sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. БНХАУ байгуулагдсаны ой болох 10 дугаар сарын 1-ний үндэсний баярын өдөр Засгийн газрыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал болж магадгүй учраас Хонконгийн цагдаа нар эмх журам сахиулахад хууль сахиулах байгууллагын 6 мянган ажилтныг дайчилна.  
Коронавирусний халдварт өвчин тархах аюултай гэсэн шалтгаанаар өмнө нь эрх баригчид сөрөг хүчнийхний томоохон жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн хэдий ч идэвхтнүүд хар хувцастай гудамжинд гарч, зам хаах, эмх замбараагүй байдал үүсгэхийг интернет орчинд уриалаад байгаа аж.
Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан урьдын адил Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, хотын бизнес төвд дуусна гэж цагдаа нар таамаглаж байна. Түүнчлэн баяр наадмыг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ болох газарт жагсагчид нэвтэрч магадгүй байна. Мөн хэсэг бүлэг хэт давруу үзэлтнүүд Монгкок дүүрэгт гэнэт эмх замбараагүй байдал үүсгэж магадгүйг цагдаа нар үгүйсгээгүй аж. 
 
 
 
Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ. Хэдийгээр төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүссэн юм.  
 
 
 
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо энэ оны 6 дугаар сарын 30-нд Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсан юм. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулжээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг