sonin.mn

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” вирусийн цар тахлын халдварыг дотоодцоо хэн анх тараасан, хэд нь дамжуулсан тухай эзэн холбогдогчийг эрж хайх нь нэгэнт оройтсон асуудал. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч цаг хугацааны асуудал гэж анхааруулж сэрэмжлүүлж байсныг мартах учиргүй. Нэгэнт хил хязгааргүй “зочилж” байгаа халдвар манай улсад нэвтэрч, одоогийн байдлаар гадаадаас зөөвөрлөгдсөн өвчнийг хараа хяналтдаа барьж, дотоодын халдварын голомтыг хязгаарлахын төлөө ажиллаж нойр, амралтаа хугаслан байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн ажилтнуудаа дэмжин бахархууштай. Олон нийтийн сүлжээгээр зарим хүний илэрхийлж байгаа сэтгэгдэл, бичвэрийг уншваас сэтгэл зовж, нүүр хийх газаргүй болмоор байх юм. Хаа байсан алс баруун хязгаар, төвийн бүсийн аймгуудаас ачиж тээж ирүүлсэн хоолныхоо мах, өвлийн идшийг тоггсон газар, товлосон цагт нь ирээд авахын оронд “таксидах ч мөнгө алга”, “яаж авах вэ” гэхчлэн арга ядсан, арчаагүй мессежийг уншихад “Арай ч дээ” гэх бодол өөрийн эрхгүй төрөх юмаа.

 

 

Цаашилбал, нутаг орноо зорин тэмүүлсэн иргэд нэлээд хэд хоногийн өмнө зарласан коронавирусийн шинжилгээ өгөх кампанит ажилд зөвхөн өчигдөр хамрагдах гэж урт дараалал үүсгэж, олноороо бухимдаж байгааг ер ойлгосонгүй. “72 цагийн өмнө....” гэсэн зарыг ойлгосон бол өмнөх хоёр өдөр юу хийж байсан улс вэ. Ийм ойлгомжгүй байдлыг иргэд өөрсдөө үүсгэж, төр засгийн ажлын зохион байгуулалтгүйг гайхаж, шинжилгээ авч байгаа 20 цэгт урт дараалал бий болгож, албан хаагчдыг элдэвлэж буйг бас л ойлгосонгүй.

 

 

 

Иймэрхүү хүч түрсэн, ухвар мөчид ойлголтоор хол явахгүй ээ, нөхөд минь. Нөгөө талаар, бусдын төлөө зориулах сэтгэл зүрх, итгэл зориг байхгүй бол амин хувь, хар толгой, хагархай амаа сайн анхаарч, амны хаалтаа завсаргүй зүүж, арван хуруу, алга сэлтээ сайтар угааж цэвэрлэчихээд өрх гэртээ, өнөр олуулаа “хориглолт“-ын байдалтай хэдхэн хоночихооч, та минь. Ядуухан эдийн засагтай, “явгарсан” төр, засаг тань түүний албан хаагч, хууль хүчнийхэн чадлаараа л ажиллаж байгаа шүү. Тэднийг доромжилж баалахаасаа өмнө урам зориг өгч, тэр лайв, коммент, шейрээ харамгүй хайрлаарай. Тэд ч хүний л үрс шүү дээ. Өөрсдөө аль болох гэр орондоо байж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь бидний хийж чадах, өөрийгөө болон өрөөл бусдыгаа хамгаалах шалгарсан арга билээ. Хичээцгээе, хүмүүс ээ.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин