sonin.mn


Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харж өөлөн муулах муухай. Хүн муу хэлэхийн төлөө төрчихсөн мэт амаа билүүдэн, ам нээвэл бусдыг муулах донтой болчихсон хүнд хэн ч дуртай биш, түүнээс зай барин дөлнө. Бусдыг муулах дон шүглэсэн хүмүүсийн нүд нь гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харахаасаа урьд өөлөх муулах юу байгааг эрж хайн эргэлдэж, өө согогтой бүгдийг чихээ сортойлгон сонсож, өлгөж аван, ам уралдан муулахыг сонсоход өмнөөс нь нүүр улайж, хөлс чийхран, санаа зовмоор.

Бусдыг муу хэлэх муухай зуршилтай болчихсон хүмүүс юу ярьж байгаагаа ялгаж салгах ухаангүй болж, бохир муухайгаар дүүрсэн үг хэллэг нь хэвийн энгийн зүйл мэт хэвшсэн байдаг нь жигшмээр. Хэлний гэм толгойд гэж манай ухаант дээдэс сургасан нь учиртай. Бусдыг муулагчдын хэлэнд гэм суусан байдаг.

Өнгөтэй өөдтэйг магтан дээдэлсэн үгс ой ухаанд нь санагдахгүйгээр мартагдаж, муу муухайг онилж чиглэн, онож хэлэх үгс амных нь уншлага болж, ам хэлэнд нь гэм суун гэмтэнэ. Хэвийн хүмүүсийн төдийлөн хэрэглэдэггүй бэлчээрийн хэдхэн муухай үгнээс хэтрэхгүйгээр хэл хэллэг нь мохож, тэр хэмжээгээр сэтгэлгээ нь ядуурч, ухаан муудна.

Сайн зүйлийг санаж бодон ярих ухааны нүх сүвийг муу үгсийн бохир буртаг бөглөн таглах болохоор ухаанд нь ухна ишиг үхэж, санаанд нь сарлаг үхэр хэвтэв гэдэг шиг юм болно. Муу үг модон улаатай. Хоолойгоор урсах бохир ус мэт бузар буртаг шингэсэн үгсийг ам хэлээрээ урсгаад байх аваас бие сэтгэл чинь бүхэлдээ доройтно. Бусдыг зүйл бүрээр муулан, бах таваа хангаж байгаа буруу бодолтны бусармаг яриаг битгий сонс.

Өнөөдөр чамд бусдыг ам хуурайгүй муулагч этгээд маргааш чамайг бусдад ам хамхилгүй муулна гэдэгт эргэлзэх явдалгүй. Өөрөө зохион ярих муу үгсийн цуглуулгаа өөр хэн нэгнээс сонссон мэтээр цуурч, хүний нэрээр хүүдэгнэх нь бүр ч хорлонтой. Үг муутын үйлс хазайна. Бусдыг муулдаг хүн өөрөө өөдгүй байдаг. Хэрүүл цухалдаа багтаж ядсан хүний амнаас сэтгэлд дотно сайхан үгс гарахыг хүлээх нь тахианы өндөгнөөс яс хайхтай адил. Хэрэлдэж байгаа хүмүүс муу муухай үгсийн цуг ауулгаар бие биенээ бөмбөгдөнө.

Хэрүүлтэй орчны агаар нь хүртэл бохирдсон байна. Муу эрчим хүч шингэсэн тийм агаараар амьсгалсан хүний толгой эргэж, дотор бачуурах нь энүүхэнд. Хэрүүл тэмцэл ихэдвэл хишиг буян доройтох, хомхой шунал ихэдвэл хогшил хөрөнгөө барах тул хэрүүл тэмцлээс хол, хомхой шуналыг хазаарлаж явахаа мэд. Үг сөрж хэрэлдсэнээр уур хүрч, уушиг сагсайн, бодол сэтгэлээ хямраан түйвээхээс өөр юу наалдаж үлдэх вэ? Ноход мэт хэрэлдэж, хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ хайр найргүй дайрах нь ухаантай, соёлтой хүмүүсийн харьцах харьцаа, үйлдэх үйлдэл биш.

