sonin.mn

АН-ын "4-11" хэвлэлийн хурал боллоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "Шатахууны хомсдол долоодугаар сараас эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АҮЭБ-ийн Сайд Г.Дамдиннямыг долоодугаар сараас хойш маш тэвчээртэй хүлээсэн. Одоо бол энэ хүлээц байхгүй болсон. Сайд нар өөрсдөө энэ хүйтэнд нэг удаа шатахуун авах гэж гадна хонож үзсэн үү. Хөдөө явж байгаад шатахуунгүй болоод хээр хонож үзсэн үү. 

Г.Дамдинням сайд "Япон улсаас шатахуун нөөцлөх сав барих хөрөнгө оруулалтад гарын үсэг зурлаа, тэд дэмжиж байна, Хятад, Солонгосоос оруулах гэж байна" гэсэн үлгэрээ ярьсаар гурван сар боллоо. 

2025 оны зургаадугаар сард Г.Дамдинням сайд болохдоо бүхнийг чаддаг мэддэг гэсэн амлалтаа УИХ-д өгсөн. 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд түүний илэрхий лоббигоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хуулиар 500 тэрбум төгрөгийг шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих зээл өгсөн.


Монголбанкнаас арилжааны банкнуудаар дамжуулж олгох зээл нь анх 13.5 хувийн хүүтэй байсан. Гэтэл арилжааны банкнууд эрсдэл шимтгэлээ нэмээд 18 хувийн хүүтэй болсон. Энэ 18 хувийн хүү бодит байдал дээр 9 хувь болж хувирсан. Зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс 2026 онд 20 тэрбум төгрөгийг авсан. 


Шунхлай 30 тэрбум төгрөг, НИК 116.4 сая төгрөг, Петро хаан 10 тэрбум төгрөг, Шинэ эрин ойл зургаан тэрбум төгрөг, Монсуль 5.1 тэрбум төгрөг, Синчи ойл 5.1 тэрбум төгрөг, Тэс петролиум таван тэрбум, Сан петролиум таван тэрбум төгрөг, Сод монгол 3.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Сод монгол ХХК нь 2025 оны есдүгээр сард Эрдэнэс Тавантолгойгоос 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт ганцаараа ороод шалгарсан. 

"20 жил бариагүй шатахуун нөөцлөх савыг би барих гэж байна" хэмээн Г.Дамдинням сайд ярьдаг. 45 хоног шатахуун нөөцлөх сав манай улсад байдаг. Харин есөн хувийн хүүтэй 500 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 14 хоногийн шатахуун нөөцлөх сав нэмж барьж байгаа. 


Гаднаас импортоор орж ирдэг нефтийн бүтээгдэхүүн дээр 2.5 тэрбум ам.долларын мөнгө эргэлддэг. Улс төдийгөөс өнөөдрийг хүртэл импортын татварыг тэглэдэг, татварын хөнгөлөлт оруулдаг, үнийн хөөрөгдлөөс сэргийлдэг. Манай улсын нефтийн зах зээл дээр эргэлддэг 9 их наяд төгрөг картелиудаар дамжаад Г.Дамдинням сайдын мэдэлд шилжиж байна. Үүнийг МАН-ын сонгуулийн санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байгаа. 


Би Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 22-нд Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Засгийн газарт долоон зүйлийн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн нэг нь ч хэрэгжээгүй. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлээд дизельтэй, бензинтэй болно гэдэг худлаа. 


Г.Дамдинням сайд шатахууны сав барихаар есөн хувийн хүүтэй 500 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс 20 тэрбум төгрөг өгсөн. Сайд болсноос хойш нефть импортлогчдын 2.5 тэрбум ам.доллар эргэлддэг зах зээл дээр эзэн суусан, үнийг хөөрөгдсөн, картелиудыг давраасан.


Энэ хүн ард түмнээ огт бодсонгүй. Өөрөө нэг удаа бензинд дугаарлаж үзээгүй дээ.

Г.Дамдинням үсрээд сайдаасаа огцорно, өөр алдах юм байхгүй. Зунжин онгоц хөлөглөж нислээ. Н.Учрал хариуцлага тооцлоо гэхэд энэ бүхэн эргээд хэвийн байдалд орохгүй. Тэгэхээр Засгийн газартай хариуцлага тооцох ёстой" гэв.


Х.Цэцэн