sonin.mn

Арьсны эмгэгийн эмч нар хайрст үлдийг (псориаз) хамгийн тааварлагдашгүй өвчин хэмээн нэрлэдэг. Тэрбээр юунаас болж үүсдэг нь мэдэгддэггүй, олон жилийн турш нуугдмал байж болох агаад хэзээ ч гүйцэт эдгэрдэггүй. Энэ өвчнөөс болж шаналдаг дэлхийн алдарт нефтийн хөрөнгөтөн том Рокфеллер хайрст үлдтэй өвчтөнүүдийг эдгээх эм хэрэгсэл зохион бүтээсэн хүнд хэмжээгээрээ Нобелийнхтэй тэнцэх тусгай шагнал олгохоо зарласан билээ.

 

Хэдэн арван жил өнгөрсөн авч харамсалтай нь энэхүү шагналыг хэн ч хүртээгүй л байна. Хэдий тийм ч хайрст үлдтэй амжилттай тэмцэж болно. Үүнийг хэрхэн хийх тухай, ардын эмчилгээний аргуудыг оролцуулан Москва хотын “Столица” эмнэлгийн арьсны эмгэгийн эмч Е.В.Баранова ийнхүү ярьж байна.


Е.Баранова: Олон хүн гудамжинд юмуу наран шарлагын газар хайрст үлдтэй хүнтэй тааралдвал халдвар авчихгүйн тулд аль болох холдохыг хичээдэг. Хайрст үлд бол халдваргүй өвчин, бусдын эрүүл мэндэд хор болохгүй тул тэгэх хэрэггүй. Хүний биеийг толгойноос өсгийг нь хүртэл бүрхэх товхнууд гоо үзэмжийг ихэд гутаадаг болохоор ийм өвчтэй хүн бие махбодиор төдийгүй сэтгэл санаагаар маш их зовж шаналж байдаг.

 

Арьсны энэхүү хүнд эмгэг үүсэх шалтгааны талаар олон таамаглал байдаг. Экологийн хүнд байдал, их стресс, халдварт өвчнөөс болж дархлаа сулрах г.м. Зарим эрдэмтэд генийн онолыг баримталж, арьсны эсийн хуваагдалыг хариуцдаг "генын алдаа" удам дамждаг хэмээн баталдаг. Нөгөө хэсэг нь энэхүү өвчнийг хүний дархлааны тогтолцооны алдаатай ажиллагаанаас үүсдэг гэсэн таамаглалыг баримталдаг.

 

Энэ нь гадны биет биед нэвтэрсний хариуд бие махбодь эсэргүүцэх биетүүдийг ялгаруулж эхлэн, өөрийн арьсны гаднах давхаргад хөнөөлтэйгөөр нөлөөлдөг гэсэн үзэл юм. Миний бодлоор энэ онол үнэнд илүү нийцэх байх. Хэвийн нөхцөлд арьсны гаднах давхаргууд 28-30 хонож байж солигддог. Хайрст үлдтэй бол энэ үйл явц 6-8 дахин түргэн явагддаг.

 

Нэг эсүүд гуужиж амжаагүй байхад шинэ нь гараад ирнэ. Тэгээд тэд давхарлаж, наалдана. Арьсан дээр мөнгөлөг цагаан хайрс бүхий малгай хэлбэртэй ягаан улаан тууралтууд үүсч, загатнадаг. Тууралт хамаг биеэр, ялангуяа өвдөг, тохойны үенүүд, алга, хумс, өгзөг, хөлийн ул, гуя, үсний хуйх зэрэг арьс хамгийн их үрэгддэг газруудад гарна.



Сурв.: Загатнаж, арьс хогжруутан гуужиж, муухай харагдахаас гадна хайрст үлд өөр ямар аюултай вэ?

Е.Б.: Энэ өвчин олон хэлбэртэй. Зарим нь нилээн зовиуртай. Жишээ нь, товхот болон дусал хэлбэрт хайрст үлд нь биеийн гэхээсээ илүү сэтгэл санааны зовиур шаналал их учруулдаг. Харин гарын алга, хөлийн улан дээр гардаг идээт хэлбэртэй хайрст үлдтэй хүн халуурна. Арьсны өвчтэй хэсэг шатаж байгаа мэт халуу оргидог. Энэ нь тунгалаг бус шингэнээр дүүрсэн жижиг дэврүүнүүд нийлж, томорсноос болж биеийн ерөнхий байдал мууддагтай холбоотой.

 

Арьсны гадаргын хамт жижиг үенүүд үрэвсэх (артропатический псориаз), арьс их хэмжээгээр улайж үрэвсэн, гуужиж, хавагнан, шүүс ялгарах зэрэг (псориатрическая эритродермия) олон ноцтой шинж бүхий хайрст үлд нь мөн хүнд хэлбэрт орно.Ийм ноцтой байдалд хүргэхгүйн тулд ямар ч хэлбэрийн хайрст үлдийг цаг тухайд нь эмчилж эхлэх хэрэгтэй.



Сурв.: Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Е.Б.: Эмчилгээг өвчний явцаас хамааран хийдэг. Хөнгөн хэлбэрт хялбараас хүндрүү шилжих арга хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, эхлээд тос, түрхлэг, гель, үрэвслийн болон харшлын эсрэг үйлчилгээ бүхий хэрэгслүүд, мөн В-гийн төрлийн аминдэмүүд, D аминдэм бичиж өгдөг. Хэсэг газар түрхэж хэрэглэдэг асар олон эмийн хэрэгслүүдээс би дайвонекс, дайвобет хэрэглэ хэмээн зөвлөмөөр байна.

 

Эдгээр эм харьцангүй ойрмогхон бий болсон авч сайн гэдгээ харуулж амжсан. Дайвонекс нь даавар агуулдаггүй эм агаад, тос, түрхлэг, гель хэлбэрээр үйлдвэрлэдэг болохоор үсний хуйх ч эмчлэхэд тохиромжтой. Тэрбээр арьсны эвэрлэг давхаргын эсийн өсөлтийг удаашруулан, өвчний шинэ голомт үүсэхээс сэргийлдэг. Арьсан дээр өдөрт 2 удаа нимгэн түрхэнэ.

 

7-14 хоногийн дарагаас нааштай үр дүн нь мэдрэгдэх авч, илүү удаан, 1.5-2 сарын турш эмчилгээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Хайрст үлд ихээр загатнаж, товхнууд хөөж булцайн, биен дээр нэмж гараад байх юм бол дайвобет түрхлэг илүү тохиромжтой. Дайвонексийг бодвол даавар агуулдаг болохоор үрэвсэл, харшлыг илүү амжилттай намжаана. Арьсныхаа өвчтэй хэсэг дээр түрхлэгээс өдөрт нэг удаа нимгэн түрхэнэ.

 

Эмчилгээ хийх хугацаа 28 хоног хүртэл. Эдгээр бүтээгдэхүүнийг дангаар хэрэглэхээс гадна зөв дараалуулж чадвал бас үр дүнтэй. Хослуулж хэрэглэх эмчилгээний дараахи бүдүүвчийг санал болгоё. Даваа гарагаас эхлэн хоногт нэг удаа 14 хоногийн туршид өвчилсөн арьсан дээрээ дайвобет түрхэнэ. Дараа нь 14 өдөр хоногт 2 удаа дайвонекс (Нямаас бусад өдөр, Нямд хоногт 1 удаа арьсан дээрээ дайвобет түрхэнэ), тэгээд үлдсэн 14-28 хоногт дайвонекс тус бүр 2 удаа түрхдэг.

 

Өвчтэй газрууддаа эмчилгээ хийхийн хамт өвчин хүндэрч байгаа үе шатанд нь үрэвслийн болон харшлын эсрэг эмчилгээ хийдэг. Кальцийн глюконат, натрийн тиосульфат зэрэг эм нь хаван буулгаж, загатнахыг болиулдаг. Тэдэн дээр харшлын эсрэг үйлчилгээтэй зиртек, эриус, кларитин нэмж болно. Тэдгээрээс өдөрт 1 удаа 1 ширхэгээр 7-14 өдөр ууна.

 

Хайрст үлдийн товхнуудад лазерын эмчилгээ сайн нөлөө үзүүлдэг. Хайрст үлдийн эмчилгээнд антибиотик голчлон хэрэглэдэггүй. Гэвч хэрэв анх ангин ч юмуу, ямар нэг стрептококкийн халдвараас болж хайрст үлд үүссэн бол эмч бактерийн эсрэг үйлчилгээ бүхий эм бичиж өгөх нь зүйтэй, тэр нь дархлаа бэхжүүлэх нөлөөтэй бол сайн.

 

Жишээ нь, эритромицин юмуу кларитромицин. Өвчний хамгийн хүнд тохиолдолд системт эмчилгээ гэгчийг хийдэг. Жишээ нь, хайрст үлдний үе мөчний үрэвсэлд (псориатический артрит) өвчтөнд метотрескат мэт дааврын болон эсийн үйлчилгээ (цитостатик) бүхий эмүүд бичиж өгдөг. Эдгээр нь үрэвсэл намдааж, эсийн хуваагдалыг удаашруулдаг.



Сурв.: Ардын эмнэлгийн жоруудаас юу санал болгохсон бол?

Е.Б.: Ийм жор олон бий, гэхдээ тэдгээрийг өвчний хурц биш, тогтуун үед хэрэглэсэн нь дээр. Гадуур хэрэглэхэд хусны давирхайтай (дёготь) түрхлэг тус болно. Түүнийг хийхэд хялбар.Эмийн сангаас хусны давирхай, салицилын спирт, чацарганы тос худалдан авдаг. Тус бүрээс адил хэмжээтэйгээр авч холин, товхнууд дээрээ түрхээд, дээрээс нь гялгар уутаар бүтээнэ.

 

2 цаг байлгаж, дараа нь арьсан дээрээсээ урсгал бүлээн усаар савандаж угаагаад, чийгшүүлэгч тос түрхдэг. Хайрст үлд гарсан арьсанд зөгийн жилийтэй (прополис) тос сайнаар нөлөөлнө. Түүнийг бэлдэхийн тулд 500 гр цөцгийн тос, 50 гр зөгийн жилий хэрэг болдог. Тосыг паалантай түмпэнд хийж, буцалтал усан банн дээр халаана. Гал дээрээс авч, дээрээс нь нарийн үрүүлээр үрсэн зөгийн жилий нэмж сайн хутгадаг.

 

Энэ түрхлэгээсээ самбай боолт дээр түрхэж байгаад товхнууд дээрээ 2-3 цаг тавьдаг. Үүний хажуугаар лошгоны (репешок) ханд ууж болно. 1 хоолны халбага хатаасан ургамал дээр стакан буцалсан халуун ус хийж, нэг цаг идээшүүлэгтүн. Шүүж, шахаж аваад, буцалсан усаар шингэлэн анхны хэмжээнд хүргэн 1/4 стаканаар өдөрт 3-4 удаа уудаг. Курс эмчилгээ нь 1 cap.

 

Арай хэцүү жор байна. Адил хэмжээгээр ажиг өвс (череда), шүүдэргэнэ (чистотел), хээрийн шивэл (полевой хвощ), зоосон цэцгийн (девясил) үндэс, хар гадингарын (чёрная бузина) цэцэг, алирсны (брусника) навч ордог. Бүлээнээр нь тал стаканаар өдөрт 2-3 удаа юм идэхийнхээ өмнө cap ууна. Үснийхээ хуйханд хусны нахианы ханд түрхэх сайн. 100 гр нахиан дээр 1 л буцалсан халуун ус хийж, зөөлөн гал дээр 30 минут байлгана. 1 цаг идээшүүлдэг. Үсээ угаах бүрдээ түүгээр толгойгоо зайлж байгтун.



Сурв.: Хайрст үлдтэй хүний амьдрал дан хязгаарлалтаас бүрддэг гэж үнэн үү? Тийм бол юу юу хориотой вэ?

Е.Б.: Хязгаарлалт байлгүй яахав, гэхдээ би тэдгээрийг жигтэйхэн их гэж хэлэхгүй. Хайрст үлдтэй хүн хуурай, нимгэрсэн арьстай байдаг болохоор тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Арьсаа гэмтээж, бие барьсан хувцас өмсөн, бүсээ чангалж, усанд орохдоо биеэ ширүүн үрж угааж болохгүй. Эс тэгвээс хайрст үлд арьсан дээр дахин дахин гараад байдаг. Ахуйн химийн хэрэгслүүд, архи тамхинаас болж туралт нэмэгдэнэ.

 

Ялангуяа өвөл биш, зун хайрст үлд нэмж гарах гээд байдаг хүмүүс наранд биеэ шарах хэрэггүй. Хооллолтын хувьд гэвэл өвчнийг хүндрүүлэхгүйн тулд олон эмч үйлчлүүлэгчиддээ чихэрлэг, шорвог, утсан зүйл идэхийг хориглодог. Энэ асуудлаар би нэг зүйл тодотгож, харшил өгч болох зүйлд л илүү анхаарлаа хандуулж байх хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна.

 

Хэн нэгний хувьд энэ нь үнээний сүү, хэн нэгэнд тахианы өндөг юмуу загас байж болно. Харин ногоон навчит нарийн ногоо, хүнсний ногоо, жимснээс ахиу идэж байх хэрэгтэй. Энэ нь бие махбодийг аминдэмээр тэтгэж, өвчинд эсэргүүцэл үзүүлэхэдтус болно.


Эх сурвалж: “Ангаах арга билиг”