sonin.mn

 

Энэ хүнийг Н.Энх-Амгалан гэдэг. 1978 онд төрсөн, 70 хувийн групп авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ийнхүү төрөөс халамж хүртдэг энэ залуу Эрүүл мэндийн байгууллага дотор мөн амьдардаг эрх дархтай нэгэн аж.
 
 
Тэрбээр ээж, гурван дүүтэй гэх боловч гэртээ тэдэнтэйгээ амьдардаггүй. Учир нь таарч тохирдоггүйн улмаас тэр гэх. Нэгдсэн эмнэлэгт анх гурван жилийн өмнө хөлдсөн байдалтайгаар хүргэгдэж ирээд хэвтэж эмчлүүлснээсээ хойш эргэж хариагүй гэнэ.
 
 
Нэгдсэн эмнэлгийн үүдэнд нэлээд хэдэн жилийн өвлийг өнтэй даван өвөлжиж байгаа түүнийг тус байгууллагынхан эхэндээ өрөвдөж, эмч нар нь гутал хувцсаа хүртэл өгч, ээлжийн үйлчлэгч нар нь хоол унд залгуулж хүний ёсоор хандсаар байгаад дасгаж, даврааж орхижээ.
 
 
Шөнийн ээлжийнхнийг шатан доогуур орж айлгах, хаалга үүд онголзуулбал харааж зүхэх юу ч биш энүүхэнд. Одоо хичнээн хөөгөөд, холбогдох газруудад нь мэдэгдээд ч Энх-Амгаланг тоож авч хэлэлцэх хүн ховор гэнэ.
 
 
Хамгийн харамсалтай нь тэрбээр хир даг болсон хувцастай, хэр баргийн хүн тэсэмгүй эвгүй үнэртэй, хүзүү, толгойгоор нь хэд л бол хэдэн ширхэг бөөс уралдаж гүйгээд, хичнээн cap жил ч усанд ороогүй юм бүү мэд.
 
 
Ямартаа ч нэгдсэн эмнэлгийн үүдэнд өглөөдөө цайгаа ууж, өдөртөө гадуур явж ирээд, шөнөдөө үстэй дээлний тасархай паарны хажуудах шалан дээр хаяад нойрсдог ийм хүн манай аймагт амьдардаг юм байна. Хорин нэгдүгээр зууны энэ соёлт нийгэмд ийм хүн бас байна аа гэж уншигч та бүхэн гайхаж магадгүй.
 
 
Үнэхээр байна. Гэхдээ хүний амьдрал гэдэг таашгүй олон салаа замтай шүү дээ. Тэрний хамгийн ээдрээ төвөгтэй замаар нь Энх-Амгалан мөлхөж яваа бололтой. Уул нь аймгийн Халамжийн хэлтэст хандаж, халамжийн байранд түүнийг аваачсан ч тэнд тогтдоггүй гэнэ.
 
 
Хэзээний л Нэгдсэн эмнэлгийн үүдэнд байрлаж, тэдний нэргүй сахиулын үүргийг гүйцэтгэсээр өдөр хоногийг өнгөрөөсөөр...Хааяа хэд хоног алга болохоор нь хэдэн асрагч сувилагч нар Энх-Амгалан маань яагаа бол, эхнэртэй болсон юм болов уу, энд тэнд унаж тусаагүй байгаа даа гээд л санагалздаг гэсэн.
 
 
Гэвч өглөө бүр ажилдаа ирэхэд нь огиудас хутгам үнэр ханхлуулсан, өмдөн дотроо гараа шургуулан шард хийтэл маажсан хүн үүдэнд нь тосон зогсох нь тэдэнд ямар л сайхан байхав. Ийм л нэгэн залуу эрүүл мэндийн байгууллага дотор аж төрөн амьдарсаар байна. Түүнийг одоо яах вэ та минь ээ.
 
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ”