sonin.mn
Монгол Улсын өнө эртний түүх, өв уламжлалын дархлаа, язгуур эрх ашгийн илэрхийлэл болсон Монгол наадам эхэлж байна. Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье. Дэлхий нийтийг цочроож буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг нь Монгол эх орон минь боллоо. Нийслэлчүүд та бид ч баяр наадмаараа Улсын онцгой комиссынхоо журмыг дагаж, шинэ хэв маягаар тэмдэглэх хариуцлагатай үе тохиож байна. Энэ жил нартай, хуртай сайхан зун болж байна.
 
 
 
Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн жилийн наадмаас хойш бүтээн байгуулалтууд тасралтгүй өрнөж, Налайхын зам, Сонсголонгийн гүүр, Олимпын гүүрийг ашиглалтад орууллаа. Энэ онд 102 км авто зам, 14 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 186 метр урт гүүрэн байгууламж, дугуйн 50 км урт авто замын ажлыг нийслэлд хийж хэрэгжүүлнэ.
 
 
 
Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг барилгажуулан 6,613 айлын орон сууц ашиглалтад оруулсан бол энэ онд 2,052 орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ондоо багтааж бид цэцэрлэгийн 60 барилга, сургуулийн 35 барилга болон бага сургууль, цэцэрлэгийн дөрвөн цогцолборыг ашиглалтад оруулах юм.
Наадмын маргааш намар гэдэг. Утаагүй Улаанбаатар төслийн үр дүнгээ бататган үргэлжлүүлэхээс эхлээд өвлийг өнтэй давах нөр их бэлтгэл ажлууд ундарч байна. Нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж бүр нийгэмдээ, нийслэлдээ тустай бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэн, өвлийн бэлтгэл ажлаа хангахыг энэ ташрамд уриалж байна. Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг.
 
Та бүхэн сайхан наадаарай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА РЭНЦЭНДАГВЫН ДАГВА