sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг Хунан мужийн уулархаг нутагт илрүүлсэн тухай Байгалийн баялгийн нөөцийн газар мэдээлжээ. Тус мужийн Линьү гацааны нутагт орших Зизяошань ууланд явуулсан геологи хайгуулын ажлын явцад 490 сая тонн литийн хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Орд дахь литийн давхар ислийн агууламж нь 1,31 сая тонн юм. Мөн уг орд нь стратегийн чухал түүхий эдүүд болох рубиди, вольфрам, цагаан тугалгаар баялаг бөгөөд урьд нь ашигт малтмалын улсын нөөцөд бүртгэгдээгүй байв.  


Төслийн удирдагч Чэн Жизян-ы ярьснаар, хүрч очиход хүндрэлтэй уулархаг нутагт өрөмдлөгийн төхөөрөмжүүдийг хүргэхийн тулд хүнд ачаа тээвэрлэгч дронуудыг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгджээ. Хунан мужийн эрдсийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн профессор Сюй Имин ярихдаа, литийн ордыг нээснээр тус мужийн Чэнжөү тойрогт эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломжтой гэлээ.


Лити бол цахилгаан автомашин, ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэрэгт хэрэглэгддэг лити-ионы батарейг үйлдвэрлэхэд хамгийн чухал металлуудын нэг юм. Сүүлийн үеийн статистик мэдээллээр, Хятад улсад дэлхийн литийн нөөцийн 16,5 хувь нь байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр тус улс хоёрдугаарт бичигддэг байна.


Хоёр жилийн турш унаж буй литийн үнэ удахгүй тогтворжино хэмээн шинжээчид, трейдерүүд таамаглаж байгаа юм. 



Б.Адъяахүү