Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр-Мартын наймнаар Сэврэй сумын соёлын төв, номын сан хамтарч “Ээждээ өргөх сэтгэлийн цацал” захидлын  уралдаан зарлан дүгнэхэд насанд хүрэгчдээс Сайншанд багийн малчин Н.Адилбиш түрүүлж, мөн багийн иргэн С.Буджаргал, Бүйлсэн багийн И.Сумьяа нар, ЕБС-ийн бага ангийн сурагчдаас 4а ангийн сурагч Б.Анударь тэргүүлж, 3а ангийн сурагч Х.Ундраа, 2а ангийн сурагч Б.Хишигбаяр, ахлах ангийн сурагчдаас 8б ангнийн сурагч М.Гантөмөр, тэргүүлж, 7б ангийн сурагч Б.Пүрэвбаатар, 6а ангийн сурагч М.Ариунаа нар удааалж, өргөмжлөл үнэ бүхий зүйлийн эзэн болов.

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс аравтуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохиоход эмэгтэйчүүдийн холбооны “Цоглог тамирчид” баг түрүүлж, ЕБС-ийн багш Ө.Цэндсүрэн ахлагчтай баг, төрийн банкны захирал А.Пүрэв ахлагчтай багууд удаалж, шилдэг довтлогчоор Ө.Сарангарав шалгарч цом, алт мөнгө хүрэл медалийн эздээр тодров.

Сумын “Эрчүүдийн” холбооноос эмэгтэйчүүдийн дунд зургаан төрлөөр “Буухиа” тэмцээн явуулахад тэргүүн байранд ЕБС-ийн Х.Солонго ахлагчтай баг шалгарч, Ө.Цэндсүрэн, Х.Түмэндэлгэр ахлагчтай багууд хоёр, гуравдугаар байранд оржээ. Мөн “кароаке” дууны тэмцээнд музейн эрхлэгч А.Тунгалагзаяа , номын санч А.Тэрбиш, ахлагчтай багууд тэргүүллээ. Дээрхи уралдаан тэмцээнүүдийг ХААН банкны салбар ивээн тэтгэсэнд оролцогчид талархалаа дэвшүүлж байна.

Дөрөө мултлахуйд

Сэврэй сумын Хоолт багийн нутаг Баянбор нуруунд өнгөрсөн өвөл бага зэргийн цастай өнтэй сайхан өвөл болж, хүн малын зоо тэнэгэр, сэтгэл тэнүүн хаврыг угтлаа.Тус багийнхан оны эхний малаа 99,9 хувиар онд оруулж, бод богийн нийт 2000 төл хүлээн авч бүрэн бойжуулж байна.

Энэ багт мянгат малчин найм байдаг бөгөөд нэг өрхөд дунджаар 360 толгой мал ногддог. Тус багийн шинэ мянгат малчин, сумын ИХ-ын төлөөлөгч С.Хуягбаатар, багийн нийгмийн ажилтан С.Батдэлгэр, малчин Д.Лхасүрэн нарынд дөрөө мултлахад малчдын сэтгэл тэнэгэр, мал сүрэг нь хуртай тарган, төлийн дуу цангинаж, тавтай сайхан хаваржиж  байна.

Мянгат малчин С.Хуягбаатарынх эхнэр, хөдөлмөрийн насны хоёр хүү,  туслах малчныхаа хамт ажил, амьдрал нь өөдрөг цэгцтэй байгаа нь илхэн байв. С.Хуягбаатар баг, бригадад аж ахуйн няраваас эхлээд багийн дарга хүртэл алба хашиж яваад хувийн мал аж ахуй эрхлэн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр мянгат малчин болж, цагаан сарын шинийн гуравны билэгт сайн өдөр “мянгатын” мялаалгаа хийж тэмээний уралдаан зохиожээ.

Найз нөхөдтэйгээ хамтран саравчтай тохилог хашаа саравч барьж, тарган тавтай өвөлжөөд, төл хүлээн авах бэлтгэлээ бүрэн базааж, төлөө бүрэн бойжуулж, сайхан хаваржиж байна.

Худаг тохижуулав

Сэврэй сумын төвд хүн мал ундаалах гүн өрмийн болон энгийн уурхайн арваад худаг байгаагийн дөрвийг нь ундны усны зориулалтаар ашиглаж байгаа юм. Саяхан Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Тот ком Сервис” ХХК –ийн мэргэжилтнүүд ирж нэг худагт засвар шинэчлэлт хийж, ус зөөлрүүлэх төхөөрөмж суурлиуллаа. Энэ ХХК 21 аймгийн 66 худагт засвар хийж, төхөөрөмж суурлиулах захиалга аваад ажиллаж байгаа гэнэ.

Урин хаврын аялгуу

Улаанбаатар хотын шилдэг залуу уран бүтээлч МУСТА Б.Мөнгөнчимэг, залуу дуучин А.Баасандорж, “Шигтгээ” хамтлагийн дуучин Г.Үүрийнтуяа, С.Амарзаяа нар Сэврэй сумын төвд ирж “Урин хаврын аялгуу” уран бүтээлийн тоглолтоо сонирхуулсанд тус сумын хөдөлмөрчид халуун алга ташилтаар баяр талархалаа илэрхийлэн угтаж авлаа.

Энэ уран бүтээлч залуучууд Баянхонгор аймгийн 20 сумаар аялан тоглолтоо хийгээд буцаж яваа бөгөөд Гурвантэс сумаас Хатан Сэврэй нутгийг  зорин иржээ.

Манай идэвхтэн МСЭ-ийн “Ган үзэгтэн” И.Сумьяа

Эх сурвалж: "Монгол говь" сонин