sonin.mn

"Туулын хурдны зам" төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай ч шалгагдаж, улмаар гэм буруутай байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул яллагдагчаар татагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар яагаад Хятадын компанид яаравчлан 500 тэрбумыг шилжүүлэх болов? гэдэг асуулт ихээхэн анхаарал татаж буй юм. Тэгвэл нэгэн хачирхалтай баримт өчигдөр ил болов.


Туулын хурдны зам төслийн урьдчилгаанд ямар ч барьцаагүйгээр, хуурамч бичиг баримтад үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар УИХ-ын зарим гишүүд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-д албан бичиг явуулсны дагуу дээрх газрууд хариу ирүүлжээ.


Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: "Санхүүгийн Зохицуулах Хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрхзүйн чадамжтай эсэх талаар явуулсан асуулгын маань хариу ирлээ. Уг хариу албан бичигт дурдсанаар тус даатгалын баталгаа гаргагч Мөнх Даатгал ХХК нь 500 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа гаргах боломжгүй, захиалагч талаас уг баталгааны төлбөрийн чадамжтай эсэх талаар СЗХ-оос лавлагаа авч байгаагүй талаар дурджээ." гэв.