sonin.mn
Эрүүл Мэндийн Яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр Монгол Улс дотооддоо коронавирусын халдвар гарсан үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариулах үедээ тус яамны холбогдох албан тушаалтнууд хөл хориог дахин 14 хоногоор сунгах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тодруулбал: 
"Хөл хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг Улсын Онцгой Комисс шийдвэрлэх ёстой. Халдварын нөхцөл байдлын хувьд амаргүй хүнд хэвээр байна. Манайд тархсан халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Голомтоос өвчлөлүүд араас нь гарч бүртгэгдэж, гинжин хэлхээ үргэлжилсээр байна.
 
Ер нь бол одоо дөнгөж 1 үеийн хугацаа л дуусаж байна. Одоо дараагийн хяналтын 14 хоногт аль болох хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байх шаардлагатай. Хариу авч байгаа арга хэмжээнийхээ эрч хүчийг сулруулахгүй байх хэрэгтэй гэдгийг дэлхий нийтийн жишгээс тодорхой харагдаж байна.
 
 
Бид бас мэргэжлийнхээ дагуу судалгаа, тандалтаа үндэслэж өөрсдийн саналаа өгнө, эрсдлийн үнэлгээг дахиж хийнэ. Аймаг, орон нутагт бүртгэгдэж байгаа халдваруудаа онцлоод орон нутгийн байдлаар дахиж үнэлгээ хийнэ. Улс орны хэмжээнд энэ халдварыг нийт иргэдэд халдааж тараахгүй байлгахын төлөө арга хэмжээ авч ажиллаж байгааг ард иргэд та бүхэн анхаарч ойлгоорой." хэмээсэн юм.