Хэрүүл өдөөх хэдэр ярдаг үг аман дээр гарч ирлээ ч хэлээ хазан хэлэхгүй тэвчин өнгөрөөж сур. Өөрөө хэрүүл өдөхгүй, бусдын хэрүүлд оролцохгүй явбал хэрүүлийн бузраас хол, санаа амар, сэтгэл тайван байна. Хэрүүл хараалын ой гутам муухай үгсийг сонсоод тэвчин суухад амар биш, мэдээж. Гэхдээ тэсвэр тэвчээр гашуун ч үр дүн нь амттай. Тийм болохоор царван мэт гашуун хэрүүлийн үгийг хариулж сөргөлгүй тэсээд тэвчээд өнгөрөөчих юм бол үр дүнгийн чихэр мэт сайхан амтыг амтлана гэдгийг санан бодон тэвчээрэй.

Атаа хорсол нь савандаа багтаж ядан цухалдсан хүний сайныг оноож харах нүд нь аниастай, сайхныг олж сонсох чих нь бөглөөстэй, сайн сайхныг ярих ам нь үдээстэй. Хүнийг газар доогуур ортол муу хэлэх хорт явуулгын эзэд нь атаачид юм. Бусдыг муу хэлж, муухайгаар дуудах тухай өдрийн бодол, шөнийн зүүд болтлоо санааширна гэдэг нь аймшигт хорлол, айварлах гутамшиг. Ухаан мөхөс, чадвар хомс, ухамсар дорой хүмүүсийг атаархал сүүдэр мэт дагалдана.

Атаачид    өөрөөсөө илүү гарсан хүмүүст үнэн дургүй, тэднийг өстөн мэт үзэж, үт хэлээр ил далд дайрч доромжлон, өөдгүй бүдүүлэг зангаараа далайлгана. Атаачид мандан цэцэгпэж яваа хүмүүсийн амжилт ололт, нэр төр, ариун үйлс рүү атаа жөтөө шингэсэн бохир угаадас цацаж, өчүүхэн бодлынхоо хорслыг тайлж ядан суудаг гаж үйлдэлтэй. Атаархагч баяр цэнгэл, сэтгэлийн таашаал, урам зоригийн амтыг мэдэрдэггүй, сэтгэл нь мөнхөд дундуур, хар дарсан зүүд шиг байнгын дарамтанд зовно.

Бусдын аз жаргалд баярлах, ялалт амжилтаар нь гайхуулах зэрэг хүн чанарын ойлголтууд тэдний ухаан бодлоос холдон хөндийрсөн байна. Атаархал бол архи, тамхины нэгэн адил эзнээ хорлогч атаатан юм. Атаа жөтөө нь эв найртай явсан хүмүүсийг хагалан холдуулах хэрүүлийн үрийг цацаж, муу хэлж муухайгаар дуудалцах эхлэлийг тавьдаг муу санааны хорлол мөн.

Бусдад    битүүхэн атаархах өөдгүй зан гарган, ам хэлээ билүүдэж сууснаас атаархлын өөрт халтай сөрөг хар хүчийг өөрт хэрэгтэй эерэг гэгээлэг хүч болгох боломжийг ашигла. Хэрэв өөрөөс чинь илүү гарсан хэн нэгэнд атаархах сэтгэл төрж байгаа бол түүний хүрсэн амжилтанд хүрч, улмаар давж илүү гарах зорилгод өөрийнхөө бүх боломжийг дайчлан ашиглаж чадвал цагаахан атаархал чамд тус боллоо гэсэн үг.

Хов жив хөөцөлдөх нь өөдгүй муу зан. Хов ярих, ховд дурлан сонсох аль аль нь олигтой зуршил биш. Хов ярих нь далд байсан хорон муу чанараа ил гарган түмэнд тунхаглаж байгаа мунхаг хэрэг. Хорвоогийн өнгийг ялгаж салгаж мэддэг болсон хүмүүс хов живд хутгалдан нэр төрөө гутаахаас аль болох зайлсхийнэ. Хов жив голцуу хүмүүсийн муу талыг хөндөж, давс хужраар ахиухан амтлан хүч оруулж, ам дамжин яригддаг тул ариун бус.

Олон ам дамжих тусам хов ярианы өөдтэй хэсэг нь хаягдаж, өөдгүй нь баяжигдан тархана. Хов жив хүний сониуч занг гижигдэн, чихийг сортойлгоно. Сониуч зан нь хүн болгонд заяасан төрөлхийн эерэг мэдрэмж. Сониуч хүн л шинийг сэдэгч, шилдгийг бүтээгч байх нь элбэг. Сониуч хүмүүс голцуу эхэлж сонсоно, түрүүлж харна, илүү мэдрэнэ. Сайныг сонирхож, сайхныг сониучлах нь зөв үйлийн эхлэл. Харин муу муухайг сонирхоод, чих тавин сортолзоод эхлэхээрээ л сониуч зан бохирдож, буруу зам руу хөтөлж эхэлнэ.

Сонсож дуулсан сайн муу бүхнээ бусдад заавал дамжуулж байх үүргийг чи хэнээс ч хүлээгээгүй. Иймд дуулж мэдсэн зүйлсээ шүүн тунгааж, хэрэгтэй хэсгийг нь өөртөө үлдээж, хог новшийг нь эргэн бодохгүй буюу мартаж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл амьдралд тохиож болох олон алдаа эндэгдлээс өөрийгөө
хамгаалах чадвар чинь чамбайрна.

Хов жив замын дунд саатан зогсохгүй, салхиар тархах мэт хурдтай түгнэ. Хэн нэгнийг муулсан хов жив амнаас унангуут хэл ам нь загатнасан хүмүүс элээ мэт шүүрэн авч тэр дор нь тараан цацна. Явган хов жив яахав дээ, хүмүүсийн ам хэлний зугаа гаргах төдий л юм. Харин бусдыг хорлохоор зориуд бодож төлөвлөн, хорт сумаар харвасан хов жив аюултай. Үнэн худлын дэнсэн дээр тавигдан ялгаа зааг нь тогтоогдтол цаг хугацаа хэрэгтэй.

Эх сурвалж нь бохир буюу хор шингээсэн хов живнээс холхон явахыг бод. Хорон хэл ам халуун хүйтэн зэвсэг мэт хөнөөлтэй. Хов живэнд дурлагсад үнэ хүндээ алдаж, нэр нүүрээ барна. Хэчнээн үнэнийг ярьж байлаа ч итгэх хүн ховордоно.

Хорт санаа өвөрлөгсдөд дотно нөхөр цөөхөн, ховдог сэтгэл өвөрлөгсдөд унах ашиг цөөхөн, хов жив яригчид итгэх хүн цөөхөн гэж элэнц хуланцын үеэс хэлж анхааруулж ирсэн байна. Цуу яриаг чих тавин сонсохыг шимтэхгүй, чихний хажуугаар өнгөрөөж сурвал өөрт чинь тун хэрэгтэй. Цуу ярианд үнэн худал, сайхан муухай аль аль нь бий. Өөдгүй хүмүүсийн бусдыг муулах зорилгоор зориуд тараасан цуу яриа худал хорлол хоёрыг хамтад нь агуулсан байдаг тул хор холбогдол нь үлэмж. Үнэн худал нь үл мэдэгдэх цуу ярианд юу юуны туханд хүрэлгүй итгэж баясан хөөрөх ч, гутран цухалдах ч хэрэггүй.

Цаг хугацаа хэмээх бүхний дээд шалгуур цаг нь ирэхээр үнэн худлыг ялгаж салгаад өгнө. Хараалын үзүүр цус, ерөөлийн үзүүр тос гэх хууч үг бий. Хараал зүхэл өөдгүй хүмүүсийн амны уншлага, амьдралынх нь хэв маяг мэт болсон байдаг. Бусдыг хараан зүхэх нь бохирдсон сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байгаа хамгийн бүдүүлэг ёс суртахууны доголдол, ёс зүйн гажиг юм. Хүмүүсийг муу муухайгаар дуудан хараан зүхсэнээр тэдэнд уур хорслоо гаргаж, гутаан доромжилж байгаа мэт боловч өөртөө маш том нүгэл хурааж байгаа нүгэлт үйлдэл. Хараал зүхэл, ширүүн үгс урсгаж байгаа хүн бусдыг муулах гэхээсээ илүү өөрийнхөө далд байсан өчүүхэн дорой төрхийг ил гарган илчилж, доош хийн доромжилж байна гэдгээ ухаарч мэдэх хэрэгтэй. Хараал хариутай, ерөөл ембүүтэй гэдэг. Хараал зүхлийн хариуд түүнээс долоон дор хараалын бузар ирнэ. Тиймээс хараал урсгахаа, бусдыг хараан зүхэж, муулж муучлахаа больчих. Энэ хэнээс ч хамааралтай бус цэвэр чиний мэдлийн асуудал.

Бусдаас өө эрж өөчлөх хэрэг байхгүй, ингэх нь чамд ямар ач тустай юм бэ? Мөрөөрөө яваа хүмүүсийг муу муухайгаар нь дуудан муучлах бүр утгагүй. Хүнийг муу хэлэх нь сайн хүний шинж биш гэдгийг мэдээрэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Эх сурвалж: "Налайхын амьдрал"