sonin.mn
Зуны улиралд байгалийн сайханд аялж, амарч зугаалах хүсэл хүн бүрт байдаг. Харин харшилтай хүмүүсийн  хувьд нүд хорсож хуурайших, хамар битүүрэх, нарны харшлаас үүдсэн тууралт гарах зэргээс үүдэн харин ч зовиуртай санагдах нь бий. Тиймээс энэ удаа бид Арьсны өвчин судлалын үндэсний төвийн  Арьсны их эмч Д.Сүхболдтой ярилцаж, харшилтай хүмүүст зориулсан зөвлөгөө мэдээллийг авсан юм.
 
-Харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Зарим хүний харшил хавар эхэлдэг бол зарим нь зун, намрын сард идэвхждэг. Танай эмнэлэгт ямар шалтгаантай хүмүүс хандаж байна вэ?
 
-Харшлын өвчин орчин үед тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг болсоор байна. Харшил нь шалтгаанаараа амьсгалын замын, эмийн, хоол хүнсний, арьсанд хүрэлцсэн гадны биетийн улмаас үүсэх  гэх мэт олон янз байдаг. Хавар, зун, намрын улиралд хүмүүс ургамлын харшлын өвчин сэдрэх үед “харшил” гэсэн ерөнхий нэрийн дор ярьж эхэлдэг. Угтаа бол жилийн дөрвөн улиралд харшлын өвчин байж л байдаг. Харин улирлаас шалтгаалдаг харшил гэвэл ургамлын тоосонцрын харшил элбэг тохиолдож байна. Энэ нь жил бүрийн дөрөвдүгээр сарын дундаас есдүгээр сарыг хүртэл тоос хүртээх улирал байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ургамлын тоосны харшил дөрөвдүгээр сараас есдүгээр сарын  01-ныг хүртэл үргэлжилдэг. Энэ үед ургамлын тоосонцрын харшил хөдлөх буюу сэдэрдэг гэсэн үг. Мөн аль сард ямар ургамал тоосоо хүртээдэг вэ гэдгээс шалтгаалан тухайн хүний харшил сэдэрнэ. Жишээлбэл, жил бүрийн өдийд хот суурин газарт их ургадаг шарилжны тоос хүртээх улирал нь байдаг учраас энэ үед шарилжны харшилтай хүмүүсийн харшил илүү сэдрэх төлөвтэй байна.
 
-Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр олон хүн хандаж байна вэ?
 
-Ер нь бол ургамлын тоосонцрын харшлаар өвчилж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь статистик тоон мэдээлэл болон жилийн эцсийн тайлан мэдээнээс харагдаж байна. Ургамлын харшлын оношоор 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 3781 хүн үзүүлсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 4838 хүн манай төвийн амбулаториор үзүүлсэн байна. Үүний цаана тухайн хүний амьдралын хэв маяг, харшилж байгаа хүчин зүйлүүдэд хэт мэдрэг байдал нь харшил нэмэгдэх шалтгаан болж байна.
 
-Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Нэгэнт харшилтай болсон хүмүүс ямар дэглэм барьж, юуг анхаарах вэ?
 
-Харшил үүсгэх маш олон хүчин зүйлс бий. Тиймээс тухайн хүн яг юунд хэт мэдрэг байна вэ гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлж, зохих шинжилгээ хийлгэх, харшлын сорил тавьж үзүүлж болно. Манай Арьсны өвчин судлалын үндэсний төвд зонхилон харшлах хоол хүнс, ургамлын төрөл зүйлүүд орсон дөрвөн төрлийн багц сорилуудыг хийдэг.
 
 
 
Харшилж байгаа зүйлээ мэдсэн тохиолдолд түүнээс аль болох зайлсхийх арга хэмжээ авах нь хамгийн оновчтой урьдчилан сэргийлэлт болно. Харин огт харшилгүй хүмүүсийн хувьд гэвэл амьдралын зөв хэв маягаа хадгалж үлдэх хэрэгтэй. Жишээ нь, эрүүл зөв хооллолт, агаарт сайн алхдаг байх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт бодисын солилцоогоо эрчимтэй байлгаснаар хүн өөрөө хорт нэгдлүүдээ биеэсээ гадагшлуулдаг.
 
 
 
Ингэснээр ямар нэгэн ургамал болон хоол хүнсэнд хэт мэдрэг болох магадлал багасаж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг.
 
-Харшлыг бусад өвчнөөс хэрхэн ялгах вэ. Зарим хүмүүс харшилтай болсноо мэдэхгүй буруу эм тан хэрэглэж, улам хүндрүүлэх эрсдэл байдаг гэж сонссон. Энэ тухай?
 
- Манайхан харшлын анхны шинж тэмдэг илрэхэд хамар хоолойн өвчин, ханиадтай андуурч өөрсдөө буруу эмчилгээ хийдэг. Харшлын өвчний анхны шинж тэмдэг нь нүд загтнах, хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, нүд улайх, хамраас нус гоожих зэргээр илэрдэг. Тиймээс хүмүүс дур мэдэн эм уух биш яг юунаас харшлаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийх, харшлын эмийг эмчийн зөвшөөрөлгүйгээр уух нь эрсдэлийг дагуулж байдаг. Жишээлбэл, зарим харшлын эмүүд нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг ба тухайн эмийг уусан үедээ жолоо барих юм уу анхаарал төвлөрөх ажил хийх ёсгүй.
 
-Сүүлийн жилүүдэд олны дунд байгаа нийтлэг харшлуудаас гадна шинээр ямар харшил нэмэгдэж байна вэ?
 
- Сүүлийн үед хүнсний шалтгаант харшил нэмэгдсэн. Мөн эмийн буруу хэрэглээ асар их байгаа учраас эмийн харшлууд ч ихэсч байна. Ургамлын харшлаар бага насны хүүхдүүд их өвчилж байна. Нөгөөтэйгүүр, жилд 1-2 буюу ховор тохиолддог арьсны өвчнүүд сүүлийн жилүүдэд ихссэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, хүүхэд болон насанд хүрэгчдэд тохиолддог глютен уургийн хамааралтай арьсны цэврүүт өвчнүүд байдаг. Энэ өвчний шинэ тохиолдол 2013 онд жилд гурав байсан бол 2019 онд зургаан тохиолдол  шинээр оношлогдсон байна.Энэ өвчнийг үүсгэж буй шалтгаан бүрэн тодорхой биш ч ямар нэгэн харшлын суурь өвчлөл болон хоол хүнсний хэрэглээтэй холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс арьс харшлын өвчний шинж тэмдэг илэрсэн үед мэргэжлийн эмчид хандан үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.
 
-Бага насны хүүхдүүд хүртэл харшилтай гэдэг болчихож. Харшлын өвчин удамшдаг уу?
 
-Харшлын өвчин бусдад халддаггүй. Харин удамших магадлал өндөр хувьтай байдаг. Гэхдээ ургамлын харшилтай эхээс заавал ургамлын харшилтай хүүхэд төрөхгүй. Эцэг, эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрдөг . Өөрөөр хэлбэл, эцэг, эх хоёр хоёулаа харшилтай байвал хүүхэд нь харшлын өвчтэй төрөх магадлал 75-100 хувь. Харин ээж, аав хоёрынх нь аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшлын мэдрэмтгий шинж чанарыг нь авч төрөх магадлал 25-75 хувь гэж үздэг. Тиймээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эхчүүд харшлын өвчнөө сэдрээхгүй байх, жирэмсэн үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
 
-Хоол ундны зохицуулалтын хувьд, харшилтай хүмүүс ямар дэглэм, гам барих вэ. Ялангуяа, ургамлын тоосонцрын харшилтай хүмүүст та зөвлөгөө өгөөч?
 
 
 
-Харшил сэдрээх хоол хүнсэнд халуун ногоо, дарсан даршилсан хүнс, чихэр, ундаа, архи, тамхи, исгэлэн жимс ногоо гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Ургамлын харшилтай хүмүүс зарим төрлийн жимсэнд харшилдаг.
 
 
 
Тухайлбал, хаврын улиралд сэдэрдэг хус модны харшилтай хүмүүс алим, чангаанз, лийр, чавга, киви гэх мэт жимсэнд давхар харшилж болдог.
 
-Арьсны өвчин судлалын үндэсний төвд сорил тавиулах хүмүүс шууд ирээд үзүүлэхэд болох уу. Ачаалал хэр байна. Цахимаар цагаа авч байгаа юу?
 
-Ихэнх иргэд харшил сэдэрсэн үедээ сорил тавиулахаар ирж эмнэлэгт хэт ачаалал үүсгэдэг. Гэвч харшлын сорил тавиулах хамгийн тохиромжтой үе бол тухайн хүний харшил сэдрээгүй, харшлын эм хэрэглээгүй байх хэрэгтэй. Энэ шаардлагыг биелүүлсэн бол сорилын хариу үнэн зөв гарах магадлал их байдаг. Манай төв ажлын өдрүүдэд 70135036 утсаар цаг өгч байгаа.
 
-Хавар танай эмнэлэгт ургамлын тоосонцрын харшлаас сэргийлэх вакцин хийдэг гэж сонссон. Энэ талаарх мэдээллийг өгөөч. Ямар хүмүүс хэдийд хандаж, энэ вакцинд хамрагддаг вэ?
 
-Энэ нь вакцин шарилжны харшил хүмүүст илүү үр дүнтэй. Жил бүрийн гуравдугаар  сараас бүртгэл эхэлдэг.
 
 
 
Х.Билгүүн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин