sonin.mn

БНСУ нь 50 орчим сая хүн амтай. Нийслэл Сөүл хотод нь 14 сая гаруй хүн ам оршин суудаг. Азийн "бар" болсон хөгжилтэй орон юм. БНСУ-д Монголын 30 орчим мянган иргэд гэрээгээр болон хараар ажиллаж амьдардаг. Манай Налайх дүүргийн Тамгын газар БНСУ-ын "Шинэ давалгаа хөдөлгөөн" ТББ-тай    харилцаатай ажилладаг юм.

Сөүл аялсан тэмдэглэлээсээ манайхан санаа авууштай цөөхөн зүйлийг өгүүлье

-Солонгосчууд хөгшин, залуугүй их ажилсаг. Өглөө маш эрт босч, үдэш орой болтол ажиллана. 80,90 настай хөгшчүүл гудамж болон зах дээр өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, хийсэн хоол, хүнсний зүйл болон бараа, хувцас хэрэглэлээ зараад өглөөнөөс үдэш болтол ажиллацгаана.

-Жижиг, дунд үйлдвэрлэл их хөгжсөн, гэр бүлээрээ, ах дүүгээрээ 3-5 хүн хувиараа жижиг үйлдвэр байгуулаад ажилладаг. Нэг зүйл хийгээд бүтэмж муутай байвал шантарч няцдаггүй, дахиад л өөр зүйл санаачлаад уйгагүй ажилладаг.

-Хүмүүс нь улсынхаа үйлдвэрийн болон өөрсдийнхөө жижиг, дунд үйлдвэрийн бараагаа авч хэрэглэх дуртай, ингэж заншсан юм билээ. Тухайлбал, машин авахдаа Солонгос машинаа л авна. Ер нь Солонгост өөр орны машин бараг байхгүй.

-Жижиг,    дунд үйлдвэрүүд нь их төрөлжсөн, жишээлбэл, нэг жижиг үйлдвэр нь эрэгтэй хүний майк хийж байхад нөгөө үйлдвэр нь майкны гоёл чимэглэл, эмблемийг хийх жишээтэй. Хоорондоо нягт уялдаатай ажилладаг.

-Бие биенээ болон гадаадын иргэдийг маш их хүндэлнэ. Дэлгүүр, ресторан, хоолны газраар ороход үйлчлэгчид нь тосч угтаад үдэж явуулна. Хийсэн хоол, зарж байгаа бараагаа, хувцас хэрэглэлээ дахин дахин үзүүлж, өмсүүлж толинд харуулж, магтаж дагаж гүйсээр байж, авахаас өөр аргагүй болгож үйлчилнэ.

-Үдэш орой, шөнө гэртээ ууж идэж согтож орилж, дуулж шуугих чимээ огт гаргахгүй, хөрш айл хүмүүстээ амрахад нь саад болохгүйг хичээнэ. Шуугиж ууж наргих болбол үйлчилгээний газрууддаа очиж үйлчлүүлдэг юм билээ.

-Сургуулийн хүүхдүүдийг оройн 19 цагаас хойш гадуур гаргахгүй, 21 цагт амрааж, өглөө эрт босгож, хичээл сургуульд нь хүргэж өгнө.

-Хамгийн    сайхан зүйлийн нэг бол хулгай огт байхгүй. Дэлгүүр, захын худалдагч нар нь бараа, материалаа ил задгай, их том хэмжээний талбайд байрлуулдаг. Үйлчлэгч нар нь их холоос ирж бараагаа зарж үйлчилнэ. Тэр ил задгай, хол байрласан бараанаас нууж авах гэсэн ойлголт Солонгос хүнд байхгүй. Хүмүүс үйлчилгээний газар, баар, дэлгүүрт эд юмаа мартаж орхиод дараа нь ирэхэд мартсан юм нь тэр газраа юм уу эсвэл үйлчилгээний эзэн нь ил тавьчихсан хадгалж байдаг.

-Цагдаа нар нь иргэдээ их хүндэтгэж, аль болохоор туслахыг хичээж үйлчилдэг учир цагдаа нарын нэр хүнд нь өндөр байдаг юм билээ.

-Жолооч нар нь бие биенээ хүндэтгэж, хэрүүл бухимдалгүй, хүлээцтэй хандаж бөөгнөрөл, түгжрэл, үүсгэхгүйгээр зохицож явцгаадаг.

-Хүүхдүүдийг багаас нь ардчилал, улс төрийн мэдлэгтэй болгодог юм билээ. Жишээлбэл: ангийн дарга, сурагчдын зөвлөлийн гишүүдээ сурагчид өөрсдөө нэр дэвшүүлж, санал хураалтаар шалгаруулж сонгодог.

-Орон сууцны барилгууд, хорооллын гудамжинд хог хаях тусгай цэгтэй. Тэнд хоол хүнсний зүйл, цаас картон, шил лааз, хуванцар сав, гялгар уут гэх мэтийн хаягтай том модон хайрцаг юм уу шуудай байдаг. Иргэд хогоо авч ирээд тэр хаягтай сав шуудайнд ялгаж хийнэ. Хамаагүй хольж хийхгүй. Хогоо яаж ялгаж хийж байгаад нь үүдний харуул, цагдаа хяналт тавьдаг. Ялгаж хийсэн хоол хүнсний зүйлийг нь гахай, шувуу тэжээдэг аж ахуй, цаас картоныг нь картоны үйлдвэр гэх мэтээр шаардлагатай зүйлээ үйлдвэрийн газрууд нь ачаад явчихна. Иймээс ямар ч хог гардаггүй цэвэр байдаг.

-Үйлчилгээ нь их соёлтой, дуудлагын үйлчилгээ их хөгжсөн нь иргэд гадуур явж, цагаа үрдэггүй, гэртээ байж байгаад хэрэгтэй зүйлээ авчихна. Жишээлбэл: мах, сүү, бэлэн хоол, жимс ногоо, цэвэр ус гээд л юу авъя гэнэ тэр бүхнээ холбогдох үйлчилгээний газруудад утсаар захиалгаа өгөөд мөн авах цаг, гэрийн хаягаа хэлнэ. Удалгүй мотоцикль, мопед унасан үйлчилгээний хүмүүс захиалсан зүйлсийг нь авчирч өгөөд тооцоогоо хийгээд явчихна.

-Хувийн хороололд байгаа болон албаны сууцныхаа гадна орчныг мод зүлэг, цэцэг навч тарьж ургуулан үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байлгахад их анхаардаг.

-Автобусны үйлчилгээнд кондукторгүй ганцхан, жолооч явна. Иргэд төлбөрөө картаар юм уу мөнгөөр өөрсдөө хийнэ. Мөнгөө өгөхгүй явах ойлголт байхгүй. Такси маш шуурхай үйлчилнэ. Очих хаягаа л зөв хэлбэл өөрсдөө хотын газрын зургаа харж яваад л дор нь хүргэж өгнө.

Солонгосчуудын бие биенээ эрхэмлэн хүндэлж, эх орныхоо бүтээгдэхүүнийг шүтдэг, уйгагүй хөдөлмөрч, цэвэрч зангаас суралцаж, бусдын гарыг харалгүйгээр сайхан амьдралыг өөрсдөө бүтээн байгуулах нөөц бололцоо бидэнд бий.

Л.Мөнхөө
Эх сурвалж: "Налайхын амьдрал"