sonin.mn

Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр сэтгүүлчид баримт, ёс зүй, олон нийтийн мэдэх эрх, эрх мэдлийг хянах эрхэм үүргээ ярих ёстой байх. Харин би өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний нэрийн дор нуугдаж, нийгмийг хордуулж, хүний нэр төрийг барьцаалдаг нэг аюултай үзэгдлийн тухай олон нийтэд сэрэмжлүүлэг өгмөөр байна.

Тэр бол гүтгэлэг. Жирийн худал мэдээллийг баримтаар няцааж болдог. Харин гүжир гүтгэлэг бол зөвхөн худал мэдээлэл биш, учир шалтгаан, нотолгоо, хүн чанар, ичих нүүр, хариуцлага, маргааны бүх дүрмийг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, гүтгэгч хүн үнэнийг хайдаггүй. Тэр хүний зорилго бол үнэнийг тогтоох биш, харин эргэлзээ төрүүлэх, нэр төрийг бохирдуулах, олон нийтийн уур хилэнг бадраах, дараа нь “би яллаа” гэж зарлах явдал байдаг.


Жирийн эрүүл хүн маргаанд орохдоо “баримт гаргая, логикоор ярья, буруу бол засъя” гэж боддог.


Харин хүн чанаргүй гүжир гүтгэгч тийм талбай дээр тоглодоггүй. Тэр баримтад захирагдахгүй. Логикт баригдахгүй. Няцаалт сонсохгүй. Нэг худлыг няцаахаар дараагийн худлыг шиднэ. Нэг баримт тавихаар өөр сэдэв рүү үсэрнэ. Ийм хүнтэй маргах нь үнэнийг тогтоох үйл явц биш, харин өөрийн нэр төрийг түүний зуурсан шаварт улам гүнзгий оруулах эрсдэлтэй ажил болдог.

Үүнийг нөгөө “тагтаатай шатар тоглох” гэдэг зүйрлэлтэй адилтгаж болно. Тагтаатай шатар тоглож болохгүй. Учир нь тагтаа шатрын дүрэм мэдэхгүй. Тэр шатрын хөлөг дээр сангасдаж шатрын дүрсүүдийг хөмөрч хаячхаад, далавчаа дэвэн хөөрөн нисэхдээ өөрийгөө агуу ялалт байгууллаа гэж бодно. Түүнд нүүдэл, логик, дүрэм, ялагдал, ялалт ямар ч хамаагүй. Түүний хувьд хөлөг бохирдсон л бол өөрөө ялсан болж байгаа хэрэг. Гүжир гүтгэгчтэй маргах яг үүнтэй адил. Чи шатрын дүрмээр тоглож байна гэж бодно. Харин тэр хөлөг эвдэх гэж ирсэн байдаг.


Тиймээс ийм хүмүүст юм тайлбарлаж, учирлаж, нотолж суух нь утгагүй. Учир нь тэд ойлгохгүйдээ биш, ойлгохыг хүсэхгүйдээ байгаадаа юм.


Баримт тэдний толгойд суулгасан радикал өгүүлэмжийг ганхуулах аюултай учраас тэд баримтаас зугтдаг. Үнэн тэдний бүтээсэн дүрийг нураах учраас тэд үнэнийг үзэн яддаг. Логик тэднийг хариуцлага руу аваачих учраас тэд логикийг эмх замбараагүй болгодог.

Иймд хамгийн зөв хариулт бол тэдэнтэй тэдний талбай дээр маргах биш. Харин олон нийтэд тэдний аргыг илчлэх явдал. Тиймээс гүтгэгчтэй шатар тоглох хэрэггүй. Харин хөлгийг хэн бохирдуулж байгааг, шатрыг хэн хөмөрч хаясныг, дараа нь өөрийгөө ялсан гэж хэн зарлаад байгааг олон нийтэд тайван, тодорхой, баримттай харуулах хэрэгтэй.

Монголын сэтгүүлзүйг битгий хорло. Монголын нийгмийг битгий хордуул. Сэтгүүлзүйн эрх чөлөөг шантаажны халхавч болгохоо боль. Учир нь баримтгүй дуулиан урт настай байдаггүй. Харин хийсэн үйлдлийн хариуцлага заавал ирдэг.


Б.Батцэцэг