sonin.mn

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр: "Бидэнд хаврын чуулганы дараа өргөн барихаар төлөвлөж байсан, Ерөнхий сайдыг огцруулах тухай 40 гарын үсэгтэй бичиг бэлэн байгаа. Үүнийг бид өнгөрсөн есдүгээр сарын 14-ний Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд өргөн барьж болох байсан.


Гэхдээ бид юу гэж бодсон бэ гэхээр, Засгийн газрыг ойр ойрхон огцруулах нь буруу. Харин энэ Засгийн газар олонх болж, тогтвортой ажиллаж чадахгүй байгаа бол олонх гэдгээ Ерөнхий сайд өөрөө баталж, итгэл хүлээлгэх асуудлаа тавиад цааш явъя гэсэн байр суурьтай байсан.


Үүнээс гадна дээрх асуудлаар ерөөсөө яриа хэлэлцүүлэг өрнөхгүй, бидний өмнө нь тавьж байсан сайд нарт хариуцлага тооцох асуудал ч яригдахгүй байгаа. Ийм нөхцөлд улс төрийн зөвлөлөөрөө энэ нөхцөл байдлыг дүгнэж, хэлэлцэх нь зөв гэж үзсэн.


Хэрэв гурав дахь Засгийн газар огцрох юм бол ээлжит бус сонгууль руу хөтөлнө. Тэгвэл Монгол Улсад дөрвөн жилийн хугацаатай парламент бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллаж чаддаггүй гэсэн жишиг тогтож, улмаар Ерөнхийлөгчийн засаглал руу чиглэх эрсдэлтэй.


Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдал сулрах эрсдэл бий. Тиймээс бид маш олон зүйлийг тооцож үзэж байгаа. Тэрнээс болж бүтэхгүй байгаа зүйл олон байгаа нь үнэн. Гэхдээ тэр бүхнийг бид бүтээмж, үйл ажиллагааны үр дүнгээр нь шүүмжилж байгаа болохоос юу ч хамааралгүйгээр огцруулах асуудал тавиад байгаа зүйл биш." гэсэн юм.





Н.Отгончимэг