sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, түүхт ойнуудын хүрээнд хамтран ажиллахаар болов. Энэ онд Монгол Улсын анхны 5 яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа юм
Тус уулзалтаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус хамтлагтай хэрхэн хамтран ажиллах тухайд харилцан санал солилцов. Эх орноороо бахархах, ирээдүй болсон хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, эх орны үнэ цэнийг ойлгуулах, ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, Ардын журамт цэргээс өнөө цаг үе хүртлэх Зэвсэгт хүчний түүхийг урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс “Харанга” хамтлагийг онцолсон гэдгээ Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн юм.
 
 
“Харанга” хамтлагийнхан хамтран ажиллах саналыг итгэл дүүрэн хүлээн авч буйгаа илэрхийлээд, сэтгэл зүрхээрээ дэмжихээ хэлсэн. Улс орноо батлан хамгаалах ариун тангарагтай тус салбарын нэгэн зууны түүхэн ойн хүрээнд олон арван ажил, арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаагийн нэг нь Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагийн хамтарсан уран бүтээлүүд байх болно.
Тус хамтлагийн уран бүтээлчид нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эгнээнээс төрсөн, 3 жилийн цэргийн алба хаасан, бэлтгэл цолтой ахлагч нар юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг