Энэхүү гэрэл зургийг уншигч та андахгүй мэдэх байх. Цахим ертөнцөд олон хандалт авч, янз бүрийн тайлбартайгаар сайт, нүүр номын хуудсуудад байршсан. Зөвхөн дотооддоо ч бус гаднын улсын сайтуудад ч түгээгдсэн нь цөөнгүй. Харин хэн, хэзээ авсан, ямар үүх түүхтэй болохыг нь тэр бүр мэдэхгүй болов уу. Тэгвэл уг зургийг Монголын цөөхөн эмэгтэй гэрэл зурагчдын нэг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа авчээ. Түүнтэй холбогдож уг бүтээлийнх нь талаар тодруулсан юм.
 
 
Тэрээр “2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайн ойролцоо ажлаар явж байгаад талбай дээр энэ хоёрыг харсан юм. "Найзууд дугуй унаж бага насаа дурсаж байна даа" гэж бодоод энэхүү агшныг дурандаа буулгасан. Тухайн үед би “Өнөөдөр” сонинд гэрэл зургийн албаны дарга, гэрэл зурагчнаар ажиллаж байсан. Зургаа “Аз жаргал” гэж нэрлэн сониндоо нийтэлж, 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн “Ертөнцийн өнгө” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэндээ дэлгэсэн.
 
 
Үзэсгэлэнд гарахаас өмнө цахим ертөнцөөр тарж хэзээний олны танил болсон байсан шүү. Анхандаа найзууд гэж бодсон, хожим нь ах, дүү хоёр болохыг нь мэдсэн” гэж зургийнхаа түүхийг хуваалцсан юм. Тус бүтээл “Аз жаргалын эрэлд” гэрэл зургийн уралдааны шагналтай бөгөөд Япон улсад зохион байгуулагдсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс “Олны таашаал хүртсэн гэрэл зураг”-аар шалгарчээ. Гэрэл зураг дээрх лам нь Гандантэгчинлэн хийдийн "Жүд" дацангийн дорж ловон, аграмба А.Баасанням бөгөөд тухайн үед Энэтхэг улсад сурч байгаад түр ирсэн байжээ. Харин цэргийн алба хаагч нь түүний төрсөн дүү аж. Хэрвээ өөрсдийнхөө зургийг хараад холбогдвол гэрэл зургийг нь угаалгаж бэлэглэнэ гэж зурагчин маань дамжуулсныг уламжилъя.
 
 
Х.ЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин