
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа.
Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд суртлаас ангид, чадахуйн зарчимд суурилсан, ард түмэндээ үйлчилдэг цомхон, чадварлаг нийтийн албыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байгаа юм. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах болно гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийллээ.
Иргэдээ сонсож, зовлон, жаргалыг нь ойлгон, төрийн үйлчилгээг хуулийн дагуу шуурхай, алагчилгүй үзүүлдэг зарчим, журам төрийн албанд тогтож, хэвших учиртай. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад, ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулна гэлээ.
Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх төрийн албаны шинэтгэлийг эхлүүлж, нийт төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилал зохион байгуулна. Чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээн байгуулж, ажлын чанар, үр нөлөөг ч нэмэгдүүлнэ.
Төрийн чиг үүргийг оновчтой тогтоох, давхардал, хийдлийг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэсний үр дүнд 69.9 тэрбум, нийт төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хоёр их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэх бодитой шийдвэр гарган ажиллаж байна. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар “сөрөг”, “дүгнэлт гаргахаас татгалзсан”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллана.
Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглаж, инновац, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлого хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллана.
Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, тайлан мэдээ хүлээн авах, төлбөр хураамж төвлөрүүлэх, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах, төрөөс зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгдөг, уг хугацаа өнгөрвөлзөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ.
Хяналт шалгалтын давхардлыг арилгах, салбарын хяналт шалгалтын системийг ашиглалтад оруулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлыг 100 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд албан даалгавартаа тусгажээ.
Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа
Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, зохион байгуулалтыг сайжруулах, зорилгоор зарим Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа. Татан буулгасан Үндэсний хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзлээ.
Мөн төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд хүчин
төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад заасан хороо, зөвлөлийн талаарх
зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
1. Үндэсний баялагийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
4. 20 минутын хот Үндэсний хороо
5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
7. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
12. Дэлхийн өвийн үндэсний хороо
13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
14. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
15. Үндэсний тээврийн хороо
16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл
21. Хэмжил зүйн зөвлөл
22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл
24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
25. Усны үндэсний зөвлөл
26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо
"Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд саналаа танилцууллаа.
"Тавантолгой нүүрс ачих логистикийн төв"-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулна.
ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд хөтөлбөр, арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон, эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.
Засгийн газрын хуралдаанаар П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа.
Сэтгэгдэл2
Ontagoi deglem nereer idej uuh nuhee malraj baigaa bhgui yu muu lalruu
Юуун олон Хороо, зөвлөл вэ, мөнгөө багтааж ядсан ямар сонин юм вэ