sonin.mn

Монголын найруулагч Л.Номингийн “Хүрд” бүтээл баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам “The International Documentary Film Festival”-аас шагнал хүртлээ. Амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэхүү баримтат кино нь фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Дунд хэмжээний баримтат кино”-ны төрөлд нэр дэвшин, тэргүүн шагнал авсан байна. Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо болдог уг фестиваль энэ сарын 18- нд нээлтээ хийж, “Хүрд” киноны дэлхийн нээлт энэ сарын 21-нд болжээ.“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиожээ. Киноны зураглаачаар найруулагч З.Батбилэг ажилласан байна. Тэрбээр киноны талаар хэлэхдээ “Гайхалтай сайхан мэдээтэй өдөр. 

 

 

Олон улсын баримтат кино фестиваль IDFA-д “Хүрд” баримтат киногоороо оролцож, нэр дэвшин шалгарч шагнал авсан киноны продюссер, найруулагч Л.Номин эгчдээ дахин баяр хүргэж байна. Мөн киноны бусад уран бүтээлч та бүгдэд баяр хүргэе. Миний бие тус киноны зураглаачаар Л.Номин тантай хамтран ажилласандаа маш их таатай байна” гэжээ.

 

 

 

Цар тахлын улмаас “The International Documentary Film Festival”-ийг онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ирэх сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах юм. Сонирхуулахад, найруулагч Л.Номин нь ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Ж.Лхагвасүрэнгийн зээ охин ажээ.

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин