Уран шаглаа, угалз хээ бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчхээд авч явах нь Монгол эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл гангараа нь ч болдог байсан. Эртнээс уламжлалт эл соёл өнөө цагт сэргэж хүмүүс бие биедээ бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан сав мөнгөн аяга бэлэглэх болжээ.
 
 
Монголчууд хоол унд идэж, уудаг аягаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Тиймээс аягатай холбоотой үг хэллэг, хэлц Монгол хэлэнд олон байдаг. "Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ" "Аяганы алгаас агтны алаг дээр" гэх юм уу "Аягатай нь уудаг, адуутай нь туудаг" хэмээн аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг нэн олон.
 
 
Дээхэн үеийн Монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байлаа. Манай өвөг дээдэс мөнгөн аяга, зэс гуулин савыг хэрэглэдэг байсан. Эдгээр металл нь хүний биенд тустай болох нь хэдийн нотлогдсон.
 
 
Харин хүний ходоодны үйл ажиллагаанд хамгийн сайнаар нөлөөлдөг нь мөнгөн сав суулга, аяга аж. Мөнгөн аяганд хоол цай идэж уухад буйлыг бэхжүүлж, ходоод гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодийг устгах чадалтай.
 
 
Мөнгөн аяга, халбага, сав суулганд хийсэн шингэн зүйлд мөнгөний ионууд уусаж хүний бие махбодид дамжин орно. Зөгийн бал, чанамал жимс сүү, тараг шингэн ундааг хэрэглэхдээ мөнгөн халбагыг амандаа удаан хийж, мөнгөний йоныг биедээ шингээж авна.
 
 
Орос хүмүүс аяганыхаа ёроолд мөнгөн зоос хийж цай уудаг бол Монголчууд харин мөнгөн аяга хэрэглэдэг. Говийнхон усны гангийхаа ёроолд хэсэг мөнгө хийснээр зуны халуунд ус нь байнга йонждогоос өмхийрч мууддаггүй ажээ.
 
 
Эх сурвалж: “Амьдрах ухаан” сонин