэ нь өөрөө өнөөгийн нийгэмд болж байгаа авлигал, хууль бус зүйлийг цэвэр уран бүтээл талаас нь гаргахыг зорьсон. Үйлийн үр гэж байдаг үүнийг тусгаж өгсөн. Гэхдээ бүгд зөвхөн шүүх, цагдаа хуулийн ажилтныг хэлж байгаа юм биш. Бүх хүнд үйлийн үр гэж байдаг гэдгийг харуулахыг хичээсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өөрийнхөө сонсож мэдсэн зүйлээсээ түшиглэж киногоо хийсэн.
 
-Кинондоо хэрээг яаж тоглуулав. Компьютер график байв уу? 
 
-Үзэгчиддээ сонирхуулж ярихад манай киноны хэрээ амьд. Гол дүрийн залуу хөтлөгч Энхзориг гэдэг залуу. Киноны гол утга нь албан тушаал ахиад явж байх хооронд найз нөхдийн шахалт дарамтаас болоод авлига авч байгаа.
 
 
 
Түүнээсээ болоод хэрэгт ордог. Хэрээ гэдэг амьтан өөрөө 300 насалдаг үйлийн үрийг нь эдлүүлж байгаа тухай  гардаг. Мөн уншигчиддаа гэнэтийн бэлэг болгоод задлахад манай хэрээ бол жинхэнэ бодит хэрээг авч тоглуулсан.
 
 
 
-Яаж тоглуулсан бэ?
 
-“Хэрээ” киноны гол дүрийг дандаа дагаж дайрдаг хэсэг гардаг. Тэр бол надад аз таарсан. Нэг өглөө хэрээг яаж тоглуулах вэ гэж бодоод ерөнхийдөө зураг авалтаа компьютерийн аргаар хийгээд зураг авалт маш удаан явагдаж байсан. Зураг авалтаа хийгээд явж байхад нэг муур хэрээний ангаахайг барьцан байж таарсан. Цаанаасаа ч юм уу бурхан ивээсэн ч гэж хэлэхэд болно. Тэгээд зулзагыг нь эмчлэх гээд мах, ус өгөөд ангаахайг нь аварсан. Хэрээ өөрөө хосоороо амьдардаг амьтан. Гэтэл тэр ангаахайны аав ээж нь ирээд ангаахайгаа хамгаалаад ойртохоор дайраад байсан. Тэр үйл явцыг л ашиглаж хэрээг кинондоо тоглуулсан даа. Манай киноны багийнхан хэрээг яг дайрах явцад бүгд айгаад юун зураг авах болоод байсан.
 
Бид нэг буруу зүйл хийсэн. Уран бүтээлийнхээ төлөө гол дүрийнхээ залуугийн өвөрт нь хэрээнийхээ ангаахайг хийсэн. Тэгсэн нөгөө хоёр хэрээ чинь гол дүрийн залуу руу дайраад хаа явсан газар нь дагаж яваад. Бид зураг авалтаа бүтэн өдөржин хийгээд. Зөвхөн хэрээтэй хэсгийн зураг авалтаа гол дүрийн залуутайгаа хамт хийсэн. Ажилдаа орж, гарах машинтай явах гэх мэт хэрээ болон киноны гол дүрийн залуу хоёрт л зориулагдаж зураг авалт хийсэн. Манай гол дүрийн залуу хаана ч явсан хэрээний ангаахайгаа аваад л яваад байсан. Тэгж байж л тэр хэрээний дайрдаг дагадаг хэсгийг зураг авалтандаа оруулсан. Тэр хэсгийн дараа манай гол дүр их айсан. Алтанхундагаа зураг авалтаа зогсоох юм биш үү. Энэ одоо бүр аймаар юм боллоо. Хэрээнд зануулаад хэцүү байна. Хэрээ гэдэг амьтан чинь аймаар амьтан гэж байна” гэж гуйж байсан. Гэхдээ киногоо сонирхолтой болгохын тулд зураг авалтаа дуустал хэрээгээ байлгасан.
Зураг авалт гурван өдөр үргэлжилсэн. Зураг авалтаа хийх явцдаа бид бас хэрээний ангаахайг эмчилсэн. Амьтны эмнэлэгт үзүүлээд далавчных нь гэмтлийг эмчилсэн. Бид нар хэрээнүүддээ зориулж хонины мах авч тэрийгээ жижиглээд өгдөг байсан. Би гурван хүүхэдтэй. Гэхдээ эхнэрээ айх байх гээд хэлээгүй. Гэртээ очсон ч хэрээ намайг дагаж гэрт очдог байсан их ухаантай амьтан юм байна лээ. Зураг авалтаа амжилттай дуусгаад ангаахайгаа аав ээжид нь хүлээлгэж өгсөн. 
 
 
 
Хэрээний ангаахайгаа тавиад эргэх хооронд л аав ээж нь ирээд бүчиж байсан. Тухайн үед бидний хажууд байсан хүмүүс их гайхсан байх. Бид хэрээнээсээ уучлалт гуйгаад сөгдөж мөргөсөн. 20 гаруй хүн гурван хэрээнд мөргөөд сүү өгөөд байхаар их л гайхсан байх. Киноныхоо дараа тухайн үйл явцыг баримтат кино болгож гаргах төлөвлөгөөтэй. Мөн зураг авалтаа хийсэн. Зурагт ороогүй олон кадр байгаа тэр бүгдийг гаргана гэж бодож байгаа.
 
 
 
-Хэрээг ингэж тоглуулсан талаар одоо л задалж байна уу?  
 
-Би хүмүүст ингэж хэрээг тоглуулсан гэдгээ хэлээгүй байсан. Найруулагч нар гайхаж байсан. Яаж зургийг нь авсан талаар их асууж зарим нь компьютер график мөн үү гээд зургийг нь явуулж асууж байсан. Жүжигчин хэрээ гэж байхгүй шүү дээ гэж их асуусан. Би тоглоом болгоод 300 жил насалдаг амьтанд мөнгө хэрэгтэй гэнэ ээ. Мөнгийг нь ахиухан өгөхөөр тоглоод өгчихдөг юм байна гэж хариулдаг байсан. Тэгээд одоо миний ярицлаганаас уншина байх.
 
-Киноны дуугаа “Ice top” хамтлагийнхан дуулсан байсан энэ талаар?   
 
-Манай киноны гол дүрд “Захиалгат инээд” хамтлагийн ахлагч Батбаяр буюу Ванпис тоглосон. Ванпис ах маань “Ice top” хамтлагийн ууган гишүүний нэг байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгээд өөрийнхөө киноны дууг өөрийнхөө хамтлагтай дуулъя гэсэн санал тавиад. Хамтлагийнхантайгаа хамт дуулсан байдаг. Мөн Ванпис ах маань өөрөө хамлагийнхантайгаа хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг байсан хүсэл нь мөн биелсэн. Үзэгчдэд ч гэсэн энэ дуу нь их таалагдсан. Мөн киноны хөгжмийг хийсэн Анартаа баярлалаа гэж хэлмээр байна.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин