sonin.mn

“Давс хийгээд усны тухай шүлгүүд” хэмээх “155” нүүр түүврийг тухайлан үзвэл гуниг ганцаардал, хайр, үзэн ядалт, эрх чөлөө, цаг хугацаа, тэр бүү хэл хүний амьдралын жам ёсны шүлгүүд ч зэрэгцэн орших аж. Энэ дундаас “Хайрын тухай” илэрхийлэл нь өөр бусдаасаа арай шинэлэг юм " хэмээн утга зохиол судлаач М.Чинхүсэл шинэхэн ном нь уншигчдын гарт хүрээд удаагүй яруу найрагч Б.Ууганбаярын “Давс хийгээд усны тухай шүлгүүд”-ийн тухай шүүмж бичсэнийг уншив.


-Хувь тавилан гэж байдаг уу? гэж надаас эхнэр минь асуудаг

-Тийм үг байгаа болохоор байж л таараа гэж би хариулдаг

Эхнэр минь миний шүлгэнд дургүй

Би эхнэрийнхээ дуртай шүлгэнд дургүй

Үл ойлголцол ахиад л эндээс эхэлдэг Хайрын тухай би яриагүй шүү... хэмээн бичсэн энгийн атлаа сэтгэлд хүрэхүйц мэдрэмж аж. Ийнхүү “Зууны мэдээ” сонин “Би номныхоо тухай” буланд яруу найрагч Б.Ууганбаярыг урьж, “Давс хийгээд усны тухай шүлгүүд...” номынх нь тухай ярилцлаа.

 

-Удахгүй номынхоо нээлтийг хийхээр бэлтгэж байгаа гэсэн. Хүлээлт дүүрэн байгаа байх?


-“Давс хийгээд усны тухай шүлгүүд” номын нээлт энэ сарын 11-нд “Хөх Нар” Монголын контемпорари галерейд болно. Номын шүлгүүдийг орон зай, дуу хоолой, дүрс хөдөлгөөнөөр мэдрэх орон зайг бүтээж байгаа. “Далай, ус, давс” нэртэй хоёр хүний шүлгэн жүжиг, адиуо визуал инсталяци, дуу, дүрс, хөдөлгөөнийг нэгтгэсэн шүлгийн үзэсгэлэн зэргийг уншигч, үзэгчдэд хүргэнэ.


-Номын нэрний тухай ярилцъя. “Давс хийгээд усны тухай шүлгүүд” гэсэн нэрийг хэрхэн сонгосон бэ?


-“Давс хийгээд усны тухай шүлгүүд” нэрийг нэлээн удаан бодож өгсөн. 2016 онд анхны номоо гаргаад 2018 онд дараагийн номоо гаргахаар зэхэж байсан ч чадаагүй. Тэр үеэс нэрээ бодсон, нэлээд ч солигдсон.


Өнгөрсөн хавар “Давс хийгээд усны тухай шүлгүүд...” гэсэн нэрээ бодож олсон. Яагаад гэвэл, миний шүлгүүд дотор давс шиг гашуун шорвог хийгээд ус шиг цэнгэг шүлгүүд ч бий. Мөн далай тэнгис шиг уужим цэнгэг гэсэн агуулгын хувьд ийн нэрлэсэн. 


10 жилийн хугацаанд бичсэн шүлгүүдээс түүвэрлэж,  “Гэрлийн жилүүд”, “ Чиний нүдээр үлгэр мэт моддыг ширтэхэд”,“Нэргүй үдшүүд” гэсэн гурван бүлэгт хуваасан. “Гэрлийн жилүүд” бүлэгт залуу насны ертөнцийг харах үзэл, мэдэрсэн зүйлсээ шингээсэн. “Чиний нүдээр үлгэр мэт моддыг ширтэхэд” бүлэгт хайрын шүлгүүдээ багцалсан байгаа.


-Ном хэвлэгдсэний дараа “энэ яруу найрагчийн хайрын тухай илэрхийлэмж өөр санагдлаа” гэсэн сэтгэгдлүүд байсан. Та хайрын тухай бичихдээ юуг эрэлхийлдэг вэ?


-Хүмүүс өөрөөр харсан байж магадгүй. Би бол энгийнээр өөрийнхөө мэдэрсэн зүйлээ л буулгасан. Хайртай гэдгийг заавал хайртай гэж хэлэхгүйгээр яаж бичих вэ гэж.Тэр эрэлхийллүүдээс бүтсэн хайрын шүлгүүд байгаа учраас хүмүүс жаахан өөр гэж харсан байж магадгүй юм.


Би хувь уран бүтээлчийн хувьд яруу найрагч гэлтгүй урлаг өөрөө энгийн бөгөөд үнэн байх ёстой гэж боддог. Тэнд ямар нэгэн худлаа зүйл чамирхал хэрэггүй.


Элдэв нэмж хачирласан зүйлгүй, энгийн байгаа байдлыг үнэнээр харуулж байвал хэрвээ урлагт мөн чанар гэж байдаг бол түүнд жаахан ойртож очих байх. Тиймээс энэ номд багтсан шүлгүүд энгийн бөгөөд үнэн байдалд ойртох шүлгүүд юм болов уу. Уншигчид миний шүлгүүдээс өөрт хэрэгтэй мэдрэмжийг авч, бас хань болоосой гэж боддог.


-“Давс хийгээд усны тухай шүлгүүд” түүвэрт “Чиний дэргэдэх зураглалууд” нэртэй кино шүлэг багтжээ. Энэ хэлбэрийг сонгосон нь сонирхол татлаа?


-Би кино жүжгийн зохиолч мэргэжилтэй. Шүлэг бичихэд янз бүрийн хэлбэрийн тоглолтууд хийж болно. Гол амь, гол санаагаа алдахгүйгээр бичлэг, хэлбэр, формат нь ямар ч байж болно. Тиймээс шүлгийг хэлбэрийн хувьд яагаад кино зохиол хэлбэрээр бичиж болохгүй гэж бодсон. Кино шүлэг нь дүрсээр сэтгэж уншина гэсэн үг.


-Намрын улирал таны уран бүтээлийг хэр хөглөдөг вэ. Шинэ номд намрын тухай шүлэг багтсан уу?


-Намрын тухай хэд хэдэн шүлэг бий. Хүн бүр намрын улирлыг өөр өөрийнхөөрөө хардаг. Миний хувьд намар бол эрх чөлөө юм шиг санагддаг. Намарт бүх зүйл байгаа. Харж чадаж байвал бүх өнгө бий. Тэрийг гэвч бид нар харж чадахаа больсон юм шиг. Намар гэлтгүй ер нь бүх зүйлийн өнгийг гоёор нь харж чадахаа больчихсон юм шиг санагддаг. Амьдрал өөрөө намар шиг бүх өнгө дотор нь оршиж байгаа. Тэр энгийн гоо үзэсгэлэнг харж чадаж л байвал энэ бол эрх чөлөө. Намар гэлтгүй бүх зүйл үзэсгэлэнтэй. Тиймээс би намрыг эрх чөлөө гэж хардаг. Ийм өгүүлэмжтэй шүлгүүд бий.

 


П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин