Монголын кино урлагт хүүхдэд зориулсан кино, контент нэн ховор. Монголдоо ганц гэж хэлж болох “Төгс хөгжил” продакшныг үүсгэн байгуулагч Ж.Буянтөгстэй ярилцлаа.
 
-Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
 
-Намайг Ж.Буянтөгс гэдэг. Жүжигчин, кино найруулагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны ма­гистр, хүүхдийн уран бү­тээл судлаач, докторант. Кино найруулагч мэргэж­лээрээ 15 жил ажиллаж байна.
 
Энэ хугацаанд дандаа хүүхдийн кино найруулсан гэдгээрээ онцлог байх. Хүүхдийн анхны олон ангит “Адтай жаалууд” кинон дээр анх туслах найруулагч хийж хүүхдийн кино урлагт гар бие оролцож эхэлсэн.
 
-Та “Төгс хөгжил” продакшнаа хэдэн онд байгуулсан бэ? 
 
-2013 онд продакшнаа байгуулсан. Одоо долоон жилийг ардаа үдэж байна. Манай байгууллагын анхны бүтээл “Ахлах сургууль” киног хийж байсан. Энэ киног би өөрийн шавьдаа зориулж хийсэн. Тухайн үед би дөнгөж кино зохиол бичиж эхэлж байлаа. Энэ киноныхоо зохиолыг өөрөө бичээд хийснээр манай продакшн үүсэн байгуулаг-дах шалтгаан болсон.
 
-Яагаад хүүхдийн кино урлагийг онцлох болсон бэ? 
 
-Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм бол хүүхдийн кино байдаг. Киногоороо дамжуулж хүүхдүүд өөрийн танин мэдэхүй болон амьдралд тулгамдаж байгаа олон зүйлийнхээ хариултыг олж авдаг. Тиймээс энэ дутагдаж буй мэдлэгийг хүүхдүүддээ олгохыг хүссэн юм. Мөн хүүхдийн уран бүтээл хийхээс гадна хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг давхар бүрдүүлэхийг эрмэлзсэн.
Хүүхдэд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгохгүй бол хөгжихгүй. Өөр хоорондоо нийлж гадуур сэлгүүцэхээс эхлээд одоо үүсээд байгаа олон гэмт хэргийн хохирогч болох магадлалтай. Манай байгууллага хүүхдүүдийг дан ганц кинонд тоглуулах газар биш. Мэдээж хүүхдүүддээ соёл боловсролыг түгээнэ. Мөн кинонд тоглож байгаа хүүхдүүдээрээ дамжуулан нийгэмд үлгэр жишээ үзүүлэх шилдэг хүүхдүүдийг бий болгохоор ажиллаж байна.
 
-Танай продакшн байгуулагдсанаасаа хойш хэдэн кино хийсэн бэ? 
 
-Продакшн үүсээд долоон жилийн хугацаанд долоон кино хийсэн. Жил бүр нэг кино шинээр хийсэн. Тухайлбал, “Хүсээгүй үнсэлт”, “Ахлах сургууль”, “Хайрын зуслан”, “Адал явдалт ачлал” “Нандин нас” гэх мэт. “Нандин нас” бол манай хамгийн сүүлийн кино. Саяхан боловсрол телевизээр гарч олны хүртээл болсон. 
 
-Дугуйлан давхар ажиллуулдаг гэсэн хэдэн төрлийн дугуйлан байдаг вэ? 
 
-20 гаруй дугуйлан ажиллаж байна. Бүжиг, жүжиг, хэл яриа, бэлтгэл ур чадвараар хүүхдүүдээ хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Дугуйлангийн багш нар маань дөрвөн төрлөөр хүүхдүүдтэйгээ ажилладаг. Бүгд мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан мэргэшсэн боловсон хүчин.
 
-Сүүлд хийсэн уран бүтээлийнхээ талаар ярьвал?
 
-“Нандин нас” кино 14 ангитай бүтээл. Киноны хувьд өмнөх бүтээлүүдээ бодвол олон давуу талтай. Энэ киногоо бид Эх нялхсын эрдэм шинжилгээний хэлтсийн Өсвөрийн клиник, ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч хүүхдүүд ямар гэмт хэрэгт илүү холбогдож байна. Үүнээс яаж хүүхдээ урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх вэ, ямар мэдээлэл хүргэх талаар дээрх байгууллагуудтай хамтарч хийсэн. Яагаад эх нялхстай хамтарч хийсэн бэ гэхээр 2018 оны судалгаагаар 1700 гаруй охид үр хөндүүлсэн байсан. Гэхдээ энэ охид бүгд 14 настай гэдэг нь хамгийн эмгэнэлтэй мэдээлэл байсан. Тиймээс энэ тал дээр хүүхдийн кино найруулдаг хүний хувьд тэдэнд мэдээлэл өгдөг хүний хувьд хариуцлагаа хүлээгээд кинондоо оруулж охид хөвгүүддээ сануулга өгсөн. Мөн энэ кино охид хөвгүүдийн үерхэл ямар байх ёстой. Нандин үерхэл гэж ямар зүйл байдгийг ойлгуулах үүднээс хийсэн.
 
-Кино гараад ээж аавуудыг их бухимдуулсан. Яагаад энэ киноны зарим нэг хэсэгт хэт задгай үзэгдэл гаргасан юм бэ?
 
-Тийм хэсэг гардаг. Тэр хэсгийг үзээд хүмүүс их бухимдаж бараг л ийм үзэгдэл гаргасан энэ киноны зохиолыг бичсэн найруулагчийг нь шоронд хий гэсэн байсан. Гэхдээ энэ шүүмжлэлийг би их олзуурхаж байгаа. Яагаад гэвэл эцэг эхчүүд энэ киног үзээд хүүхдүүдээ ямар нийгэмд амьдарч байгаатай танилцсан байна. Аав ээжүүдийн нэг буруу ойлголт байдаг. Тэр нь энэ кинон дээр муухай үзэгдэл гарч байна. Энэ хүүхдүүд л муухай, миний хүүхэд зөв хүмүүжилтэй гэдэг. Тэгвэл үгүй, таны хүүхэд хүмүүжилтэй, сайн хүү байсан ч танай хүүхдийн найз, нийлж байгаа хүүхдүүд нь ямар байгааг та мэдэж байгаа юу.
 
Тэгэхээр энэ кино яг тэр ээж аавуудын мэдэхгүй байгаа цаадах хүмүүсийг гаргаж ирсэн юм. Тиймээс ээж аавууд өөрсдөө хүүхдэдээ итгэж энэ кинон дээр гарч байгаа шиг зүйлийг бий болгохгүйн төлөө байх ёстой. Хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж болох, болохгүйн заагийг таниулж байх ёстой. Барууны соёлыг гаргалаа гэж намайг зэмлэх биш таны хүүхэд яг тэр барууны соёлоор хүмүүжиж байгааг анхаарах хэрэгтэй. Анх киноны зохиолыг бичиж байхдаа л зорилго нь тийм байсан. 
 
-Эцэг эх болон хүүхдийн зөрчлийн талаар?
 
-Манай хүүхдүүдэд нэг буруу ойлголт байдаг. Би шилжилтийн насан дээрээ явж байна. Намайг манай ээж аав ойлгохгүй надад хэцүү байна гэсэн. Эцэг эх нь түүнийг ойлгох биш хүүхэд өөрөө аав ээжээ сайн ойлгодог байх ёстой. Өөрөө гэр гэр бүлийнхэнтэйгээ чөлөөтэй харьцах орчинг бүрдүүлэх ёстой. Хүүхдийн өөртөө тавих шаадлага хамгийн эхэнд байх ёстой. Өөрийгөө бусдад ойлгуулах, дотроо байгаа бодлоо зөв гаргах. Мөн зөв өнцгөөс ярих. Тиймээс манай дугуйланд явж байгаа хүүхдүүд энэ чадварт хамгийн түрүүнд суралцдаг.
 
-Хүүхдэд зориулсан контент хийх болсон шалтгаан, зорилго?
 
-Миний хамгийн том зорилго бол миний хийсэн киног үзээд нэг ч гэсэн хүүхэд ухаарал авсан бол тэр миний хувьд хамгийн том ашиг. Яг одоо би 100 хүүхдийг сургаж байна. Эдгээр хүүхдийн нэг нь ч гэсэн өөрийгөө таних нь миний ажлын үр дүн болж ирдэг.
 
-“Нандин нас 2”-ыг хийж байгаа гэсэн. Энэ талаар? 
 
-“Нандин нас 2” киноны зураг авалт эхлэх гэж байгаа. Хүүхдүүддээ дүрийг нь хуваарилаад өгсөн. Одоо өөрсдийн үгээ цээжлэх, дүрдээ хувирах тал дээр хүүхдүүд маань ажиллаж байгаа. Энэ кино маань мөн л адил 14 ангитай хийгдэнэ. Эхний бүлэгт 200 хүүхэд оролцсон бол одоо 100 хүүхэд оролцож байгаа. Киног маань олон хүн дэмжин ажиллаж байна. Мөн “Нандин нас 2”-ыг маань “Content media”-гийнхан ивээн тэтгэхээр болсон. Тиймээс хүүхдийн бүтээлд үргэлж тусалж, дэмждэг хүмүүст “Зууны мэдээ” сониноор дамжуулан баярлалаа гэж хэлмээр байна. Тэр дундаа  хүүхдийн контентэд үргэлж санаа тавьж тусалдаг хуульч өмгөөлөгч Р.Булгамаа эгч болон “Content media”-гийн хамт олонд баярлалаа.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин