sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы агаарын орон зай, сансрын уудмыг шинжлэн судлах агентлаг 2035 он гэхэд саран дээр ус төрөгчийн түлшний үйлдвэр барихыг зорьж байна.
 
 
 
Үйлдвэрийг мөсөн давхарга байж магадгүй дэлхийн дагуулын өмнөд туйл орчимд барих төлөвтэй байна. Тэндээс ундны ус, хүчилтөрөгч, устөрөгчийг авах аж. Сүүлд дурдагдсаныг саран дээр явах болон сар орчмын сансрын станцууд хооронд нислэг үйлдэхэд түлш болгон ашиглах боломжтой аж.
 
 
 
Урьдчилан тооцоолсноор, үйлдвэр барихад 21-37 тонн ус шаардагдах юм. Үйлдвэр барьснаар дэлхийгээс түлш тээвэрлэх зардлыг бууруулахаас гадна төслийг амжилттай хэрэгжүүлснээр сар болон сансрыг эзэмших явцыг хурдасгахад тус болно гэж үзэж байна.
“NASA”-гийн сарны хөтөлбөрт нэгдэх шийдвэр гаргасан тухайгаа Япон өнгөрсөн онд зарлажээ. Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам дэлхийн байгалийн дагуулын судалгааны хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт “NASA”-тай хамт 7 дугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Тодруулбал, талууд судалгаа хийхэд шаардагдах тоног төхөөрөмжийн нийлүүлэх, сарны гадаргуун тухай мэдээлэл солилцох, сарнаа явагчийг хамтран бүтээх болон Японы сансрын нисгэгчдийг сар руу илгээх боломжийн асуудлаар хамтран ажиллах аж.
"NASA" сарыг эзэмших шинэ хөтөлбөрөө өнгөрсөн хавар “Artemis” гэж нэрлэсэн юм. Уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирэх бөгөөд энэ үе шатыг 2020 оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр товложээ. 2022 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гарагийн дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2024 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдийг саран дээр буулгахаар төлөвлөжээ.
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг